Сонгинохайрханчууд “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
Монгол Улсад улс төрийн ууган хүчин, Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой өчигдөр тохиолоо.
Энэ өдрийг нийслэлийн зургаан дүүргийн МАН-ын хорооныхон тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Тэдний нэг Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооныхон өнгөрсөн бямба гаригт уг арга хэмжээг зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Нийслэлийн намын хорооны удирдлагууд болон Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч гишүүд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хорооны Засаг нар оролцлоо. Энэ удаагийн Эх орончдын өдөрт зориулсан арга хэмжээнд 3000-аад хүн цуглаж, эх орон, газар шороогоороо бахархан нэг өдрийг дуу хууртай өнгөрүүлэв.
Уг арга хэмжээний үеэр тус дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Сонгинохайран дүүргийн МАН-ын хорооны шилдэг тэргүүний үүр, гишүүдээ шагнаж урамшуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Мөн Монгол Улсад улс төрийн ууган хүчин МАН үүсгэн байгуулагдсан ойг тохиолдуулан “Тусгаар тогтнол” сэдэвтэй эссэ бичлэгийн уралдаан зарлаж, тэргүүн байрт шалгарсан хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.
Хүн бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө өөрийн гэсэн үндэсний үзэлтэй байхаас бүх зүйл эхэлнэ” хэмээн онцолсон. Харин Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Эх орончдын баярын өдрийг ойрын өдрүүдэд орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Ер нь эх орон, эх орончдын баяр гэдэг цохилох зүрх, гүйх цус, амьсгалах агаараас эхэлнэ. Монгол хүн газар нутагтаа эзэн байхаас эхэлнэ.
Эзэн байхын тулд яах хэрэгтэй вэ гэхээр бодол санаа, үйл хэрэг бүхэн зөв байх ёстой. МАН-ыг үүсгэн байгуулсны 94 жилийн ойтой давхцаад эх орончдын өдөр тохиодог. МАН тэртээх 94 жилийн өмнө тулгын гурван чулуугаа тавилцаж, өнөөгийн бидэнд ирэх энэ нийгмийг цогцлооход бие сэтгэл, халуун цус, бүлээн амь, хөлс хүчээрээ өнөөдрийн нийгмийг бүтээхэд МАН хөгжлийн гол тулгуур нь болж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх” хэмээн тодорхойлсон.