Хүнс хэмээх шинэ геополитик
2011.05.02

Хүнс хэмээх шинэ геополитик

-Тариалангийн талбай сүйтгэж, дарангуйлагчдыг хөөсөн шинэ зууны хүнсний дайнд тавтай морил-

Дэлхийн зах зээлд өнгөрсөн онд улаан буудайн үнэ 75 хувиар өсөхөд АНУ-д ширхэг талхны үнэ дунджаар хоёр ам.доллараас 2.10 ам.доллар болон өсчээ. Харин Шинэ Дели, Жакартад талхны үнэ хоёр дахин нэмэгдсэн байна. Хүнсний үнийн өсөлтийн нөлөө улс бүрт өөр байгаа нь энэ оны хүнсний хямралын гол онцлог. Америк шиг чинээлэг орнууд мэргэжилтнүүдийн их хямрал хэмээн тодорхойлоод буй хүнсний үнийн огцом өсөлтийн давалгааг мэдрэх нь бүү хэл харж ч чадахгүй байхад дэлхийн хүн амын гуравны нэг хувийг эзэлдэг ядуус орлогынхоо 50-70 хувийг зөвхөн өдрийн хоолондоо зарцуулж байна.

 

Энэ тоо ердөө жил гаруйхны өмнө 30-40 хувь байсан юм. Дэлхийн хэмжээнд хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ урьд байгаагүй төвшинд хүрснийг НҮБ өнгөрөгч оны сүүлээр зарласан. Өнгөрөгч сарын байдлаар мөнөөх төвшин найман cap дараалан өссөн дүнтэй гарчээ.

 

Энэ нь олон үр дагавартай бөгөөд хамгийн бодит нөлөөг нь Хойд Африк, Ойрхи Дорнодын эрх баригчдын суудал ганхсанаас харж болно. Үүнээс шинжээчид онцгой дүгнэлтэд хүрсэн нь хоол хүнс өдгөө дэлхийн улстөрийг хөдөлгөгч гол хүчин болжээ гэсэн тодорхойлолт юм.

 

Харамсалтай нь геополитикийн шинэ үндэс суурь болсон хүнсний асуудал үймээн самууны шалтгаан болох нь хэчнээн хор уршигтайг өдөр өнгөрөх тусам дэлхий нийт мэдэрч байна. Саяхныг хүртэл хүнсний үнийн өсөлт бэрхшээл үүсгэх нь бага байв. Үнийн өсөлт бүрийг улс төрийн томоохон өөрчлөлт, албаныхны их хичээл зүтгэл дагалдаж байв. Өдгөө бэрхшээл үүсэх шалтгаан, түүний үр дагавар ч өөр болжээ. Өнөө жилийн хүнсний хямрал 2007-2008 оны үнийн хөөрөгдлийн ул мөр юм.

 

Дөрвөн жилийн өмнөх хүнсний хомсдол дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал, зах зээлийн системийн доголдлоос үүдсэн бол энэ жилийнх нь эдгээрээс гадна дайн самуун, байгалийн гамшиг зэрэгтэй нийлж бүр ч их сөрөг нөлөөтэй байж мэдэхээр байна. Хүн төрөлхтний түүхэн дэх хүнсний хомсдол, гачигдлын дийлэнх нь Энэтхэгийн борооны улирал, Орос, Төв Азийн ган гачиг, Америкийн хэт халуун зэрэг байгалийн араншингаас үүдэж байв. Харин өнөөгийн хүнсний хомсдол олны зогсолтгүй өсөх хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлт, улстөрчдийн тодорхойгүй бодлого зэрэг олон зүйлээс шалтгаалж байна.

 

Зөвхөн хүн амын өсөлтийн талаар ганц баримт дурдахад хүнс нэхэх хүний тоо үдэш бүр 219 мянгаар нэмэгдэж буй. Харамсалтай нь, тэдгээр шинэ хүний олонхи нь Египет, Ливи шиг улстөрийн хувьд таагүй орчинтой, газарзүйн хувьд ч их хэмжээний ургац хураах боломжгүй нутагт мэндэлж байна. Тэгэхээр Зин аль-Абидин Бен Алийг засгийн эрхээс буулгасан Тунисийн хувьсгал, Хосни Мубаракийг Улаан тэнгисийн эрэг рүү цөлсөн Египетийн бослого, Муаммар Каддафийг бүгэхэд хүргэсэн Ливийн (тус улс улаан буудайнхаа 90 орчим хувийг импортолдог) үймээн энэ оны хүнсний хямралын ердөө эхлэл юм.

 

Хомсдол, гачигдлаар тодорхойлогдох хүнсний гөополитикийг хэрхэн дүрслэх вэ. Дөнгөж эхэлж байгаа авч энэ талаар мэргэжилтнүүд ихийг хэлж чадна. Дэлхийн хүн ам 1970 онтой харьцуулахад өдгөө хоёр дахин өсч, энэ зууны дунд үө гэхэд өсөн тэрбумд хүрэх тооцоо гарсан. Хүн ам өсөхтэй зэрэгцэн өдгөө гурван тэрбум хүн нийгмийн доод давхаргаас дундчуулын эгнээнд нэгдэхэд бэлэн болжээ. Илүү олон төрлийн, илүү чанартай хүнс зооглох өрхийн тоо нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэгчдийн ажил ихсэж, байгалийг “мөлжих” нь ч нэмэгдэнэ. Энэ нь эргээд хүнс хомсдох нэг шалтгаан болно.  Хүний гарт сүйдэхээс гадна байгаль өөрөө туйлдаж эхэлсэн.

 

Уур амьсгалын өөрчлөлт үүний хамгийн тод жишээ бөгөөд хүнсний хямралтай холбогдох сэрдхийлгэм тооцоог саяхан мэргэжилтнүүд гаргажээ.   Экологичдын тогтоосноор дэлхийн дундаж температур цельсийн нэг хэмээр нэмэгдэхэд дэлхийн хэмжээнд ургацын хэмжээ 10 орчим хувиар буурах гэнэ. Энэ нь үнэний ортойг өнгөрөгч оны Оросын хэт халуун харуулсан. Ган гачиг, ойн түймэрт оросууд бүтэн жилийн ургацынхаа 40 орчим хувийг алдсан билээ.

 

Хүнсний нөөцөд нөлөөлөх байгалийн томоохон хүчин зүйлсийн нэг нь усны нөөц. Сүүлийн 20 жилд хуурай, үржил шимгүй газар нутагтай гэгддэг олон оронд байдал 2-3 дахин дорджээ. Усны нөөцөөс нь хүнсний нөөц нь бүрэн хараат байдаг 18 улсад дэлхийн хүн амын таль орчим хувь нь аж төрдөг. Харин бүс нутгийн хувьд Ойрхи Дорнодын Арабын хэсэг усны хомсдолоос болж ургацаа бүрэн алдах аюулд орсон анхны бүс нутаг болох төлөвтэй байна. Сири, Ирак, Иемений бүтэн жилийн ургац жилээс жилд багасч байгаа бөгөөд үүнээс хэрхэн сэргийлэх талаар албаныхан төдийгүй мэргэжилтнүүд ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.

 

Усны хомсдолоос гадна хөрсний элэгдэл мөн байгаль орчны доройтол, хүнсний хямралд хувь нэмрээ оруулж байна. Экологичдын тайлбарласнаар хөрсний элэгдэл, цөлжилт дэлхийн гадарга дээр “тоосон хонхорууд” үүсгэж байгаа бөгөөд үржил шимгүй болж тоос, шороо, элснээс өөр юу ч үгүй болсон тал нутаг хиймэл дагуулаас авсан зурагт яг л хоосон аяга шиг харагддаг аж.

 

Энэ бүхэн аюулт үзэгдэл болохын эхлэл дээр дурдсанаар 2007 онд тавигдсан юм. 2007 оны зунаас өссөн шош, улаанбуудайн үнэ 2008 оны дунд үед урьд байгаагүй өндөрт хүрчээ. Үүнд хариу барьж олон улс дотоод дахь хүнсний үнийн өсөлтийг тогтворжуулахын тулд экспортод хяналт тавьж эхэлсэн. Тэдгээр орны дунд улаан буудай экспортлогч тэргүүлэх хоёр улс Орос, Аргентин болон цагаан будааны хоёр дахь том экспортлогч Вьетнам байлаа. Энэ нь импортлогч орнуудыг сандаргаж, бусад улстай тариалангийн талбай түрээслэх, газар худалдаж авах тохиролцоо хийхэд хөтөлжээ.

 

2009 оны сүүлч гэхэд импортлогч орнуудын түрээслэсэн газар хэдэн сая га-д хүрээд байлаа. Дэлхийн банкны өнгөрөгч оны тайланд дурдсанаар энэ нь арга ядсан алхам бөгөөд байдлыг бүр ч дордуулжээ. Тус байгууллагын мэргэжилтнүүдийн үзсэнээр газрын түрээс усны хомсдолыг бүр ч гааруулна. Хүнсний хямралаас үүдэх урт хугацааны, хамгийн аюултай үр дагаврын нэг энэ. Усны төлөөх тэмцэл хүнсний хямралын хамгийн сөрөг хувилбар бөгөөд газар түрээслэх гэрээ хэлэлцээний олонхи нь нууц байдаг нь нөхцөл байдлыг бүрхэгдүүлдэг ч аюулыг нэмдэг.

 

Газар түрээслэх асуудал сөхөхөд орон нутгийн иргэдийн байр суурь гарцаагүй хөндөгдөнө. Үржил шимт газраа гадаадынханд өндөр үнээр түрээслэгчдийн дунд иргэдээ тэжээж чаддаггуй улс цөөнгүй. Тэгэхээр хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс үүдэх хямрал олон улсын аюулгүй байдал, тогтвортой засаглалд нөлөөлөх нь гарцаагүй юм.

 

Тусгаарлагдмал, хараат бус байх нь орчин цагийн зарчим биш гэдгийг ойлгосон олон улс эдийн засгийн их хямрал, дэлхийн хоёр дайны дараа НҮБ-ыг байгуулсан. Өдгөө Олон улсын валютын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг тус байгууллагаас салаалсан олон институт дэлхий нийтийн бэрхшээлүүдийг шийдэж байна. Гэхдээ тэдгээр байгууллагаас хамгийн хүнд хүчир ажилтай нь өдгөө Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болжээ. Тус байгууллагын хамт ачааны хүндийг үүрэлцдэг гол байгууллага бол НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр.

 

70 гаруй улсад жилд дөрвөн тэрбум гаруй ам.долларын тусламжийн хүнс түгээдэг тус байгууллага саяхны мэдэгдэлдээ тусламжийн хүнсний санхүүжилтийг нэмэхгүй бол НҮБ дангаараа дэлхийн бүх өлсгөлөн хүний дийлэнх хувийг тэжээж хүчрэхгүй нь хэмээн онцолсон. Дэлхийн хүнсний хөтөлбөрийнхний анхааруулснаар дэлхий нийт өлсгөлөн, хүнсний хомсдол, үнийн өсөлтийн эсрэг дайны үөийн бэлэн байдалд байгаа мэт хурдаар тэмцэхгүй бол хүнсний хямрал ердийн үзэгдэл болох нь.
“Foreign Policy”

Г.Лхагва
Эх сурвалж: “Монголын үнэн”

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.