Монголын гарааны компаниуд америкийн “SILICON VALLEY”-д гарах боломжтой боллоо
“Startup Grind Global 2015” олон улсын уулзалт
2015.03.26

Монголын гарааны компаниуд америкийн “SILICON VALLEY”-д гарах боломжтой боллоо

Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил нь даяарчилсан ертөнцийг тэргүүлэн манлайлсаар байна.

Энэхүү хөгжлийг хурдасгагч орон бүрийн төлөөлөгчид АНУ-н Сан Франциско хотноо зохиогдсон “Startup Grind Global 2015” олон улсын уулзалтанд дор өнгөрөгч сард хуран чуулсан юм. Монголоо төлөөлөн оролцсон Мэдээллийн технологийг түүчээлэх салбарын удирдлагууд “Startup Grind Global 2015”-аас ганзага дүүрэн богцтой ирцгээсэн байна.

Томилолтоор ажилласан гишүүд дэлхий дахинаа алдартай АНУ-ын “Silicon Valley”-д ажиллах, санхүүжилт босгох зэрэг тал бүрийн гарц Монголчуудын өмнө нээлттэй байгааг таниулах зорилгоор Монголдоо Мэдээллийн технологийг хөгжүүлэх чин эрмэлзэлтэй салбарын гарааны 60 гаруй компаний удирдлага, шинэ, шинэлэг санаатай програмист, инженер залууст аяны богц буюу “үүцээ” задаллаа. 

Томилолтонд дайгдсан дуулах сонин ихтэй “үүц” МТҮП (Мэдээллийн технологийн үндэсний парк)-ын уламжлалт “Өглөөний цай”-ны арга хэмжээн дээр задарсан юм. Өнөөдөр тус паркад 10 инкубатар компани бойжиж буй бөгөөд өнгөрсөн 12 жилийн хугацаанд 86 инкубаторыг амжилттай бойжуулсан туршлагатай байгууллага юм. Америкийн “Silicon Valley”-ын жижигрүүлсэн хувилбар “Монголын силикон хаус”-ыг МТҮП бүрдүүлж чадсан ба дэлхий дахины мэдээллийн технологийн дэвшил өөд анхаарал хандуулан ажиллаж байна. Дэд бүтэц бүртдсэн энэхүү чөлөөт орчинд томоор сэтгэж, алсыг харсан гарааны болон МТҮП-ын дэргэдэх инкубатор компанийхан санаагаа ажил хэрэг болгож, бүтээгдэхүүнээрээ дэлхийн тавцанд өрсөлдөх боломж нөхцлийг салбарынхаа удирдлагуудад сонссоноо хуваалцан олон сайхан мэдээллийг өргөн агуулга дор ярилцаж, бас ч үгүй гарааны компанид тулгарч буй “жаргал, зовлон”-гоо дуулгаж амжив. 

“Start Up Grind Global 2015” олон улсын уулзалтанд оролцсон Засгийн газрын тохируулагч агентлаг, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа, тус газрын Шинэчлэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Чинзориг, МТҮП-ын Ерөнхий захирал Б.Мягмарнаран, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэбилэг, Үндэсний дата төвийн захирал З.Энхболд, “Start Up Grind Chapter Mongolia” ТББ-ын захирал Б.Идэр-Од нар “Nest GSV Labs”, “GSV Capital” зэрэг гарааны бизнесийг хурдасгах хөтөлбөр хэрэгжүүлэгч компани болон “Google”, “Facebook”, “Evernote”-ийн төв оффисоор зочилж, эцсийн үр дүнд хүрэх боломж, гаргалгааг нээж өгсөн онцлогтой уулзалт болж чаджээ. Америкийн бизнес хөтөлбөрт шалгарсан инкубаторууд ажлын байрны талбайг хямд нөхцлөөр түрээслэх боломжтой ба энэ нь “нэг ширээ- нэг компани” байдлаар зохион байгуулагдсан байна. Нэг ширээний түрээс ойролцоогоор 500-600 ам.доллар гэнэ. Гарааны бизнес хурдасгах хөтөлбөрт хамрагдагчдийн тоо хурдацтай өсч өнөөдрийн байдлаар “Silicon valley”-д 170 компани үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж байна. 

“Silicon valley”-д хөрөнгө оруулалтын шинэ хэлбэр “Crowdfunding” буюу олон нийтээс санхүүжих аргыг маш эрчимтэй хөгжүүлж байгаа ба 2013 оны байдлаар 5.1 тэрбум ам.долларыг босгожээ. Тухайлбал “Kickstarter”-аар минутанд 1000 ам.доллар босгосон гэх сонирхолтой тоо баримт байна. Зөвхөн вэб сайтаар дамжуулан 2014 онд 529 сая ам.доллар босгон энэхүү санхүүжилтээр инкубаторуудаа дэмждэг ажээ. 

Эерэг мэдээллээс гадна Америк дахь гарааны компаниудын гаргадаг гол гол алдаанаас үүдэлтэй дампуурлын шалтгаан гэх мэт сөрөг мэдээллүүдийг Монголынхоо инкубатор болон гарааны компанийхандаа дуулгав. Хөрөнгө босгох үйл явц нь марафонтой ижил төстэй буюу цаг хугацаа, тэвчээр шаарддаг гэдгийг энэхүү арга хэмжээн дээр манай удирдагууд онцолж байв. 

Ийнхүү туршлага судалж, санал солилцоод ирсэнтэдний сонирхолтой мэдээллийн цаана ажил хэрэг болгож, авч хэрэгжүүлэх эхний шийдвэрүүд “Өглөөний цай” хөтөлбөрт уригдан ирсэн зочдод хамгийн сонирхолтой сэдэв байв. Албан томилолтын дүгнэлтээс гарсан эхний шийдвэрлэх алхам дотооддоо зохион байгуулдаг “Мэдээллийн технологийн инкубаторууд”, “Startup Mongolia”, “Startup Weekend” зэрэг хөтөлбөрүүдийг нэгтгэж улмаар үндэсний нэг бренд хөтөлбөртэй болсноороо гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголд итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. 

Түүнчлэн Монголд Дэлхийн дата төв байгуулах эсэхэд хариулт өгөхөд өнөөдөртөө эрт байгаа хэдий ч “Equinix” зэрэг дэлхийн хэмжээний корпорациар судалгаа хийлгэж, үйл ажиллагааг хязгаарлаж буй хүчин зүйлсийг арилгах нь зөв алхам гэдгийг удирдлагууд онцолж байна. Мөн Хөрөнгө оруулалт хийх боломжийг судлах ажлыг “Equinix” компаний Хонг Конг дахь төлийн удирлагуудтай тохиролцож чадсан нь Монголын Мэдээллийн технологи нэг алхамаар урагшлах гарц болно гэдгийг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа дуулгав. 

Манай төөлөлгчид “Startup Grind” арга хэмжээг санаачлагч, төслийн удирдагч Derek Andersen-д Монгол Улстай хамтран “Startup Grind Mongolia” хөтөлбөрийг зохион байгуулах хүсэлт тавьсан байна. Учир нь Монголын Засгийн газар ч гарааны компаниудаа тууштай дэмждэг гэдгийг илэрхийлэл болгон урьсныг Derek Andersen нааштай хүлээн авчээ. Юутай ч МТШХХГ-ын даргын урилгаар ирэх 5 сард “Explora International”-ын төлөөлөл Монголд хүрэлцэн ирж, “Startup Grind Mongolia” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцох урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна. Магадгүй Мэдээллийн технологийн салбарынхан энэхүү нэр хүндтэй арга хэмжээг зохион байгуулах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монголын гарааны бизнесийг “Silicon valley”-д нутагшуулахад гүүр болох бидний зорилго ажил болж хэрэгжих цаг айсуй.