Малжуулах төсөл Төв аймагт амжилттай хэрэгжлээ.
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 6 дугаар сарын 1-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллалаа. Тэрээр “Малжуулах төсөл”-д хамрагдаж байгаа Сэргэлэн сумын айл өрхөд мал хүлээлгэн өгч, хүүхэд, багачуудад нь гарын бэлгээ гардууллаа.
Шадар сайд анх удаа гэрт нь зочилсонд бэлэгшээсэн Сэргэлэн сумын 4-р багийн иргэн Б.Доржсүрэн саяхан мэндэлсэн ууган хүүдээ нэр хайрлахыг хүссэн байна. Шадар сайд М.Энхболд Б.Доржсүрэнгийн хүүд түвшин сайхан амьдрахыг хүсэн ерөөж Д.Түвшин гэсэн нэр өгчээ. 2009-2010 оны өвөл манай улсын нийт нутгийг хамарсан зудын гамшгийн улмаас олон арван айл өрх амьжиргааны эх үүсвэр болсон эрдэнэт мал сүргээсээ салж, хэдэн мянган айл огт малгүй болсон билээ.
Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос зудад нэрвэгдсэн малчдыг ажлын байраар хангах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, банкны зээлийн хүүгээс чөлөөлөх, мэргэжил олгох сургалт, дамжаа явуулах зэрэг арга хэмжээг шат дараатай авсаар байна.
Шадар сайд М.Энхболд Төв аймгийн малгүй болсон айл өрхүүдийг малжуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Түүний санаачилгаар байгуулагдаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллага зудад хамгийн их нэрвэгдсэн Төв аймгийн Архуст, Баян, Баянцагаан, Баянжаргалан, Сэргэлэн, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Эрдэнэ зэрэг 8 сумын 80 гаруй айл өрхөд энэ хавар төсөл хэрэгжүүлсэн юм.