Монгол, Канадын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ХХАА-н сайд Р.Бурмаа Канадын экспортыг дэмжих байгууллагын Орос, Монголыг хариуцсан менежер Леонид Элисеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд сайд Р. Бурмаа “Монгол, Канад хоёр орны хувьд, сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа өргөжиж ялангуяа манай тариаланчид Канад улсаас трактор, комбайн худалдан авах нь ихэссэн. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт техник, технологийн шинэчлэл хийх болон эргэлтийн хөрөнгийн урт хугацааны, бага хүүтэй, нэн хөнгөлттэй зээл, лизинг болон санхүүгийн бусад үйлчилгээг нэвтрүүлбэл манай малчид, тариаланчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх боломж их байгаа” гэв.
Мөн Канад Улстай Яам хоорондын санамж бичиг байгуулаад нэлээд хугацаа өнгөрсөн ч хийгдсэн дорвитой ажил байхгүй байгаа учраас цаашдаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэйг хэллээ. Орос, Монголыг хариуцсан менежер Леонид Элисеев байгаль, цаг уур болон эдийн засгийн бүтцийн хувьд хөдөө аж ахуй, уул уурхай давамгайлсан Монгол, Канад 2 орон хамтран ажиллах боломж их байгааг онцлов. Мөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд Канадын экспортыг дэмжих байгууллага хэрхэн хамтран ажиллах боломж бий талаар хоёр тал санал солилцлоо.