Монгол Улсын гадаад бодлогод ХБНГУ онцгой байр суурийг эзэлдэг гэв
2015.03.18

Монгол Улсын гадаад бодлогод ХБНГУ онцгой байр суурийг эзэлдэг гэв

Монгол Улсын Их Хурлын даргад өнөөдөр /2015.03.17/ ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел бараалхав.

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел уулзалтын эхэнд "Хоёр орны хамтын ажиллагаа бүх салбарт хөгжиж байна. Монгол-Германы хамтарсан Технологийн Их сургууль танай улсад байгуулагдсан байна. Ашигт малтмалын салбарт хамтарч байгаа хоёр орны харилцаанд аль аль талын ашиг сонирхлыг харгалзсан хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаа. Таны туйлын шахуу хөтөлбөрийн нэг бага хэсэг нь миний уулзалт болж байгаа бөгөөд танай улстай хамтран ажиллах, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэх чин хүсэлтэй байдгаа илэрхийлье" гэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд "Монгол Улсын гадаад бодлогод ХБНГУ онцгой байр суурийг эзэлдэг. Монгол Улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг Герман улс тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлье. Ашигт малтмалын хэлэлцээрийн дагуу байгуулсан ажлын хэсэг, эдийн засгийн хороо зэрэг механизмууд нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулахад чухал юм. Таны хэлсэнчлэн ашигт малтмалыг боловсруулж гаргах нь манай Засгийн газрын гол зорилт байгаа" гэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел бараалхах үед УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.