2025.05.20
Ц.Мөнхтуяа: БНЧУ-ын боловсрол, соёлын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, гишүүд Бүгд Найрамдах Чех Улсад ажлын айлчлал хийж, хоёр талын хамтын ажиллагаанд боловсрол, соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр олон талт уулзалтууд зохион байгууллаа. Чех Улсад хийсэн айлчлалын хүрээнд Карлын Их сургуулийн удирдлагуудтай уулзаж, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт, үр нөлөө, монгол судлалыг дэмжих талаар санал солилцов. Мөн Чехийн нэрт монголч эрдэмтдийн судалгаа, орчуулгын бүтээлийг хэвлэн түгээх, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндлөө.
Түүнчлэн Чех Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Чех-Монголын Парламентын бүлгийн дарга С.Берковец, М.Хаек нартай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Чехийн Үндэсний музейд зочлон “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнгийн зохион байгуулалттай танилцлаа. Мөн Монгол Улсаас Чех улсад суугаа ЭСЯ-нд зочилж, Чех улсад амьдарч буй хүүхдүүдэд зориулсан монгол хэл, соёлын төв байгуулах ажлын явцын талаар ярилцлаа. Энэ үеэр Элчин сайд Д.Гансүхтэй уулзаж Монгол, Чехийн харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Чех улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн амьдрал, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох болон хоёр улсын боловсрол, соёлын чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдол үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. БНЧУ-ын боловсрол, соёлын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хийсэн уг айлчлалд Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны гишүүн Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа нарын хамт оролцлоо.

Сэтгүүлч