С.Бямбацогт: Эдийн засаг өргөс авчихсан юм шиг 2015 онд сэргэчихнэ гэж байхгүй
УИХ дахь МАН-ын бүлгээс хэдийгээр хамтарсан Засгийн газрыг байгуулан улс орны өмнө тулгамдаад байгаа эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн эсрэг ажиллаж байгаа ч олонхийн зүгээс дэвшүүлж байгаа зарим алдаатай бодлогыг хойшид ч хүчтэй эсэргүүцэх болно гэдгээ мэдэгдэв. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос дараах тодруулга, ярилцлагыг авлаа.
-Өнгөрсөн намрын чуулганаар МАН-ын бүлэг ямар ажлууд амжуулсан бэ?
За намрын чуулганы хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг бүлэг 42 удаа хуралдаж, 17 ажлын хэсэг байгуулан ажиллав. Өнгөрсөн чуулганы хугацаанд холбогдох албан тушаалтнуудад 76 албан бичиг илгээж, 16 албан бичигт хариу хүссэнээс 10-т нь хариу авсан байна.
Намрын чуулганы үеэр Монгол Улсын эдийн засгийг хямралд хүргэсэн шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцож огцруулсан. Олон иргэдийн зүгээс заавал Засгийн газрыг огцруулах шаардлагатай байсан уу гэж асуудаг. Тэгвэл сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эрх баригчдын явуулсан алдаатай бодлого, хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас улс орон эдийн засгийн хямралд орж, өр зээлэнд баригдан ард түмний амьдрал хүндэрч, ажилгүйдэл, ядуурал нүүрлэн гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ бууруулсан.
Эдийн засгийн бүх үзүүлэлт уруудан доройтож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өссөн. Ийм байдлаар цааш явбал улс орны эдийн засаг улам л муудна гэж үзсэн учраас Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан юм.
Хэрвээ ийм бодлогоор цаашид явбал 2016 он гэхэд Монгол Улс тун хүнд байдалд орно гэж Олон улсын байгууллагууд эдийн засгийн тайландаа дурдаж, сануулсаар ирснийг хэлэх ёстой. Эцсийн эцэст иргэдийн нуруун дээр ирэх ачаа, татвар хураамж улам л нэмэгдэнэ.
-Нэг Засгийн газрыг нь огцруулаад дараагийнхад нь хамтарлаа. Ямар үр дүн гарч байна?
Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал үнэхээр хүндэрсэн үед шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн Засгийн газарт хамтран ажиллах урилгын дагуу асуудлыг намын Бага хурлаараа шийдэж хэд хэдэн болзолтойгоор Засгийн газарт орсон. Тухайлбал, эдийн засгийн уналтыг саармагжуулж, улмаар тогтворжуулах, ажлын байруудыг хадгалах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дарга нарын тансаг хэрэглээг танах, нэг төсөвтэй болох, эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр хэрэгжүүлэх, парламентын засаглалыг боловсронгуй болгох чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 2015 онд багтаан хуульд заасан журмын дагуу хамтран шийдвэрлэх гэх мэт улс эх орон, ард түмний эрх ашгийг дээдэлсэн асуудлуудыг дурдаж болно.
Зарим асуудлууд эхнээсээ ажил хэрэг болох шатандаа явна. Гэхдээ нэгэнт ингэж хүндэрчихсэн Монгол Улсын эдийн засаг энэ онд өргөс авчихсан юм шиг гэнэтхэн сайжирчихна гэж байхгүй гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй.
-Өнгөрсөн намрын чуулганаар эдийн засгийг сэргээх ямар дорвитой төлөвлөгөө, хөтөлбөр батлагдсныг иргэдийн олонх нь сайн мэдэхгүй байгаа. Энэ талаар?
Ямар ч гэсэн амаргүй мэтгэлцээн, маргалдааны үр дүнд Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөртэй болсныг дурдах ёстой. УИХ-ын намрын чуулганы гол онцлог бол хэлэлцэн шийдвэрлэсэн ихэнх асуудлууд эдийн засгийн агуулгатай байсан гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Энэ нь нэг талаас Монголын эдийн засаг хямралд орсныг нотолж байгаа хэрэг.
Нөгөө талаас эдийн засгийн хямралаас гаргах гэж УИХ асуудалд ихээхэн анхаарч байгаагийн илрэл юм. МАН-ын бүлэг эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг урьдчилан харж өмнөх Засгийн газрын үед эдийн засгийн хямралыг даван туулах дунд, богино хугацааны хөтөлбөрүүдийг удаа дараа санал болгож байсан. Энэ удаа Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр"-ийг УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа.
МАН-ын бүлгийн санаачлага, шаардлагаар төсвийн ажил үйлчилгээ гүйцэтгээд мөнгөө авч чадаагүй 100 шахам аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. Хувийн хэвшлийг бодлогоор дэмжих, ажлын байрыг нь хадгалж үлдээх тодорхой санаачилгууд гаргасан. Мөн Тавантолгойн төслийг цаг хугацаа алдалгүй эдийн засгийн эргэлтэд оруулах ажилтай холбогдуулан МАН-ын бүлгээс 1072 ширхэг хувьцааны асуудлыг давхар шийдвэрлэх санаачилгыг гаргасан.
-Монгол Улс хэд хэдэн төсөвтэй яваад байгааг Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас удаа дараа анхааруулсаар ирсэн. Тэр асуудлыг зохицуулж чадсан уу?
Сайн, муугаар дуудуулсаар байгаа ч хамтарсан Засгийн газар байгуулагдсаны үр дүнд ямар ч гэсэн Монгол Улс нэг төсөвтэй болж авсан. Өмнөх Засгийн газрын бодлогын алдаануудыг засах чиглэлд дорвитой анхааран ажиллаж байгаагийн үр дүнд сүүлийн хоёр жил нэг төсөвтэй байхыг шаардсан МАН-ын бүлгийн санал биеллээ олсныг тэмдэглэн хэлэх ёстой.
Нэг төсөвтэй болсон нь бондын зарцуулалтыг УИХ хянаж, ард түмэнд мэдээлж байх боломжууд нээгдэж байгаа юм. Түүнчлэн МАН-ын бүлгийн санаачилгаар “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтыг шалгахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч, Хөгжлийн банкинд шалгалт оруулаад байна.
МАН сүүлийн хоёр жил төсвийн хэмнэлтийн бодлогыг санал болгосон. Тухайлбал, Засгийн газрын зарим тусгай сангуудыг татан буулгаж, чиг үүргийн давхардлыг яам, агентлагт нь хариуцуулахаар болсон. МАН-ын бүлэг ард түмний амьдрал хүнд байхад татвар нэмэхийг дэмжихгүй, татвар нэмж хямралаас гарахгүй гэсэн бодлого баримталсан.
-Саяхан ахмадын тэтгэврийн зээлийн хүүг 18-аас ес болгон буулгах ёстой гэж Н.Номтойбаяр нарын гишүүд мэтгэлцээн өрнүүлээд байсан. Тэр ажил юу болсон бэ?
МАН эдийн засгийн хямралын нөхцөл байдлаас үүдэн ахмадуудынхаа нийгмийн халамжийн асуудалд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Ахмадуудын тэтгэвэрийн зээлийн хүү жилийн 18 хувь байгааг ес болгон бууруулах санаачилгыг гаргаад ид ажиллаж байна. Ач санах тухай хуулийн төслийг батлуулахаар УИХ-д өргөн мэдүүллээ.
МАН-ын бүлгээс 2015 оны төсөв батлахтай холбогдуулан төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Эхний ээлжинд тэтгэврийг тодорхой хувиар нэмэхээр болоод байна. Түүнчлэн Хөдөлмөрийн сайдтай хамтран Ажилгүйдлийг бууруулах төрийн бодлого боловсруулж, удахгүй хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаа.
-Шийдлийн Засгийн газар МУИС, ШУТИС, клиник эмнэлгүүдийн хувьчилна гэж хэсэг шуугиулсан. Тэр асуудал юу болсон бэ?
Төрийн өмчийг хувьчлахдаа Хөрөнгийн бирж, гэрээ, концесс, дуудлага худалдаа, хувьцаа хэлбэрээр олгох саналыг Засгийн газар гаргасан. МАН-ын бүлэг хувьчлалыг ил тод, нээлттэй, шударга зарчмаар хийх ёстой гэсэн зарчмын байр суурийг баримталж байгаа. Нөгөөтэйгүүр эдийн засаг хямралтай, үндэсний аж ахуйн нэгжүүд мөнгөгүй, хямралд өртсөн үед төрийн өмчийг хувьчлах нь зохисгүй гэж үзсэн. Засгийн газар нийгмийн салбарын зарим байгууллагыг хувьчлахаар оруулж ирснийг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Нийгмийн салбарын төрийн өмчийн байгууллага гэдэгт МУИС, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Боловсролын их сургууль, Улсын клиникийн I, II, III дугаар эмнэлгүүд, Халдвар, хавдар гэх мэт том эмнэлгүүд багтана. Хэрэв эмнэлгүүдийг хувьчилбал үнэгүй хийгддэг байсан эмчилгээ, хагалгааны зардал асар өндөр болж, ард түмний нуруун дээр ирэх ачаа нэмэгдэнэ. Тиймээс МАН-ын бүлэг нийгмийн салбарын хувьчлал гэдгийг дэмжээгүй.
-Сарын дараа хаврын чуулган эхэлнэ. Энэ хугацаанд та бүхэн ямар бэлтгэл ажил хийх вэ?
УИХ-ын хаврын чуулган хүртэлх хугацаанд МАН-ын бүлгийн гишүүд тойрог болон орон нутагт ажиллана. Ингэхдээ УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, улс орон, ард түмний эрх ашигтай холбоотой Үндсэн хууль, сонгуулийн хууль болон улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт иргэдийн хүсэн хүлээж байгаа асуудлаар ард иргэдийн санал бодлыг сонсож ажиллана. Мөн иргэдийн санаа бодлыг төрийн бодлого шийдвэрт тусгахад анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
Тухайлбал, УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдээ боловсронгуй болгох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, өөрчлөлт оруулахдаа ямар ямар асуудлыг шийдэх вэ, сумын Засаг даргыг ард түмнээс сонгодог болох уу, УИХ-ын гишүүдийг ард түмний дундаас шууд сонгуулиар тодруулдаг болох эсэх, жагсаалтаар УИХ-ын гишүүн болдог одоогийн хуулийг өөрчлөх ёстой юу гэх мэт олон асуудлыг ард түмнээсээ асууж МАН-ын бүлэг шийдвэрлэх юм. Мөн хэлэлцүүлгийн шатанд байгаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийн хүрээнд хүний эрх, эрх чөлөө, гэмт хэргийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар иргэдийн саналыг сонсоно.
Үүний зэрэгцээ Засгийн газар ажлаа хэр хийж байна, яаж шахаж шаардаж ажиллах вэ, ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллана. Сонгуулийн тогтолцооны хүрээнд МАН 100 хувь можаритор буюу иргэд хэнийг өөрсдийн элч, төлөөлөгч болгохоо шууд шийддэг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө байгаа, мөн сонгуулийн "хар машин-ы тооллогыг хэвээр хадгалах уу, эсвэл өөрчлөх үү гэх мэт асуудлыг иргэдээс асууж шийдвэрлэнэ.
-Та бүхэн өнөөдрийн эдийн засгийн хямрал зөвхөн АН-аас болсон юм шиг яриад байх юм. Гэтэл өнгөрсөн 25 жилийн ихэнх хугацаанд МАН төрийн эрх барьж байсан биш билүү?
Энэ асуудалд тодорхой тоо баримттай, дэс дараатай хандах ёстой. Жишээлбэл сүүлийн гурван жилийн статистик тоо баримтыг аваад үзье л дээ. 2012 оны долоодугаар сарын байдлаар эдийн засгийн өсөлт 14.5 хувьтай байсан бол 2014 оны 12 дугаар сарын байдлаар энэ үзүүлэлт 7.8 хувь болж хоёр дахин буурсан байна. Тэгвэл гадаад валютын нөөц 2.6 тэрбум ам. доллар байсан бол 1.3 тэрбум болж мөн л хоёр дахин буурсан бол, гадаад валютын ханш 1338 төгрөг байсан бол 1888 төгрөг болж 40 хувиар өссөн байна.
Ард иргэдийн амжиргааны түвшинг харуулдаг хамгийн гол инфляцийн түвшин 9.7 хувьтай байснаа 11 хувь болж 1.3 функтээр нэмэгдсэн байгаа юм. Улсын гадаад өр 2012 оны долоодугаар сард 4864.7 тэрбум төгрөг байсан бол 2014 оны 12 дугаар сард 14218.9 тэрбум төгрөг буюу гурав дахин нэмэгдсэн байна. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалт 4620.1 тэрбум төгрөг байсан бол 567.9 тэрбум болж найм дахин буурсан байгаа юм.
Хамгийн ноцтой нь Монгол Улсын төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр 37.0 тэрбум төгрөг байсан бол 500.4 тэрбум буюу 13.5 дахин нэмэгдсэн байна. Үндсэндээ хоёрхон жилийн дотор Монгол Улсын эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд ингэж огцом доошилсон байна. Байдал ийм байгаа учир бид хойшид ч нэлээн хатуу хяналттай, шаардлагатай ажиллахаас өөр аргагүй.