Тариалалтад 986 тонн дизель түлш шаардлагатай байна
Үр тариа болон төмс, хүнсний ногооны тариалалтад 986 тонн дизель түлш нэн яаралтай хэрэгтэй байна. Тариалалтыг технологийн хугацаанд нь явуулах үүднээс дээрх хэмжээний түлшийг Улсын нөөцөөс гаргах тухай саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд шийдвэрлэлээ.
Цаашид уринш боловсруулалт, таримлын арчилгаа, ургац хураалт зэрэгт нэмж 8865 тонн дизель түлш шаардагдана гэсэн тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Улсын Онцгой комиссын хуралдаанд танилцуулав.
Газар тариалангийн салбарт зориулж 10 мянга гаруй тонн дизелийн түлшийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор ХХААХҮЯ, НИК компани гэрээ байгуулсан. Түлшний нөөц бага байгаатай холбогдуулан гэрээ хийсэн аж ахуйн нэгж, иргэдэд зөвхөн тариалалтад шаардагдах түлш өгч байна. Гэхдээ төмс, хүнсний ногоо тариалдаг жижиг аж ахуйн нэгж, иргэдэд шаардлагатай байгаа түлшийг тухайн аймаг, сумаар дамжуулан олгох нь зүйтэй гэж Онцгой комиссын хуралдаанаас үзлээ.
5 дугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд үр тариа 76,6, төмс 51,7, хүнсний ногоо 38 хувийн тариалалттай байна. Энэ онд манай улс 388 мянган тонн үр тариа, 188 мянган тонн төмс, 94.8 мянган тонн хүнсний ногоо, 36.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар төлөвлөсөн. Ингэснээр хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг өөрсдөө хангахын зэрэгцээ 280 мянган га-д чанар сайтай уринш боловсруулах юм.
Япон Улсад хүчтэй газар хөдлөлт, цунами болсонтой холбогдуулан тус улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа иргэдээ авчрахад зарцуулсан нийт 549 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргуулах тухай Онцгой комиссын хурлаар хэлэлцэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо. Тухайн үед Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 831 иргэнээ татсан бөгөөд гамшгийн бүсэд байсан 177 хүнийг үнэ төлбөргүй авчирсан юм.
Энэ оны 4 дүгээр сард төвийн болон баруун бүсийн аймгуудад 18-34 м/сек-ийн хүчтэй цасан болон шороон шуурга болж “Баруун бүсийн эрчим хүчний систем”, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компаний бетон шон унаж багагүй хэмжээний хохирол амсчээ.
Мөн Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн зарим суманд 5 дугаар сард гарсан түймэрт өртөн гэр оронгүй болсон иргэд цөөнгүй байна. Учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлах, өнөөг хүртэл цахилгаангүй байгаа Баянхонгор аймгийн Баянцагаан суманд Улсын нөөцөөс дизель станц олгох, ойн түймрийг унтраахад ашигласан нисдэг тэрэгний түлшний зардал зэрэгт шаардлагатай нийт 1 тэрбум 400 орчим сая төгрөгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.