Д.Тэрбишдагва: Тэдэн төгрөг өгье, та нар хөдөөнөө ажилла гэх нь зөв юм уу
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа
-Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Алслагдсан сумдын төрийн албан хаагчдад нэмэгдэл урамшуулал олгох тухай тусгасан байна лээ.Чуулган дээр хэлснээс чинь үзэхэд энэ тал дээр та арай өөр саналтай байгаа юм уу?
-Алслагдсан орон нутгийн төрийн албан хаагчдад урамшуулал олгох асуудал яригдсан л даа. Засгийн газар энэ асуудлыг одоо үйлчилж байгаа хуулийн хүрээнд шийдэх боломжтой гэсэн юм билээ. Гэхдээ Засгийн газар энэ мөнгийг өгөх боломжтой эсэхийг эхлээд сайн нягтлах хэрэгтэй. УИХ алслагдсан нутгийн төрийн албан хаагчдад урамшуулал өгнө гээд хууль гаргачихдаг.
Тэр үед Засгийн газар нь боломжгүй гэвэл яах юм. Эхний ээлжид энэ асуудлыг тодорхой болгох нь зүйтэй. Улаанбаатарын ачаалал нэмэгдэж, утаа ихсэж байгаа нь шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй гэж байгаа.Тийм учраас үүнийг багасгахын тулд алслагдсан сумдын төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай ярьж байгаа. Хөдөөд төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах нь зөв. Гэхдээ Улаанбаатарт хөдөөнөөс шилжин ирэгсэд зөвхөн төрийн албан хаагчид байдаг гэж би бодохгүй байна. Хөдөө амьдарч байгаа 11 хүний нэг нь шилжих хөдөлгөөн хийж байгаа шүү дээ.Тэр ямар хүн бэ гэдгийг нарийн судлах ёстой. Малаа дууссан малчин, амьдралын түвшин доогуур иргэд сайхан амьдарна гэж найдаад Улаанбаатарыг бараадаж байна уу гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Хот руу нүүх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг багасгая гэвэл ийм ийм үндэслэлүүдээ тодорхой гаргаж өгөх ёстой. Үнэндээ хөдөө ажил олдохгүй амьдрал нь тарчиг хүмүүс хотод ажил хийнэ, амьдралаа дээшлүүлнэ, соёлтой төв газар очно гээд ирж байгаа. Нэг бол зуд турханаар малгүй болсон айлууд хот суурин бараадаж байна.
-Хөдөөд хүмүүсийг мөнгөөр торгоож үлдээхийн оронд тэнд амьдрах нөхцөлийг нь сайжруулсан нь дээр үү?
-Хөдөө орон нутагт ажлын байр бий болгож, жижиг, дунд бизнесийг дэмжиж, дэд бүтцийг нь хөгжүүлэх хэрэгтэй. Нэг ёсондоо алслагдсан сум орон нутгийг хөгжүүлж, ажлын байр бий болгож байж тэнд хүн тогтоно шүү дээ.Тэгээд ч хөдөөд ажиллах хүч татаж, хүн ам төвлөрүүлье гэсэн зорилго агуулж байгаа юм бол зөвхөн төрийн албан хаагчдад мөнгө өгөх нь ялгаварласан хэрэг болно. Хөдөө орон нутагт сайн инженерүүд очиж ажиллавал яах юм. Хөдөө аж ахуйн чиглэлээр сургууль төгссөн мэргэжилтнүүд очвол яах уу.Тэр хүмүүсийг ч хөдөө ажиллуулахын тулд адилхан урамшуулал олгох хэрэгтэй болно биз дээ.
-Алслагдсан 87 сумын төрийн албан хаагч тэр урамшууллыг авах юм биш үү?
-Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэг сургуулийн багш, говийн алслагдсан сумын дунд сургуулийн багш хоёрын ачаалал өөр байх юм уу.Үүнийг судалж үзэх хэрэгтэй. Ер нь энэ урамшууллыг олгохдоо төрийн албан хаагчдын үүрдэг ачааллыг нь хараад байна уу, орон нутгийнх нь агаарын байдлыг харьцуулаад байгаа юм уу.Тэгэхээр алслагдсан бүс нутгийн төрийн албан хаагчдад „ урамшуулал олгох асуудал ялгаварлах байдал үүсгэсэн юм шиг харагдаад байна. Үндсэн хуульд иргэн бүр тэгш эрхтэй байна гээд заагаад өгчихсөн байгаа шүү дээ.Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций, Хан-богд суманд уул уурхай ашиглалтад орсны үр дүнд ажлын байр бий болж, айлуудын амьдралын түвшин харьцангуй дээшилсэн байгаа. Хамгийн нөхцөл сайтай суманд алслагдсан бол алслагдсан гэж хэлээд албан хаагчдад нь урамшуулал олгох нь хэр зөв юм. Говийн бүсэд энэ сумдаас хэцүү нөхцөлтэй, ядуу зүдүү сум олон бий. Үүнийг ялгаж салгах нь зөв байх. Ийм зүйлүүдийг нарийн сайн бодож хийх нь чухал гэж бодож байна. Ард иргэдээ хөдөө орон нутагт нь төвлөрүүлэх нь чухал. Ингэхийн тулд хөдөөг хөгжүүлж, дэд бүтцийг "сайжруулах нь хамгийн оновчтой арга юм.Түүнээс биш "Тэдэн төгрөг өгье, та нар хөдөөнөө ажилла" гэх нь зөв юм уу.
-Алслагдсан сумдын дэд бүтцийг хөгжүүлэх талаар хуулийн төсөлд нь дорвитой тусгаагүй юм уу?
-Ерөөсөө төрийн албан хаагчдад урамшуулал олгоно гэсэн зүйл тусгагдсан байна лээ.
-Мөнгө өгч хөдөө ажиллуулах нь шилжилт хөдөлгөөний багасгах хялбар арга гэж үзсэн юм болов уу?
-Тийм байж магадгүй. Гэхдээ хот руу нүүж ирж байгаа хүмүүс үнэхээр төрийн албан хаагчид байна уу, эсвэл ядуу айл өрх, малчид уу гэдгээ нарийн тогтоох хэрэгтэй шүү дээ. Ажилгүй иргэд, малгүй болсон малчид ирж байгаа бол хөдөөд нь дутагдаад байгаа ажлын байрыг нь бий болгож өгөх нь мөнгө өгснөөс илүү. Хаана ажлын байр байна тэнд хүн ам төвлөрнө шүү дээ.Тэгэхээр асуудлыг том зургаар нь харах хэрэгтэй байна.