АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах зөвлөлийн хурал боллоо
Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм.
Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна.
АСЕМ-ын уулзалтаар Ази, Европын улсууд улстөр, эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилт тавьж, эдгээр асуудлаар уулзалт, яриа хэлэлцээ хийдэг. Мөн уулзалтын хүрээнд төр засгийн тэргүүнүүд харилцан уулзалт хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлаар тодорхой шийдэлд хүрдэг байна.
Манай улсад болох дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахлан ажилладаг. Энэ хүрээнд таван дэд ажлын хэсэг гарч чиглэл чиглэлээр тус уулзалтад бэлтгэж буй юм.
Үндэсний зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж, Зам, тээвэр харилцаа холбоо болон Байр, зочид буудал хариуцсан Ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсч, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Ажлын хэсгийн дарга нарт үүрэг болголоо. 2014 онд Италийн Миланд болсон АСЕМ-ын уулзалтад дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн, Ерөнхий сайд нар, албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 5000 гаруй хүн оролцжээ.