2025.05.28

Д.Ганмаа: Газар, хэлтсийн дарга нар мэдлэг чадвараа дээшлүүлж анхаарахгүй бол хүн амын эрүүл мэнд чинь хэцүүдлээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо. 

Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганмаа асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр, ЭМЯ-ны үйл ажиллагааны гол зорилт болон чиглэл нь нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулах юм. Эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг нь хүн амын эрүүл мэндэд бүрэн нөлөөлдөггүй, 50-аас дээш хувь нь салбарын гадна хүчин зүйлс байдаг бөгөөд салбар дамнасан асуудал гэж хэлж болно. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн хуульдаа тусгагдсан байдаг. Эдгээр асуудлууд нь салбар хоорондын шинж чанартай ч гэсэн паблик хауф буюу эрүүл мэнд бодлого, нийгмийн эрүүл мэндийг ЭМЯ зохион байгуулж, манлайлах үүрэгтэй. Олон улсын түвшинд ч тийм л байгаа. Гэтэл тайланд энэ талаар ерөөсөө тодорхой дурдаагүй байна. Үүнийг онцолж цаашид бодлогын яамны чиг үүргийн дагуу салбар хоорондын шинжтэй нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны уялдаа, холбоог сайжруулахад манлайлж, анхаарч хүн амын нийгмийн эрүүл мэндэд хамарсан өөрчлөлт, үр дүнг тодорхой үзүүлэлтээр дүгнэн тооцож мэдээлэхийг зөвлөж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль гарсан зорилго нь ямар нэгэн төв эсвэл байгууллага барихдаа биш юм. Харин хүн амын өвчлөлийн шалтгаан болоод байгаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, цогц арга хэмжээг авах, хүн амын өвчин, өвчлөл, эрүүл мэндийн нөхцөл байдлын өгөгдлийг үнэн зөв боловсруулах, мэргэжилтэн хүний нөөцийг бэлдэх, мэдээллийн санд суурилсан шийдвэр гаргалтыг бий болгох, үр дүнг тоогоор үнэлдэг болохцаашид хүн амын эрүүл мэндийн асуудлыг ганцхан эрүүл мэндийн салбарын хүрээнд биш гадаад хүчин зүйлийн түвшинд цогцоор нь авч үздэг тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Эрүүл мэндийн оновчтойзөв бодлого хийх, хүн амын эрүүл мэндийг сайжруулахад бидэнд өнөөдөр хүн амын эрүүл мэндийн хэрэгцээний талаар системтэй дата үнэлгээ байхгүй байна. Тийм ч учраас энэ эрт илрүүлэг нэг дээрээ датагаа нэгтгээд, эцэслээд дуусгах зайлшгүй шаардлагатай. Хоёр өөр хөтөлбөрийг нэгтгэж 1 нэртэй болгож болохгүй. Баахан эмнэлэг бариад болон төв бариад тоног төхөөрөмж худалдаж аваад баймааргүй байна. Ер нь асуудлаа цогцоор нь харж бодлого хийнэ гэдэг нь энэ тайлангаас харагдахгүй байна. Тиймээс учраас бодлогоо гаргаж байгаа газар хэлтсийн дарга нар мэдлэг, чадвараа дээшлүүлж анхаарах шаардлага байна гэв.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан