“Амар Мэндийн Хан Хэнтий” Шашин урлагийн цэнгүүн боллоо
Улаанбаатар хот дахь “Хэнтий аймгийн нутгийн зөвлөл”, “Хэнтий аймгийн залуучуудын холбоо”, “Би энд Би энтертаймент” хамтран ХVII жарны хөхөгчин хонин жилийн “Амар мэндийн Хан Хэнтий” сар шинийн золголт, шашин урлагийн их цэнгүүнийг Монгол бөхийн өргөөнд энэ сарын 27 буюу шинийн 9-ний билэгт сайн өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ–ын гишүүн Б. Бат-Эрдэнэ болон аймаг, орон нутгийн удирдлагууд болон Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч байгаа Хэнтий аймгийн уугуул, суугуул иргэд оролцлоо.
Цэнгүүнд Хэнтий аймгаас тодрон гарсан хутагт хувилгаад, лам хуврагууд хонин жилийн бүх заслыг хийж, хийморь лундааг сэргээж ном айлдлаа. Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын бүжигчид болон Хэнтий нутгаас төрөн гарсан уран бүтээлчид 22 сум, тосгодыг төлөөлөн оролцон нутгийн түмэндээ ая дууны эгшгээр мэндийн цэнхэр хадаг өргөсөн юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар цэнгүүнд хүрэлцэн ирсэн сум бүрийн төлөөлөл 1 өндөр настанд гарын бэлгийг гардуулан өглөө.
Мөн сум, тосгодын удирдлагууд хүрэлцэн ирж, идээ будааныхаа дээжийг нутгийн түмэндээ өргөн барьж, амар мэндээ мэдэлцсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.