Архангай аймагт “ Булган хангай” орон сууцны хороолол баригдана
2011.05.30

Архангай аймагт “ Булган хангай” орон сууцны хороолол баригдана

Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт болон дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нараас бүрдсэн баг сумдад ажиллаж байна. Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд С.Батболд баруун аймгуудад, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан баг зүүн болон говийн бүсийн аймгуудад ажиллаж 100 мянга гаруй иргэнтэй уулзаж, ажлын хэсгүүд байгуулан иргэдийн санал, хүсэлтийг багцлан шийдвэр гаргах төвшинд хүргүүлэн шийдвэрлүүлж байгааг иргэдтэй хийсэн уулзалтын үеэр МАН-ын генсек онцолсон. 91 мянган хүн амтай улсын хэмжээнд хүн амын тоогоор дөрөвт, 2.6 сая малынхаа тоогоор гуравт бичигддэг Архангай аймагт хүрэлцэн ирж ард иргэдийнхээ ахуй амьдралтай газар дээр нь танилцаж яваа Ардын намын  удирдлагуудад Архангайчууд талархал илэрхийлсээр байна. Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай намын ерөнхий нарийн бичгийн даргад "Булган хангай" орон сууцны хорооллын  ерөнхий төлөвлөгөөг хүлээлгэн өгсөн юм. Төлөвлөгөөгөөр бол аймгийн нисэх буудал байсан 60-110 га талбайд орчин үеийн орон сууцны хороолол сүндэрлэх аж.

 

Уг бүтээн байгуулалтыг 2011-2021 онд өрнүүлж эхний ээлжийг 2011-2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Архангай аймгийн Монгол Ардын Намын хороо 9000 гаруй гишүүнтэй. Бусад аймгийн намын хороотой харьцуулахад сумдынхаа намын хороо, үүрийг байртай болгож буй анхны аймаг гэхэд болохоор байна. Намын Удирдах зөвлөлөөс Хотонт сумын намын үүрийг байртай болгох хөрөнгө мөнгийг шийдвэрлэж, шавыг нь ч тавив. Хоёр ч сумын намын үүрийн барилгын ажил эхэлсэн, үндэсний их баяр наадмын үеэр ашиглалтад орох бололтой. Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзан санал хүсэлтийг нь сонссон. Тэрбээр "Монгол Ардын Нам жирийн гишүүдийнхээ итгэл, сэтгэл, зүтгэл дээр тогтдог. Манай зарим гишүүнээс "Намдаа гомдож байна" гэсэн үг гардаг. Ийм үг хэлж, намд гомдож болохгүй. Харин намын удирдлагуудад гомдож болно" гээд алдаа дутагдлаа илэн далангүй ярилцаж засаж залруулах хэрэгтэйг ч хэлэв.

Намын доод, дунд шатанд хуваагдан талцаж, эрх мэдлийн төлөө зүтгэснээс эцэстээ намаа ялагдалд оруулдаг дутагдал бий. Тиймээс бүлгэрхэж, талцах явдлыг арилгах ёстойг намын удирдлагууд уулзалтын үеэр хэлсэн. Монгол Ардын Намын улстөрийн бусад хүчнээс ялгарах гол онцлог нь гишүүдийн эв нэгдэл, итгэл үнэмшил гэдэгтэй намын гишүүд санал нэгдэж байна. Монгол Ардын Намын гишүүд хүлээцтэй, тэвчээртэй нь сайн боловч өнөөгийн өрсөлдөөнт үед энэ нь заримдаа алдаа болж харагддагийг намын ерөнхий нарийн бичгийн дарга үгүйсгэсэнгүй. Намаас гаргасан бодлого шийдвэрийг олон нийтэд шуурхай сурталчлан танилцуулахаас эхлээд хийх ажил олон байна. 2012 оны сонгууль болоход жилийн хугацаа үлдсэн. Сонгуулийн хуулийг батлахаар хэлэлцэж буй энэ үед Монгол Ардын Нам сонгуулийн холимог тогтолцоог сонгохоор байр сууриа илэрхийлсэн. Удаад нь сонгуульд эртнээс бэлтгэх ёстойг санууллаа. Монгол айл бүрт Ардын намын гишүүн байдаг. Тиймээс "Монгол Ардын Нам айл бүрт амьдардаг" хэмээн онцолж болох юм.

Уулзалтын үеэр намын гишүүд санал хүсэлтээ илэрхийлсэн. Олонх нь ажилгүйдэл ядуурал,тэтгэвэр тэтгэмж нэмэх тухай ярив. Намын ажил байдалтай холбоотой санал ч цөөнгүй гарсан. Гишүүн Д.Самданмөнх "Манай намд залуучууд олноор элсдэг. Гэтэл тэднийг төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх.талаар арга хэмжээ дутмаг байна. Намайг нам маань хүмүүжүүлсэн. 2012 оны УИХ-ын сонгуульд одооноос бэлтгэж оролцох шаардлагатай. Архангайчууд амаргүй шүү" хэмээн санууллаа. Харин Т.Ядамсүрэн "Монгол хүнийг ажилтай байлгаж ирсэн түүхтэй нь манай нам юм. Ажилгүй хүнийг араас нь хөөцөлдөж ажилд оруулдаг байлаа. Сүүлийн 20 жил ажилгүйдэл нэмэгдсэн. Хэн. яагаад ажилгүйдэл, ядуурлыг бий болгов гэдэгт дүгнэлт хийх ёстой" гэсэн бол Г.Даваа "Намын эв нэгдлийг төв байгууллага удирдлагаасаа эхлэх хэрэгтэй. Намаас дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ойр ойрхон мэдээлж, судалж байх шаардлагатай байна. Ерөнхий сайд асан С.Баяр атрын . аяныг эхлүүлж дотоодынхоо гурил, ногооны хэрэгцээг хангадаг болсон. Энэ мэтээр үр бүтээлтэй олон ажил хийх хэрэгтэй" гэв.

 

Намын ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг нар гишүүдийн асуултад хариуллаа. Архангай аймгийн Монгол Ардын Намын хороо олон ажил санаачилсан байна. Намын хорооны ээлжит XXX бага хурлаа хийж зорилтоо дэвшүүлжээ. Төв, орон нутгийн ажлын уялдаа холбоо ч сайн байгаа ажээ. Тухайлбал, нийслэлийн Газрын албатай Архангай аймгийн төв, сумдын газрын албыг холбоотой ажиллуулахаар болсон байна. Нийслэлийн Газрын алба "Булган хангай" орон сууцны хорооллын зураг төслийг гаргахад дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллажээ. Мөн аймгийн таван үүрийн 50-60 орчим гишүүн нийслэлийн Баянзүрх дүүргийн намын анхан шатны байгууллагатай танилцан туршлага судалсанд намын гишүүд талархалтай, ам сайтай байлаа. Намын  нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар Намын гишүүд эв нэгдэлтэй байх нь чухал. АН-ынхан Баян-Өлгий аймагт ажиллахдаа УИХ-д сонгогдсон гурван гишүүн, аймгийн Засаг даргыг ажил хийдэггүй. Иргэд нь сэтгэл дундуур байна гэсэн зүйл ярьж сөрөг сурталчилгаа хийж байна. Баян-Өлгийгөөс сонгогдсон гурван гишүүн 40 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Намын гишүүд бусдын ийм яриа хөөрөөнд итгэж болохгүй шүү" хэмээн захив. Мөн Архангайн Монгол Ардын Намын хороо, Засаг дарга, түүний баг сайн ажиллаж байгааг ч онцолж, урам хайрлалаа. Уулзалтын төгсгөлд Монгол Ардын Намын хороо, зарим гишүүнд шагнал гардуулсан.Намын дээд шагнал "Тусгаар тогтнолын одон"-гоор Д.Мягмарсүрэн, Г.Жамц нарыг, "Монгол Ардын Нам-90" медалиар Д.Хөгжилсайхан, С.Цэдэв, Д.Нарантуяа, ЦАдьяасүрэн, М.Цэндхүү нарын гишүүд энгэрээ мялаав. Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Эрдэнэбулган сумын намын хороонд "Соната" маркийн суудлын машин, аймгийн намын хороонд хэвлэх машин гардуулсан.

Дараа нь намын удирдлагууд ерөнхий боловсролын X, XI ангийн хүүхдүүдтэй уулзаж "Солийн Данзанг хэн сайн мэдэх вэ" эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулсан. Уг уралдааны тэргүүн байрыг 11 жилийн I сургуулийн есдүгээр ангийн' сурагч Т.Цэвэлдорж, дэд байрыг жилийн III сургуулийн 10в ангийн  сурагч Д.Лхагвасүрэн, байрыг 10 а ангийн сурагч Б.Мөнхчимэг эзэлжээ. Энэ үеэр хэд хэдэн таатай мэдээ дуулгав. "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Ч.Ганзориг техникийн сонирхолтой, идэвхтэй 1-2 хүүхдийг Эрдэнэтэд коллежид суралцуулах, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нэг хүүхдийн дөрвөн жилийн сургалтын зардлыг дааж "Отгонтэнгэр" их сургуульд сургахаар амлалаа. Мөн Архангайн нутгийн зөвлөлийн дарга, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр зургаан хүүхдийг суралцуулах боломжтой гэсэн юм. Үүний зэрэгцээ аяны багийнхан аймгийн төрийн байгууллагуудаар орж ажил байдалтай танилцан, төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонссон. Ийнхүү Архангайд "Ард түмнээ сонсъё" аян амжилттай үргэлжилж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.