Зургаан сайдыг огцруулахыг дэмжлээ
2015.08.06

Зургаан сайдыг огцруулахыг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тогтоолын төслөө танилцуулав.

Үдээс өмнө МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлаар байнгын хороод хуралдаж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм.Чуулганы үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

 УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “МАН-ын нөхдийн хүссэнээр сценар явагдаж байна. Энэ зургаан хүний хувийн асуудал талаас нь асуудалд хандмааргүй байна. МАН-ын дотоод зөрчил УИХ дээр ийм нөхцөл байдал үүсгэлээ. Хамтарч байгаа юм бол Засгаа бүх асуудалд дэмжих ёстой байсан. Монгол гэр бүл гэдэг ариун нандин зүйл. Үүнийг улстөрийн бохир зүйлтэй зүйрлэж болохгүй. Сөрөг хүчний орон зай өдий хүртэл хоосон байгаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь” Монгол улсын төсвийн орлого, хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэгдүүлж чадсангүй. АН-ын Гүйцэтгэх зөвлөл намынхаа улс төрийн эрх ашгийг, Монгол улсын эрх ашиг, ард түмний эрх ашгаас дээгүүр тавьмааргүй байна. Цаашдаа богино хугацаанд дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийж тогтолцооныхоо зарим гажгийг засч залруулахгүй бол бид энэ байдлаас огт салахгүй “

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар” Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг биелсэн, биелээгүй нэг тал дүгнэсэн гэдэг асуудал гарч ирж байна. Энэ гэрээний хэрэгжилтийг хоёр нам дүгнэсэн. Яагаад АН дангаараа дүгнэсэн мэтээр ярьж байна вэ.

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Эдийн засгийн хүндрэлтэй үед хамтраад олон зүйлийг засч залруулъя гэсэн. Хамтарч явсны үр дүнд “Сахил хүртсэн биш шал дордов” гэдэг  л боллоо. МАН-ын нөхдүүд сонгуульд хэтэрхий эрт ялчихаад байна.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа” Дээд шатанд яригдаж байсан асуудлууд хамтарсан биш бүүр дордоод дунд, доод шатанд орсон. Ажил явахаа больж, төрийн албаны тасралтгүй явагдах нөхцөл бололцоо алдагдсан. Зургаан сайдыгаа ажил хийх боломжийг МАН олгоогүй.

Гишүүд үгээ хэлж дууссаны дараа МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлаар санал хурааж олонхийг саналаар Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг,  Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.