Төв аймгийнхан малжиж эхэллээ
Малаа өсгөх чин хүсэлтэй, амьжиргааныхаа гол эх үүсвэрийг эрдэнэт мал сүргээрээ тэтгэж байдаг малчдыг дэмжих бодлогыг Монгол Улсын Засгийн газраас шат дараатай авч хэрэгжүүлсээр байна. Хоёр жилийн өмнөх байгалийн гамшигт зуд турхан ид тохиож байх үеэр Улсын онцгой комиссын даргын хувьд Шадар сайд М.Энхболд гадаад, дотоодын олон байгууллагад хандаж, уриалга гаргасны үр дүнд малчдад зориулж 6.8 тэрбум төгрөгийн хандив цуглуулж чадсан.
Хэн дуртай аавын хүүгийн үгээр энэ их хандив цугларахгүй. М.Энхболд сайдын хувьд төр засгийн өндөр албан тушаалыг олон жил хашиж яваа нөлөө, хамгийн гол нь хувь хүнийхээ хувьд бусдад цагийг нь олж тусалж дэмжиж чаддаг зангараг нь тухайн үед нөлөөлж, тэвдэж яваа малчдад цагаа олсон тусламжийг гадна, дотнын олон байгууллагаас илгээж чадсан юм.
Үүгээр зогсохгүй Засгийн газар болон Улсын онцгой комиссын шат дараатай явуулсан үйл ажиллагааны хүрээнд зудад нэрвэгдсэн малчдыг ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, банкны зээлийн хүүгээс чөлөөлүүлэх, мэргэжил олгох сургалт дамжаа явуулах зэргээр малчдыг дэмжих ажил одоо ч явагдаж байна.
Энэ мэт төр засгийн зүгээс дэмжих бодлогоос гадна Шадар сайд М.Энхболдын хувьд зуднаар малаа алдсан малчдад хувийн зүгээс тусламжийн гараа сунгасаар байна. Ганцхан жишээ дурдахад энэ хавар Төв аймгийн малгүй болсон айл өрхүүдийг малжуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Шадар сайд М.Энхболдын санаачилгаар байгуулагдаж, идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа “Эх нутгийн иргэд” ТББ-ын зүгээс зудад хамгийн хүндээр нэрвэгдсэн Төв аймгийн Архуст, Баян, Баянцагаан, Баянжаргалан, Сэргэлэн, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Эрдэнэ зэрэг 8 сумын 80 гаруй айл өрхөд хандан дээрх төсөл хэрэгжиж эхэлсэн байна.
Одоогийн байдлаар Архуст, Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт суманд Малжуулах төсөл амжилттай хэрэгжсэн бол ирэх 6 дугаар сарын нэгнээс өмнө бусад 4 сумын 40 гаран айл өрхийг малжуулахаар төлөвлөж байна.
Дашрамд дурдахад Шадар сайд М.Энхболд 2009-2010 оны зудны үеэр Төв аймгийн нийт сумдын малчдад Улсын Онцгой комисс, “Эх нутгийн иргэд” ТББ-ын шугамаар, мөн гадаад дотоодын хандивлагч байгууллагуудаас үзүүлсэн тусламжийн өвс тэжээл, гурил будаа, дулаан хувцас, түлээ түлш, бензин шатахуун болон бусад тусламжийн зүйлсийг хүргэх ажлыг таван удаа зохион байгуулжээ.