Олон улсын хоршооллын жилийг тэмдэглэнэ
Олон улсын хоршооллын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороог Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулан байгуулж, жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав “Хоршоолсон үйлдвэрлэлээр төгөлдөр дэлхийг бүтээхүй” сэдэвт олон улсын бага хурлыг энэ оны 5 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах боллоо.
“Хоршооллын олон улсын жил”-ийг угтаж хоршоодын үйл ажиллагааг дэмжсэн бодитой, бүтээлч арга хэмжээ авч хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусгахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.
Манай улсын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулганаар хэлэлцэн улмаар 2012 оныг “Хоршооллын олон улсын жил” болгон зарлажээ. Энэ нь хоршооллыг дэмжихийн ач холбогдлыг улс орон бүр хүлээн зөвшөөрч, хоршооллын хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох, хоршооны давуу талыг нийтэд сурталчлан таниулах, дэлгэрүүлэх шаардлагатай байгааг нотолсон хэрэг юм.
Хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл зонхилсон манай орны хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, орон нутгийн хөгжлийг хангах гол хэлбэр нь хоршоо. Иймээс Засгийн газар 2009 онд “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-ийг баталсан байна.
“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг түшиглэн хэрэгжүүлж байгаа. Улсын хэмжээнд 170 гаруй мянган малчин өрх байгаа бөгөөд тэдгээр нь хөдөө аж ахуйн чиглэлийн хоршооллын үндсэн суурь, бааз нь болно. Малчдын хөдөлмөрийг хорших, хамтрах, үйл ажиллагааг идэвхжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.