Нүүрс шингэрүүлэх төслийг дахин урагшлуулахаар зүтгэв
Бүгд Найрамдах Герман Улс
2015.03.18

Нүүрс шингэрүүлэх төслийг дахин урагшлуулахаар зүтгэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй бөгөөд тэрээр өнөөдөр /2015.03.17/ Бундестагийн Ерөнхийлөгчтэй уулзалт хийлээ.

УИХ-ын даргыг Райхстагийн ордонд хүрэлцэн ирэхэд Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт угтан авч мэндчилэн, дурсгалын зураг авахуулан, хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурахыг урилаа.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт хэлэхдээ, таны айлчлал нь хоёр орны харилцааг өргөжүүлэх, нэгэнт тогтсон хамтын ажиллагааг дүгнэх боломж олгож байна. ХБНГУ-д болсон “IBT” аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцсон нь ач холбогдолтой байлаа. Миний бие Монгол Улсад 10 гаруй жилийн өмнө айлчилж байсан. Манай хоёр орны парламентын түвшний айлчлал их байдаг нь хамтын ажиллагаанд чухал  нөлөө үзүүлсээр байна гэдгийг онцлов.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд уулзалтын үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Монгол Улсын Европ дахь чухал түнш болохыг онцлоод тус улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг Стратегийн түвшинд хүргэх сонирхолтой байна. Хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Бундестагийн зүгээс анхаарч ирсэнд талархлаа илэрхийллээ.

Мөн УИХ дахь Монгол, Германы парламентын бүлэг, Бундестагийн гишүүдийн харилцан айлчлал тогтмолжиж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганыг  2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаас гадна АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Монгол Улс өөрийн бүс нутагт төдийгүй дэлхий дахинд өрнөж буй үйл явцад идэвхтэй оролцож Афганистанд хэрэгжүүлж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын хүсэлтээр Монгол Улсын Зэвсэгт хүчин, ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран оролцож байна. Хоёр улсын хооронд байгуулсан Ашигт малтмалын хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан Засгийн газар хоорондын Ажлын хэсэг, Эдийн засгийн хороо зэрэг механизмууд нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт хамтран ажиллаж байгаа.  Хэлэлцээрийн дагуу хоёр тал Нүүрс шингэрүүлэх төсөл, хамтарсан Технологийн сургууль байгуулахаар тогтсон бөгөөд Нүүрс шингэрүүлэх төслийн ажил зогсонги байдалтай байгаа тул анхаарах хэрэгтэй байгаа бол харин хоёр орны хамтарсан Технологийн сургууль байгуулах төсөл амжилттай хэрэгжсэн. Цаашид төслийг үргэлжлүүлэхэд хоёр тал анхаарах шаардлага бий гэв.

Мөн тэрээр хоёр улсын дэд бүтцийн салбарт хамтран ажиллах, томоохон бүтээн байгуулалтын төслүүд болон Германы технологийг Монголд нэвтрүүлэх сонирхол байгааг хэллээ. Энэ бүх үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг парламент болон Засгийн газрын түвшинд шийддэг бол энэхүү ажлыг голлон хэрэгжүүлэгч нь хоёр талын баялаг бүтээгчид, хувийн компаниуд байдаг гэлээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзалт хийсний дараа Райхстагийн ордонтой танилцав.

Райхстагийн ордон нь Берлин хотын төвд буюу Платц дер Републик талбайн зүүн хэсэгт байрлагдаг бөгөөд 1871 онд Германы эзэнт гүрэн байгуулагдаж, нэгдсэн Герман улсын парламент буюу “Райхстаг”-ийг байрлуулах шинэ барилга барих тухай тогтоол Райхстагийн 1871 оны 4 дүгээр сарын 19-ний чуулганаар гарч, барилгын ажлыг архитектор Паул Валлот 1887-1894 онд удирдан хэрэгжүүлсэн байна. Энэхүү ордон нь дөрвөн талдаа цамхагтай, тэгш өнцөгт дөрвөлжин, неоренессанс урсгалын барилга бөгөөд олон нийтэд нээлттэй шилэн орой бүхий обьект юм.

Шилэн орой нь ардчилал, ил тод байдлыг илэрхийлсэн, байгалийн гэрлийг ашиглан эрчим хүч хэмнэх зорилготой болохыг УИХ-ын даргад тайлбарлалаа. Райхстагийн барилга нь Германы ард түмний хувьд ардчиллын үнэт зүйлсийг агуулсан, түүхэн билэг тэмдэг бөгөөд гол хаалган дээрээ “Германы ард түмэнд” гэсэн бичигтэй юм байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай хийх уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.