УИХ-ЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД  БНФУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ
2025.05.20

УИХ-ЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД БНФУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, гишүүд Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж, хоёр талын хамтын ажиллагаанд боловсрол, соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр олон талт уулзалтууд зохион байгууллаа. Сенатын ээлжит чуулганы хуралдааны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ тус улсын Сенатын гишүүн, Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэйтэй уулзав.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа Монгол Улс 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Айлчлалын хүрээнд БНФУ-ын соёлын бодлогын томоохон хөтөлбөр болох “Pass Culture” байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, соёл, урлагийн хүртээмжийг залуу үеийнхэнд хүргэх сайн туршлагыг судаллаа. Мөн Луврын музейн тусгай үзэсгэлэнг үзэж сонирхохын зэрэгцээ Францын Үндэсний номын санд зочлон соёлын өвийн хадгалалт, түгээн дэлгэрүүлэлтийн талаар туршлага солилцов.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-нд зочилж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүүтэй уулзан Монгол-Францын хамтын ажиллагааны талаар болон Франц улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн амьдрал боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох болон хоёр улсын боловсрол, соёлын чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдол үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

БНФУ-ын боловсрол, соёлын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хийсэн уг айлчлалд УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны гишүүн Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа нарын хамт оролцлоо.