Д. Ганхуяг: Боловсруулааагүй ноолуурыг экспортын татвартай болгох хэрэгтэй
2011.04.05

Д. Ганхуяг: Боловсруулааагүй ноолуурыг экспортын татвартай болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбоо (МННХ)-ны тэргүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Түүхий ноолуурын экспортын татварыг сэргээх талаар ихэд яригдах боллоо. Боловсруулаагүй ноолуурын үнэ уначих юм биш үү?

-Энэхуулийн төслийн үзэл баримтлалыг ХХАХҮЯ, МННХ  судалгаанд үндэслэн хамтарч боловсруулсан. Боловсруулаагүй ноолуурыг экспортын татвартай болгох нь зүйтэй. Ингэснээр түүхий ноолуурын үнэ унахгүй. Энд хэд хэдэн шалтгаан бий. Нэгд, боловсруулаагүй ноолуур дотоодын зах зээл дээр төгс өрсөлдөөн бий болгосон. Энэ бол зах зээлийн хууль. Тухайлбал, үйлдвэрлэгдэж байгаа түүхий ноолуурын хэмжээнээс угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал 3.5 дахин их. Үүнээс Хятадын 51-100 хувийн хөрөнгө оруулалттай угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал 11.900 тонн буюу манай түүхий эдийн хэмжээнээс 1.8 дахин их болсон. Тодруулбал, 2009 оны хямралын жил, дэлхийн зах зээл дээр тансаг хэрэглээний барааны борлуулалт буурснаас түүхий ноолуурын үнэ өмнөх 10 жилд байгаагүйгээр 20-22 мянган төгрөг болтлоо буурсан. Тэгээд боловсруулаагүй ноолуурын үнийг өсгөх зорилгоор экспортын татварын 4000 төгрөгийг тэглэсэн юм. Тэглээ гээд тэр жилдээ түүхий ноолуурын үнэ өсөөгүй. Харин урд хөрш рүү импортоор гарсан угаасан, самнасан ноолуурын хэмжээ өмнөх жилээсээ 2.1 дахин нэмэгдэж, бохироороо манай түүхий эд 80 хувь буюу 5600 тонн болж өссөн. Энэ нь аль болох хямд үнээр их хэмжээгээр аваад өөрийн хөрөнгө оруулалттай үйлдвэртээ угааж, самнасныг баталж байгаа юм. Хоёрт, 2010 оны зуднаар ямааны тоо толгой эрс багассан.Түүхий ноолуурын жилд бэлтгэх тоо хэмжээ 20 орчим хувиар буурлаа. Энэ нь түүхий ноолуур дээрх өрсөлдөөнийг улам ширүүсгэх үндэслэл болсон. Сайн хэрэг л дээ. Гуравт, 2005 онд Хятад, Монгол хоёр орны хооронд хорио цээрийн хэлэлцээр байгуулагдсан. Хэлэлцээрт аль нэг аймагт халдварт өвчин гарсан тохиолдолд мал аж ахуйн гаралтай боловсруулаагүй түүхий эдийн экспортыг зогсоох заалт орсон байгаа. Энэ хэлэлцээрийг өмнөд хөршийн худалдаачид мөрдөхөөс аргагүй юм. Иймээс манай түүхий эдийн хэмжээнээс 1.8 дахин давсан хүчин чадал бүхий угаах, самнах үйлдвэрийг байгуулсан.

-Экспортын татвартай болгосноор боловсруулаагүй ноолуурын үнэ унахгүй гэдгийг та бараг нотолж байна. Гэхдээ 2009 онд 20-22 мянган төгрөг болтлоо унах болсон шалтгаан нь ганц хямралаас үүдэлтэй гэж үү?

-Хямралын үед тансаг хэрэглээний барааны борлуулалт их хэмжээгээр буурсан. Үүнтэй холбоотой. Мөн энэ үед ам.доллар, юаньтай харьцах төгрөгийн ханш 20 орчим хувиар уналтад орсон. Түүнчлэн 2009 оны зургаадугаар сард Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулан, бохир ноолуурын экспортын татварын 4000 төгрөгийг тэглэсэн. Ингэснээр   урд. хөршийн худалдаачдад дотоодын зах зээлд түүхий эдийг хямдхан үнээр их хэмжээгээр авах боломжийг нэмэгдүүлсэн юм. 2009 онд боловсруулаагүй ноолуурын экспортын хэмжээ өмнөх оноос 2.1 дахин их буюу угааснаар 3600 орчим тонн, самнаснаар 580 тонн, эдгээрийг бохироор тооцвол 5600 орчим тонн ноолуур Хятад руу татваргүйгээр гарсан гэсэн үг. Энэ нь манай жилд үйлдвэрлэдэг ноолуурын 80 орчим хувьтай тэнцэнэ. Хятад угаасан болон самнасан ноолуурын импортын татвараа 25-30 юаниар нэмэгдүүлсэн нь ч бий.

-2010, 2011 онд түүхий ноолуурын үнэ огцом өслөө. Үүний шалтгаан юу вэ?

-Дэлхийн зах зээлд нэг кг самнасан ноолуурын үнэ 2009 оноос 30 орчим ам.доллараар өсөж 90 ам.долларт хүрсэнтэй холбоотой. Энэ онд нэг кг бохир ноолуурын дотоодын зах зээлийн үнэ 60 орчим мянган төгрөгөөс  эхлэх хандлагатай байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр нэг кг самнасан ноолуурын үнэ 2010 оноос 10 орчим ам.доллараар өсөж 100 гаруй  ам.доллар байгаатай холбоотой. Мөн манай улсад ноолуурын угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал жилд үйлдвэрлэгддэг түүхий эдийн хэмжээнээс дунджаар гурав дахин их болсон нь дотоодын зах зээл дээр төгс өрсөлдөөнийг бүрдүүлсэн. Үр дүнд нь олон улсын зах зээлд ноолуурын хагас боловсруулсан бүтээгдэхүүний үнийн өсөлт түүхий эдийн үнийн өсөлтөд шууд нөлөөлөх боломжийг бүрдүүлэх боллоо. Энэ нь нийлүүлэлтээсээ эрэлт хэрэгцээ нь давахаар үнэ өсдөг зах зээлийн зарчим үйлчилж байгааг нотолж буй юм. Түүнчлэн 2010 оны зуднаар ямаа ихээр хорогдож 2011 оны тухайд манай улсын жилд үйлдвэрлэдэг түүхий эдийн хэмжээ 1.5-2 тонноор буурахаар байгаа нь түүхий эдийн өрсөлдөөнийг улам ширүүсгэж байна.

-Та зах зээл дээр түүхий болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний үнэ их хэлбэлздэг бол бэлэн бүтээгдэхүүний хувьд энэ үнийн хэлбэлзэл бага байдаг гэлээ. Тэгвэл түүхий ноолуураа 100 хувьдотооддооболовсруулдаг болбол яасан юм бэ?

-Маш зөв. Одоо тэгвэл энэ татварыг тавьснаар дотоодын зах зээл дэх бохир, угаасан, самнасан ноолуурын үйлдвэрлэл дээрх өрсөлдөөнийг нэг шат дээшлүүлж бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өрсөлдөөн бий болгох чиглэл рүү анхаарах юм. Нэмүү өртөг, олон ажлын байрыг Монголдоо бий болгох, боловсруулалтын   үйлдвэрийг ашиглалтад оруулах зорилт руу шилжинэ. Улмаар боловсруулах үндэсний үйлдвэрүүд нэгдэж "Монгол ноолуур нэгдэл"-ийг байгууллаа. Энэ нэгдэл 2016 он гэхэд түүхий ноолуурынхаа 50 хувийг самнасан, 50 хувийг сүлжмэл нэхмэл болгож боловсруулан дотоод, гадаадын зах зээл дээр борлуулах зорилтыг тавьсан. Ингэснээр Монголын эдийн засагт жилд 300-аас доошгүй сая     ам.долларын нэмүү өртөг бий болж,энэ салбарын борлуулалт 500 Сая ам.доллараас давах бүрэн боломжтой.Үүнийг нэмүү өртгийн шинжилгээ хийж гаргасан. Нэмүү өртгийн шинжилгээнд   ноолууран нэхмэл бүтээгдэхүүн тухайлбал зах зээл дээр 2000  ам.доллараас доошгүй    үнээр    борлогддог ноолуур орсон  костюмны нэмүү ашгийг оруулж тооцоогүй юм. Эндээс нэг тонн ноолуур 71.400 ам.долларын үнэ цэнэтэй  болж, энэ нь нэг тонн зэсээс 10 дахин, мөн хэмжээний  коксжих угаасан нүүрснээс 285 орчим дахин илүү үнэтэй. Түүнчлэн жил бүр Монголын иргэн бүрт 110 орчим ам.доллар оногдох нэмүү өртөг бий болох давуу талтай. Дээрх  зорилт хэрэгжсэнээр энэ боловсруулах үйлдвэрүүдэд ажлын байр 30.000-аас доошгүйгээр, оёдол, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг оруулбал 45-50 мянгаар нэмэгдэх боломжтой. Энэ салбарын ажлын байрны онцлог нь нас, хүйсийн ангилал хамаардаггүй сайн талтай.

-Хятадууд түүхий ноолуурыг хамчихлаа. Гэтэл Монголын үйлдвэрүүд түүхий эдээ өрсөлдөж авч чадахгүй байна гээд байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бол?

-Манай ноолуур боловсруулах үйлдвэрүүд жилийн 20-30 хувийн хүүтэй богино хугацааны зээл ашигладаг учраас хүчин чадлаа бүрэн ашиглаж үйлдвэрлэл явуулах түүхий эд бэлтгэж чаддаггүй. Нөгөө талаас хаана ч байхгүй зээлийн хүүгийн өндөр дарамтаас болж ашгийн  өөрийн санхүүгийн үүсвэрээс хөрөнгө оруулалт хийж гүн боловсруулах боломжоор хомс байдаг. Иймд төрөөс энэ салбарыг хөнгөлөлттэй зээлээр дэмжих шаардлагатай. Хятадын төрөөс ноолуурын салбараа хөнгөлөлттэй зээл, экспортын урамшууллын бодлогоор дэмжиж ирсэн. Өмнөд хөршийн ийм бодлогын үр дүнд бусад оронд экспортлож байгаа нэг кг самнасан ноолуур манайхаас дунджаар 10-15 ам доллараар илүү борлогддог жишиг үнэ тогтсон байх жишээтэй . Энэ нь тэд манай түүхий эдийн чанар муутай хэсгийг тусад нь ялгаж боловсруулан Монголын самнасан ноолуур гэдэг нэрээр хямд үнэ тогтоож ирсэнтэй  холбоотой. Өмнөд хөршийн худалдаачдын өрсөлдөөнд ялах  энэ үнийн бодлогын хэрэгжилтийн үр дүнд манай зах зээл дээрээс түүхий ноолуурыг илт давуу үнээр үнэ цохиж авах боломж бүрдээд удаж байна. Хятад нэг кг ч ноолуурыг бохироор болон угаасан байдлаар экспортолдоггүй.

-Энэ хууль батлагдсанаар нийгэм эдийн засгийн үр нөлөө ямар байх вэ?

-Манай улс жилд дэлхийн хэмжээнд үйлдвэрлэгдэж буй ноолуурын 3540 орчим хувийг бэлтгэж, үзүүлэлтээрээ дэлхийд Хятадын дараа ордог. Энэ нь манай улс ноолуур хэмээх баялгаар дэлхийн зах зээлд нөлөөлөх, өрсөлдөх бүрэн боломжтойг илэрхийлж байна. Ноолуур мал, аж ахуйн гаралтай түүхий эд жил бүр нөхөн үйлдвэрлэгддэг дуусашгүй баялаг гэдгээрээ давуу талтай. Энэ салбарыг дэмжсэнээр бидний эдийн засгийн олон тулгуурт бүтэц болон өсөлтийг дэмжих зорилт хэрэгжиж эхэлнэ. Бохир ноолуурын дотоодын зах зээл дээрх төгс өрсөлдөөн анхан шатны угаах үйлдвэрийн түвшнээс дээшилж самнасан болон бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түвшинд бүрдэн, дотоодын зах зээл дээрх ноолууран түүхий эдийн үнийн гадны үйлдвэрлэгчдийн хараат байдал багасна. Мөн түүхий эдийн үнийн хэлбэлзэл багасаж малчдын орлого улам тогтвортой болно. Бохир, угаасан ноолуурыг экспортын татвартай болгосноор бүх төрлийн татвараар улсын төсөвт жилд 50 гаруй тэрбум төгрөгийн орлого орох тооцоо гарсан. Энэ орлогоос "Малчдыг дэмжих сан" байгуулж малыг эрүүлжүүлэх, үйлдвэр угсаа болон түүхий эдийн чанарыг сайжруулах боломжтой.

-Хуулийн төсөл дэмжигдэх болов уу. Дэмжигдэж үйлдвэрлэгчдэд хөнгөлттэй зээлолгохасуудлыгшийдвэрлэсэн тохиолдолд ноолуурын салбарын хөгжлийн дүр зураг хэрхэн төсөөлөгдөж байна вэ?

-ХХАХҮЯ, малчид, үндэсний үйлдвэрлэгчид, Монгол ноолуур нэгдэл болон Монголын ноос, ноолуурын холбоо хамтран 2016 оныг хүртэлх зорилтоо тодорхойлсон. Ингэхдээ зүгээр өөрсдөө зохиочхоогүй. Шинэ зеландын сүүний "Понтерра нэгдлийн туршлагыг судалсан. Энэ нэгдэл нь дэлхийн захзээлд нийлүүлэгдэж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний 18 орчим  хувийг үйлдвэрлэдэг.Өөрийн орны 11мянга орчим фермерийн аж ахуй энэ нэгдлийн хувьцааг эзэмшдэг. Энэ туршлагад үндэслэн үндэсний үйлдвэрлэгч 12   аж ахуйн нэгж "Монгол ноолуур нэгдэл" компанийг байгуулсан юм. Энэ нэгдэлд 21 аймгийн хоршоодоос бүрдсэн Монголын үндэсний малчдын холбоо хувьцаа эзэмших эрх нь нээлттэй. Түүнчлэн энэ нэгдэл нь жил бүр тогтмол хугацаанд малчдын төлөөлөлтэй уулзаж дотоодын зах зээл дээрх түүхий ноолуурын доод үнийг зарлах юм. Мөн олон улсын зах зээл дээр маркетингийн нэгдсэн бодлого явуулах, Монгол ноолуур брендийн өрсөлдөх чадвар, нэр хүндийг өргөх, гадаадын худалдан авагчтай тогтмол хугацаанд ноолууран бүтээгдэхүүний үнийн хэлцлийг явуулж тохирсон үнээр нэгдлийн хувьцаа эзэмшигч үндэсний үйлдвэрлэгч компаниудад хуваарилан үйлдвэрлүүлэх, үндэсний үйлдвэрт түүхий эдээ тогтмол нийлүүлж байгаа малчдад урамшуулал олгох зэрэг ажлыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Эдгээр харилцааг Компанийн болон хоршооны тухай хууль, бусад хууль тогтоомж, малчдын төлөөллийн байгууллага, Монгол ноолуур нэгдлийн дүрэм, ХХАХҮЯ, МННХ-ны хооронд байгуулсан гэрээгээр зохицуулах юм. Ингэснээр Монголын эдийн засагт ноолуурын салбар локомотив болж хөгжинө гэж харж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.