Д.Ганхуяг: Бидэнд ноолуурын нэмүү өртөг хэрэггүй гэж үү
2011.04.05

Д.Ганхуяг: Бидэнд ноолуурын нэмүү өртөг хэрэггүй гэж үү

УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Та "Түүхий ноолуурт экспортын татвар тогтоох тухай" хуулийн төсөл санаачилж байгаа гэсэн. Уг хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засгийн үр нөлөө нь ямар байх вэ?

-Монгол Улс жилд үйлдвэрлэж байгаа ноолуурын хэмжээгээрээ “big country буюу "Том Орон" гэсэн ангилалд орно. Өөрөөр хэлбэл, энэ нь манай улс ноолуур хэмээх баялгаар дэлхийн зах зээлд нөлөөлөх, өрсөлдөх бүрэн боломжтойг илэрхийлж байна. Ноолуур яагаад үнэтэй байна вэ гэхээр ноолууртай адилхан түүхий эдийг үйлдвэрлэлийн аргаар хийгээгүй байгаатай холбоотой. Түүнчлэн ноолуур улмаар мал. аж ахуйн гаралтай түүхий эд жил бүр нөхөн үйлдвэрлэгддэг дуусашгүй баялаг гэдгээрээ давуу талтай. Энэ салбарыг дэмжсэнээр бидний эдийн засгийн олон тулгуурт бүтэц болон өсөлтийг дэмжих зорилт хэрэгжиж эхэлнэ. Ноолуурын бохир, угаасан, самнасан ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрлэлээс ээрмэл, сүлжмэл, нэхмэл зэрэг бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжих нөхцөл бүрдэж, энэ зорилт хэрэгжсэнээр манай эдийн засагт жил бүр 300-аас доошгүй сая ам.долларын нэмүү өртөг бий болж, боловсруулах үйлдвэрийн салбарт 45 мянгаас доошгүй ажлын байр шинээр бий болно. Бохир буюу угаасан ноолуурын дотоодын зах зээл дээрх төгс өрсөлдөөн анхан шатны угаах үйлдвэрийн түвшнээс дээшилж самнасан болон бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түвшинд бүрдэн, дотоодын зах зээл дээрх ноолууран түүхий эдийн үнийн гадны үйлдвэрлэгчдийн хараат байдал багасаж, улмаар түүхий эдийн үнийн хэлбэлзэл багасаж малчдын орлого улам тогтвортой болно. Бохир, угаасан ноолуурыг экспортын татвартай болгосноор бүх төрлийн татвараар улсын төсөвт жилд 50 гаруй тэрбум төгрөгийн орлого орох тооцоо гарч байна. Энэ орлогоос "Малчдыг дэмжих сан" байгуулж малыг эрүүлжүүлэх, үйлдвэр угсаа болон түүхий эдийн чанарыг сайжруулах боломжтой.

-Экспортын татварыг сэргээвэл боловсруулаагүй ноолуурын үнэ уначих юм биш үү?

-Түүхий ноолуурын үнэ унахгүй. Энд хэд хэдэн учир шалтгаан бий. Үүнд, боловсруулаагүй ноолуурын дотоодын зах зээл дээр төгс өрсөлдөөн бий болсон. Тухайлбал, үйлдвэрлэгдэж байгаа түүхий ноолуурын хэмжээнээс угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал 3.5 дахин их болсон байна. Үүнээс манайд өмнөд хөршийн 51-100 хөрөнгө оруулалттай угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал 11900 тонн буюу манай түүхий эдийн хэмжээнээс 1.8 дахин их бол-сон байна. Ингэхдээ 2009 оны хямралын жил, дэлхийн зах зээл дээр тансаг хэрэглээний барааны борлуулалт буурснаас ,түүхий ноолуурын үнэ өмнөх жилүүдэд байгаагүйгээр 20 мянган төг болтлоо унасан. Тэгээд боловсруулаагүй ноолуурын үнийг өсгөх зорилгоор экспортын татварын дөрвөн мянган төгрөгийг тэглэсэн. Тэглээ гээд тэр жилдээ түүхий ноолуурын үнэ өсөөгүй. Харин ч өмнөд хөрш рүү импортоор гаргасан угаасан, самнасан ноолуурын хэмжээ өмнөх жилээсээ 2.1 дахин нэмэгдэж, бохироороо манай түүхий эдийн 80 хувь буюу 5600 тонн болсон. Энэ нь аль болох хямд үнээр их хэмжээгээр аваад өөрийн хөрөнгө оруулалттай үйлдвэртээ угааж, самнаад аваад явсныг баталж байгаа юм. Дараагийн нэг зүйл бол өнгөрсөн оны зуднаар ямааны тоо толгой эрс багассан. Тиймээс түүхий ноолуурын жилд бэлтгэх тоо хэмжээ 20 орчим хувиар буурсан. Мөн 2005 онд Хятад, Монгол хоёр орны хооронд хорио цээрийн хэлэлцээр байгуулагдсан. Энэ хэлэлцээрт аль нэг аймагт халдварт өвчин гарсан тохиолдолд мал аж ахуйн гаралтай боловсруулаагүй түүхий эдийн экспортыг зогсоох заалт орсон. Энэ хэлэлцээрийг өмнөд хөршийн худалдаачид мөрдөхөөс аргагүй учир, манай жилийн түүхий эдийн хэмжээнээс 1.8 дахин давсан хүчин чадал бүхий угаах, самнах үйлдвэрийг манайд байгуулсан байна.

-Энэ хавар түүхий ноолуурын үнэ огцом өслөө. Үүний шалтгаан юу вэ?

-Энэ нь дэлхийн зах зээл дээр нэг килограмм самнасан ноолуурын үнэ 2009 оноос 30 орчим ам.доллараар өсөж 90 ам.долларт хүрсэнтэй холбоотой. Энэ хавар нэг килограмм бохир ноолуурын дотоодын зах зээлийн үнэ 60 орчим мянган төгрөгөөс эхлэх хандлагатай байна. Манай улсад ноолуурын угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал жилд үйлдвэрлэдэг түүхий эдийн хэмжээнээс дунджаар гурав дахин их болсон нь дотоодын зах зээл дээр төгс өрсөлдөөнийг бүрдүүлсэн. Энэ төгс өрсөлдөөний үр дүнд олон улсын зах зээл дээрх ноолуурын хагас боловсруулсан бүтээгдэхүүний үнийн өсөлт түүхий эдийн үнийн өсөлтөд шууд нөлөөлөх боломжийг бүрдүүлэх болсныг харуулж байна.

-Тэгвэл түүхий ноолуураа бүгдийг нь дотооддоо боловсруулдаг болбол яасан юм бэ?

-Татвар тавьснаар дотоодын зах зээл дээрх бохир, угаасан, самнасан ноолуурын үйлдвэрлэл дээрх өрсөлдөөнийг нэг шат дээшлүүлж утас, сүлжмэл цамц, нэхмэл даавуу зэрэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өрсөлдөөн бий болгох чиглэл рүү шилжих юм. Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрүүд нэгдэж "Монгол ноолуур нэгдэл"-ийг байгууллаа. Энэ нэгдэл 2016 он гэхэд түүхий ноолуурынхаа 50 хувийг самнасан, үлдсэнийг нь сүлжмэл нэхмэл болгож боловсруулан дотоод, гадаадын зах зээл дээр борлуулах зорилтыг тавьсан.

-Хятадууд түүхий ноолуурыг хамчихлаа. Монголын үйлдвэрүүд түүхий эдээ өрсөлдөж авч чадахгүй байна гэ-дэг. Үүний шалтгаан юу вэ?

-Манай ноолуур боловсруулах үйлдвэрүүд жилийн 20-30 хувийн хүүтэй богино хугацааны зээл ашигладаг учраас хүчин чадлаа бүрэн ашиглаж үйлдвэрлэл явуулах түүхий эд бэлтгэж чадахгүй байсаар байна. Нөгөө талаас хаана ч байхгүй зээлийн хүүгийн өндөр дарамтаас болж ашгийн хуримтлал бүрддэггүй учир өөрийн санхүүгийн үүсвэрээс хөрөнгө оруулалт хийж гүн боловсруулалт хийх боломж хомс байна. Иймд төрөөс энэ салбарыг хөнгөлөлттэй зээлээр дэмжих шаардлагатай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.