
ЭЗБХ: “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн 3 дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2025.05.28) өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Бадамсүрэн танилцууллаа.
Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төслийн холбогдох хэсэг, заалт, дэд заалтад нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл заалтын дугаарыг нийцүүлэн өөрчилж найруулгын шинжтэй засварыг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Бадамсүрэнгийн дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэсэн заалтын дагуу санал хураалт явуулан шийдвэрлээд, үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Эдийн засгийн байнгын хороо ийнхүү жилийн төлөвлөгөөний төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг эцсийн хувилбарын төслийн хамт нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.