Ц.Жадамбаа: ТҮЦ машины лавлагааг хуурамчаар үйлдэх боломжгүй
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2015.01.15

Ц.Жадамбаа: ТҮЦ машины лавлагааг хуурамчаар үйлдэх боломжгүй

Энэ онд мэдээллийн технологийн салбарт хийх шинэчлэлийн талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаатай ярилцлаа.

-Мэдээлэл технологийн салбарт энэ онд ямар ажил амжуулахаар төлөвлөсөн бэ?

-2015 оныг төр, хувийн хэвшлийн түншлэлийн жил болгон зарласан. Манай салбарт хийсэн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд суурилж хувийн хэвшилтэй хамтрахдаа, тэдгээр байгууллагыг мэргэжлийн түвшинд нь сайн ажиллуулах боломж бүрдүүлэх юм.

Өөрөөр хэлбэл, энэ салбарын X гэдэг компанийн менежер нь манай агентлаг болох юм. Энэ нь манай байгууллага танайхыг төртэй холбон, эрх зүйн орчныг нь бүрдүүлж, боломжит бүх нөхцөлөөр таны нэрийн өмнөөс ажиллана гэсэн үг. Жишээ нь, ТҮЦ машиныг үйлчилгээнд нэвтрүүллээ.

Иргэд ч мэддэг болсон байна. Тендер зарлаад компани шалгаруулж, энэ үйлчилгээг нэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэн тогтвортой үйл ажиллагааг нь хувийн хэвшил хангаж ажилласан. Гэрээний хугацаа дуусаад өдгөө төрд шилжээд буй ч цаашид үүнийг өргөтгөх, шинэчлэх ажилд хувийн хэвшлийнхнийг оролцуулах нь зөв юм байна гэдэг нь харагдаж байна.

-ТҮЦ машинаас 20 гаруй нэр төрлийн үйлчилгээ авдаг. Энэ онд шинэ үйлчилгээ нэмэх үү?

Төрийн 320 гаруй үйлчилгээ байдгаас 167-г нь автоматжуулж, цахимжуулах боломжтой. Эдгээр үйлчилгээг хувийн хэвшлийнхэн буюу программистууд хийж болно гэдгийг ТҮЦ машин дээр ажилласан манай компаниуд харуулсан.

Яамд жил бүр программ хангамжийн салбарт багагүй мөнгө төсөвлөдөг. Цахим засаглал хөгжсөн олон улсад ийм ажлыг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлж, тор үйлчилгээний зардлыг нь авч орлого бүрдүүлдэг жишээ бий. Монголд үүнийг хэрэгжүүлж, төсвөө хэмнэж болно. Эдийн засгийн хувьд ашигтайгаас гадна төрийн үйлчилгээ нээлттэй, түргэн шуурхай болох давуу талтай.

Өдгөө Ашигт малтмалын газраас гаргадаг лавлагаануудыг ТҮЦ машинаас авдаг болгох гэж байна. Үүний тулд ашигт малтмалтай холбоотой мэдээллүүдийг дахин боловсруулж лавлагаа хэлбэрт оруулна. Цаасан дээрх материалуудыг цахим болгон цэгцэлж буй хэрэг.ТҮЦ машины үйлчилгээг хязгааргүй нэмэх бүрэн боломжтой юм. 167-г бүгдийг нь оруулсан ч болно. Гэхдээ төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан үйлчилгээгээ автоматжуулахыг хүссэн тохиолдолд л нэвтрүүлдэг.

-Үйлчилгээгээ автоматжуулж, ТҮЦ машинд нэвтрүүлэх санал тавьж буй байгууллага хэр олон байна вэ?

Сүүлийн үед нэмэгдэж байгаа. Тухайн байгууллагын цаасан дээрх материалыг программ хангамжид хөрвүүлдэг учир багагүй хугацаа шаарддаг ч бид түрүүлж хандсан байгууллагын материалыг цаг алдалгүй оруулна.

Тодорхой дараалал үүсээд байгаа. Хугацааг нь нарийвчлан тогтооход хэцүү ч эхний ээлжинд ашигт малтмалтай холбоотой 2-3 төрлийн лавлагааг ТҮЦ машинаас авах боломж бүрдүүлнэ.

-Зарим газарт ТҮЦ машинаас авсан лавлагааг хүчинтэйд тооцдоггүй. Үүнийг цаашид хэрхэн шийдэх вэ?

www.tutsmashin.mn цахим сайтад тухайн лавлагааг шалгах программ суулгачихаад байна. Шалгах хэсэгт, лавлагааны дугаараа бичвэл аль машинаас, хэдэн цагт, хэн лавлагаа авсан нь харагдана. Үүнийг мэдэхгүй, ашиглахгүй байж иргэдийг чирэгдүүлж байгаа. Ийм амархан болгочихсон байхад яагаад иргэдийг чирэгдүүлж, хороо руу явуулах хэрэгтэй гэж. Зарим банк лавлагааг хүчинтэйд тооцдоггүй.

Гүйцэтгэгч компаниуд банкуудтай ажиллах талаар санал солилцож байна. ТҮЦ машины лавлагааг хуурамчаар үйлдэх ямар ч боломжгүй гэдэг нь баталгаатай үнэн. Хүний хурууны хээ хэзээ ч давтагдашгүй нь маш том баталгаа.

Олон улсад үүнээс өөр хүчинтэй зүйл байхгүй. ТҮЦ машин хурууны хээгээр баталгаажиж ажилладаг учир энэ лавлагаанд эргэлзэх, хүчингүй гэж тооцох үндэслэл байхгүй. Мөн санах ойгүй, зөвхөн дамжуулагч учир аюулгүй байдлын хувьд дээд зэргийн баталгаатай.