Холбооны яамны сайдууд болон ахмад холбоочдоо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтан МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа ахмад холбоочид, буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ахмадуудтайгаа санал бодлоо хуваалцан салбарынхаа хөгжил дэвшил, цаашдын хэрэгжүүлж буй ажил, нэвтрүүлж буй шинэ технологи, 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Тэрээр Ц.Жадамбаа дарга Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2 жил тутам олон улсын цахим засаглалын хөгжлийн индексийн тайланг гаргадаг бөгөөд энэхүү тайланд манай улс 193 орноос 65-р байрт жагсаж өмнөх оны үзүүлэлтээс 11 байр урагшилсан баярт мэдээг ахмадуудаа дуулгахад таатай байлаа.
Мөн ахмад холбоочид, гавьяат буурлууд маань Холбооны салбар нь бие даасан яам байхдаа Монгол улсад харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн билээ хэмээгээд нэг чиглэлийн яам байх нь хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, шийдвэрлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, тэдгээрийг сургах, бэлтгэхэд чухал ач холбогдолтой байсан юм гэцгээж байв.
Нэгэн цагт залуу нас, мэдлэг боловсрол, авьяас чадвараа харамгүй зориулж байсан ахмадууд маань салбарынхаа хойч үеийнхэндээ мэдлэг туршлагаасаа хуваалцах үүрэгтэй, та бүхэн юуны түрүүнд ажилдаа хоёргүй сэтгэлээр хандах нь хамгаас чухал хэмээн захиж байлаа.
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа ахмадуудын захиж хэлсэн үг, сургаалийг ажилдаа хэрэгжүүлнэ гэдгээ хэлээд ирж буй модон хонин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай сар шинэдээ сайхан шинэлээрэй хэмээн ерөөж гарын бэлгээ гардуулсан юм.