Хэнтий аймаг Бүгд Найрамдах Турк улстай найрамдалт хамтын ажиллагааг эхлүүллээ
Арван долдугаар жарны хөх морин жилийн зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн гурваны балжиннямтай хар бар өдөр буюу 05 дугаар сарын 31-ны өдөр Эзэн Чингис хааны байгуулсан алтан төрийн хэт нь цахигдаж, гал нь бадарсан газрыг өнө эртнээс эзэгнэн суусан Хан Хэнтийчүүдийн бахархалт, уламжлалт шүтээн хайрхануудын нэг Өндөрхаан хайрханы тахилга, тайлгын наадмыг зохион байгуулсан билээ.
Энэхүү тайлгын үйл ажиллагаанд Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайд Мурат Карагөз болон Улаанбаатар хот дахь Монгол –Туркийн Аж үйлдвэрлэл, Бизнесийн холбоо /TÜMOSİAD /-ны удирдлагууд оролцож, Хэнтий нутгийн түүх дурсгал, бүтээн байгуулалттай танилцан хамтран ажиллах талаар санал солилцож байсан.
Тиймээс Эрхэм элчин сайд Мурат Карагөз Монгол улсын бүхий л орон нутаг, аймгийн төлөөллүүдийн түвшинд найрсаг харилцаа хамтын ажиллагаатай байх нь Турк улсын хувьд чухал болохыг онцолж байсан бөгөөд олон зуун жилийн тэртээгээс үүдэлтэй амьдралын ижил төстэй хэв маяг, соёл иргэншилтэй ард түмэн учраас өөрийн эх орондоо айлчлахыг урьсан юм.
Үүнтэй холбогдуулан Хэнтий аймгийн удирдлагууд өнгөрөгч 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэл Турк улсад албаны ёсны ажлын айлчлал хийж найрамдалт хамтын ажиллагааг эхлүүлэн соёл,боловсрол, эдийн засаг нийгмийн салбартаа хөрөнгө оруулалт татах зорилгоо биелүүллээ.
БНТУ-ын Ататуркийн нисэх буудалд буухад Эзэн Чингисийн байлдан дагуулал, Хан Хэнтий нутгийн түүх дурсгалыг харуулсан, мөн зочлохыг уриалсан богино хэмжээний дүрст бичлэг Турк улсын хамгийн том ОУ-ын онгоцны нисэх буудалд цацагдаж байсан нь дэлхийн 100 гаруй орны олон сая жуулчдын сэтгэлийг хөдөлгөсөнөөс гадна Хэнтий нутагт аялах сонирхлыг төрүүлж байсан юм.
Турк улсад албаны ёсны ажлын айлчлал хийж найрамдалт хамтын ажиллагааг эхлүүлэн соёл,боловсрол, эдийн засаг нийгмийн салбартаа хөрөнгө оруулалт татах зорилгоо биелүүллээ
Элчин сайд Мурат Карагөз хүндэтгэлийн өргөөндөө хүлээн авч уулзлаа
Турк улсад хийх албан айлчлал эхлэхээс өмнө аймаг орон нутгийн удирдлагуудыг Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайд, эрхэмсэг ноён Мурат Карагөз өөрийн хүндэтгэлийн өргөөндөө хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Мурат Карагөз хүндэтгэлийн өргөөндөө хүлээн авч уулзлаа
Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, бизнес, нийгмийн салбарт хамтарч ажиллах боломжтой талаар ярилцсан ба хүрэлцэн ирсэн 18 сумын зочид төлөөлөгчдөөс Турк улстай ямар чиглэлээр хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгааг асуухад Хөдөө аж ахуй, бизнес, хөрөнгө оруулалт, боловсролын чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн үеэр элчин сайд Мурат Карагөз өөрийн зардлаар орон нутгийн шилдэг оюутныг Турк улсад сургана гэдгээ амлаж байлаа. Ийнхүү эрхэм ноён элчин сайдтай хийх уулзалт өндөрлөн зочид төлөөлөгчдийг Бүгд Найрамдах Турк Улсад тавтай морилон саатахыг урьлаа.
Бүгд Найрамдах Турк Улстай найрамдалт хамтын ажиллагааг эхлүүллээ
Бүгд Найрамдах Турк улсад хийж байгаа ажлын айлчлал ийнхүү эхлэж айлчлалын 2 дахь өдөр Маниса хотыг зорин очиход Турк улсын ерөнхий сайдын зөвлөх бөгөөд Маниса хотын захирагч Омер Фарук болон албаны бусад хүмүүс хүлээн авлаа. Маниса хот нь Турк улсын томоохон хотуудын нэг бөгөөд 1,500,000 хүн амтай, түүхийн өлгий нутаг юм. Тухайлбал Султан хааны нутаг гэдгээрээ алдартай хот юм.
Уулзалтанд Аймгийн засаг дарга Ж. Оюунбаатар, ИТХ-ын дарга С. Пүрэвжав, Чингис хотын захирагч Н.Базарханд, Биндэр сумын засаг дарга, ИТХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Н. Алтангэрэл, Төрийн байгуулалт, хууль зүйн хорооны дарга Д. Аюурбунь, Улаанбаатар дахь Монгол-Туркийн Аж үйлдвэрлэл, бизнесийн холбоо (TÜMOSİAD)-ны удирдлагууд оролцлоо.
Бүгд Найрамдах Турк Улстай найрамдалт хамтын ажиллагааг эхлүүллээ
Уулзалтын үеэр хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааны чиглэлээр ярилцсан ба бизнес, нийгэм, хүмүүнлэгийн салбарт хамтарч ажиллахын зэрэгцээ Чингис хоттой ахан дүүсийн найрамдалт харилцаа тогтоохоор болсон юм. Мөн түүнээс гадна Боловсролын салбарт ч хамтран ажиллахаар санал солилцжээ.
Тус хотын удирдлагууд энэ ондоо багтан Хэнтий аймагт албан айлчлал хийх ба , аймаг орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаж ямар бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо тодорхойлон хамтын ажиллагааны гэрээг үзэглэх аж.
Маниса хотын хувьд үйлдвэрлэл нэлээд хөгжсөн ба европт төдийгүй дэлхийд алдартай барилгын өнгөт чулууг үйлдвэрлэдэг. Тиймээс түүх дурсгалын томоохон цогцолбор болох “Эзэн чингис хааны түүхэн цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажилд түүхий эдээ бэлтгэх боломжтойг энэ үеэр хэлжээ. Хоёр хааны төрсөн нутаг найрамдалт хамтын ажиллагаа эхлүүлж байгаа нь бэлэгшээлтэй үйл явдал төдийгүй цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллана хэмээж байлаа.
Морин тойруулгын газрын бүтээн байгуулалтын ажил болон барилгын салбарт хамтарна
Хэнтий аймгийн засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Морин тойруулгын газрыг барихаар төлөвлөсөн байдаг. Үүнийхээ хүрээнд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар нутаг, Кувейт улсын морин тойруулгын газраас туршлага судалж байсан. Энэ удаад ч мөн Турк улсын морин тойруулгын газраас туршлага судалсан ба удирдлагуудтай нь уулзалт хийн хамтран ажиллах талаар ярилцжээ.
Уулзалтанд Аймгийн ИТХ-ын дарга С. Пүрэвжав, Биндэр сумын засаг дарга, ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Н. Алтангэрэл, Батширээт сумын засаг дарга Ц. Баярсайхан нар оролцсон юм. Тус газрын удирдлагууд морин тойруулгын газар барих ажилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж томоохон дэмжлэг үзүүлэхээ амласан байна.
Энэхүү уулзалтын дараагаар Турк улсын Истамбул хотын Ататурк ОУ-ын нисэх буудлын гүйцэтгэх захирал Ситки Зэебал болон тус компанийн бизнесийн төлөөллүүдтэй уулзалт хийн Хэнтий аймгийн барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх тухай болон Чингис хотын цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Мөн түүнээс гадна МУ-ын Засгийн газарт саналаа тавьж шийдвлэрлүүлж чадсан тохиолдолд замын ажилд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа гэдгээ ч уулзалтын үеэр бизнесийн төлөөллүүд илэрхийлж байлаа.
Өмнөдэлгэр суманд Нэг сая долларын хөрөнгө оруулалт хийлээ
Хэнтий аймгийн удирдлагуудын Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн албан айлчлалын төлөвлөгөөнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумыг Турк Улсын Конияа хотын Селчук дүүрэгтэй хамтын ажиллагааны эхлэлийг тавих асуудал байсан бөгөөд аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Ө.Цогбадрах, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Хурлын байгууллагын “Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо”-ны гишүүн Өмнөдэлгэр сумын засаг дарга У.Нүрсэд нарын тэргүүтэй албаны төлөөлөгчид айлчлалын гуравдахь өдөр Турк улсын Конияа хотын Селчук дүүргийн нутгийн удирдлагын байгууллагын урилгаар Селчук дүүрэгт нэг өдрийн албан айлчлал хийлээ.
Хэнтий аймгийн хурлын байгууллагын төлөөлөгчдийг Бүгд Найрамдах Турк Улсын Конияа хотын Селчук дүүргийн нутгийн удирдлагын ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн халуун дулаан уулзалт, яриа өрнүүлсэн юм.
Өмнөдэлгэр суманд Нэг сая долларын хөрөнгө оруулалт хийлээ
Уулзалт ярилцлагын явцад хоёр талаас хамтран ажиллахад бэлэн байгаа илэрхийлж, цаашдын хамтын ажилгааныхаа чиглэлийг тодорхойлоход хоёр улсын удирдах дээд шатны байгууллагын албан ёсны зөвшөөрөл авч найрсаг хамтын ажиллагааны эхлэлийг тавих эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухлыг харилцан ойлголцлоо.
Халуун дотно болсон уулзалт ярианы үр дүнд Монгол Улс- Турк Улсын ижил төстэй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн байгууллагуудын найрсаг хамтын ажиллагааны эхлэл болох энэхүү уулзалт яриа цаашид ажил хэрэг болох баталгаа болгож Селчук дүүргийн нутгийн удирдлагын байгууллагаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1.0 сая долларын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэлээ.
Турк улсын Конияа хот нь 5 сая орчим хүн амтай бөгөөд Селчук дүүрэг нь 560.000 хүн амтай 1989 онд шинээр зохион байгуулагдсан 25 жилийн түүхтэй залуу дүүрэг юм. Дүүргийн эрх барих дээд байгууллага нь Нутгийн удирдлагын байгууллага бөгөөд 45 төлөөлөгчидтэй. Энэ байгууллага нь Орон нутгийн төсвийг батлаж, захиран зарцуулах эрхийг хамтад нь эдэлдэг ба сард 2 удаа тогтмол хуралдаж шийдвэр гаргаж ажилладаг байна.
Энэ үеэр Хэнтий аймгийн Хурлын байгууллагын төлөөлөгчид Селчук дүүргийн нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа болон үйл ажиллагаа нь явагдаж байгаа барилга байгууламж түүний үйл ажиллагаатай танилцлаа.
Турк улстай бизнес, аялал жуулчлалын чиглэлд хамтарч ажиллана
2500 гаруй жилийн түүхтэй Истанбул нь далай тэнгис, эх газар хосолсон стратегийн чухал байршлаараа эртнээс өнөөг хүртэл чухал худалдааны төв байсаар ирсэн байна. Тиймээс хоёр хотын найрсаг харилцааг бэхжүүлэх, худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Турк улсын Бизнес, аж үйлдвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооны удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийж хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтанд ИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг төсөв санхүү өмчийн хорооны дарга Ч. Амгалан, Дадал сумын засаг дарга Д. Оюунгэрэл, Бор-Өндөр сумын засаг дарга Ж. Ганхуяг, ИТХ-ын төлөөлөгч Ж. Энхтөр, Д.Даваажав, Б. Ууган-Оргил нар оролцсон бөгөөд Истамбул хотын Жижиг Дунд бизнесийг дэмжих сангийн дарга ноён Файк Иылмиз найрсагаар хүлээн авч хоёр хот бизнес, аялал жуулчлал, Хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Турк улстай бизнес, аялал жуулчлалын чиглэлд хамтарч ажиллана
Тус улсын Бизнес, аж үйлдвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо нь Турк улсын хэмжээнд нэг сая гаруй, Истамбул хотын хэмжээнд 800 гаруй гаруй гишүүнтэй томоохон холбоо аж. Туркийн эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн салбаруудын нэг бол Аялал жуулчлал.Өнгөрсөн жилийн хувьд 35 сая жуулчин Турк улсад зорчсон байдаг.
Үүнээс харахад дэлхийн хамгийн олон жуулчин хүлээж авдаг орны жагсаалтад бичигдэх нь зүй ёсны хэрэг юм. Турк улс энэ салбарт хуримтлуулсан арвин их туршлагатай орон. Тиймээс Монгол орон тэр дундаа Их хааны нутаг Хэнтий аймагтай Аялал жуулчлалын чиглэлд хамтарч ажиллах туйлын сонирхолтой байгаа юм. Турк улсын бизнес , аж үйлдвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооны удирдлагууд ирэх зун буюу Долоодугаар сард улсын баяр наадмаар Хэнтий нутагт айлчилж хамтын ажиллагааныхаа дараагийн ажлуудыг эхлүүлэхээр боллоо.
Ийнхүү Бүгд найрамдах Турк улсад хийсэн ажлын албан айлчлал өндөрлөсөн юм. Тус улсад хийсэн албан айлчлалыг зохион байгуулсан хүн бүр Олон зуун жилийн тэртээгээс үүдэлтэй амьдралын адил төстэй хэв маяг, соёл иргэншилтэй хоёр орны ард түмэн уулзаж хамтын ажиллагаа эхлүүлж байгаад талархалтай байна хэмээн сэтгэл өндөр хүлээн авч найрамдалт хамтын ажиллагаа өргөжин батжина гэдэгт итгэл төгс байлаа.