З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген бараалхав
2015.03.19

З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген өчигдөр бараалхав.

ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген уулзалтын үеэр, хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд баяртай байдгаа илэрхийлсэн.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Монгол Улсын Европ дахь чухал түнш болохыг онцлоод, тус улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг Стратегийн түвшинд хүргэх сонирхолтой байна. Хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Бундестагийн зүгээс анхаарч ирсэнд талархлаа илэрхийлье хэмээн уулзалтын үеэр хэллээ.

Мөн тэрбээр, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлэг, Бундестагийн гишүүдийн харилцан айлчлал тогтмолжиж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганыг  2015 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаас гадна АСЕАМ-ын хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна гэлээ.