Аналог станцуудыг 2016 оны нэгдүгээр сард унтраах нь
Аналог телевиз үзэж буй 200.000 орчим өрхийн тоогоор төхөөрөмж үйлдвэрлэнэ.
2015.01.15

Аналог станцуудыг 2016 оны нэгдүгээр сард унтраах нь

Монгол Улс 2014 оны долдугаар сард тоон технологид шилжсэн. 21 аймаг, 339 суманд тоон технологийг нэвтрүүлэх дахин дамжуулах станц суурилуулаад асаачихсан, ажиллуулж байгаа.

Антеннаар зурагт үзэж буй айлууд хувиргагч төхөөрөмж худалдаж авах юм. Харилцаа холбооны зохицуулах хорооноос есөн компани баталгаажуулах эрх авч, төхөөрөмжөө зах зээлд борлуулах болсон. ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль уг төхөөрөмжийг үйлдвэрлэж, зарим компани дотоодод утсарч, зарим нь импортолж буй аж. Манайд суурилуулсан  тоон технологийн дахин дамжуулах станцын дохиог хүлээж авахгүй төхөөрөмж зарж, иргэд хохирвол Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар хариуцлага үүрэхгүй тул заавал баталгаажуулж байгаа гэнэ.

Тиймээс компаниуд стандартын шаардлага хангасан төхөөрөмж нийлүүлэх ёстой. Үнийн хувьд хязгаар заагаагүй ч зах зээлийн жишигт нийцсэн, хэрэглэгчийн сонголтоос хамааралтай юм байна.               Аналог телевиз үзэж буй 200.000 орчим өрхийн тоогоор төхөөрөмж үйлдвэрлэнэ. Кабелийн телевиз үзэж буй айлууд төхөөрөмж худалдаж авах шаардлагагүй.

Баталгаажуулалт авсан компаниудын борлуулалтыг нь дэмжих, төхөөрөмжийг нь сурталчлахад “Радио телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрыг бүрэн дайчилж ажиллуулах аж. 2016 оны нэгдүгээр сард аналог станцыг бүрэн унтраана. Тиймээс иргэд энэ хугацаанд багтааж, тоон телевизийн төхөөрөмж худалдаж авах шаардлагатай.

Өдгөө тоон, аналог станцыг зэрэг ажиллуулж буй. Энэ хэрээр цахилгааны зардал өсөж байгаа. Гэхдээ энэ эрсдэлийг урьдчилж төлөвлөсөн байна. Аль ч улс тоон системд шилжихдээ аналог станцаа шууд унтраадаггүй, хэрэглэгчийг төхөөрөмжөө худалдаж авах боломжоор нь хангаж хугацаа өгдөг аж.

Жишээ нь, Япон тав, БНСУ 2.5 жил зарцуулсан байдаг. Харин манайх харьцангуй бага буюу 1.6 жил зарцуулж, 2016 оны нэгдүгээр сард аналог станцаа унтрааж, айлууд зөвхөн тоон телевиз үзэж эхлэх юм. 16 хүртэлх суваг үзүүлэх боломжтой ч эхний ээлжинд 10 суваг үзүүлэх гэнэ. Одоогоор сумын иргед телевизийн зургаан суваг үзэж байгаа аж.