Туркийн Элчин сайд Мурат Карагөз Хэнтий аймагт зочиллоо
Зочдыг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар болон ИТХ-ын дарга С.Пүрэвжав нар хүлээн авч уулзав
2014.06.18

Туркийн Элчин сайд Мурат Карагөз Хэнтий аймагт зочиллоо

Турк улсаас Монгол Улсад суугаа эрхэмсэг ноён, Элчин сайд Мурат Карагөз олон нийтэд нээлттэй дипломат үйл ажиллагааны хүрээнд эдийн засаг, соёлын чанартай уулзалт, арга хэжээнүүдэд оролцох зорилгоор 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд Хэнтий аймагт ажлын айлчлал хийлээ.

Айчлалын бүрэлдэхүүнд БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдааны зөвлөхийн орлогч ноён Огуз Куюмжу болон Улаанбаатар дахь Монгол-Туркийн Аж үйлдвэрлэл, бизнесийн холбоо (TÜMOSİAD)-ны удирдлагууд багтсан байв.

Зочдыг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар болон ИТХ-ын дарга С.Пүрэвжав нар хүлээн авч уулзан тус аймагт хэрэгжүүлж буй барилга, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн, Хэнтий аймагтай худалдаа, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдсан байна.

Их эзэн Чингис хааны өлгий нутагт ийнхүү айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ

Элчин сайд Мурат Карагөз Монгол Улстай бүхий л орон нутаг, аймгийн төлөөллүүдийн түвшинд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байх нь Бүгд Найрамдах Турк Улсын хувьд чухал болохыг онцлоод Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Их эзэн Чингис хааны өлгий нутагт ийнхүү айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Мөн Хэнтий аймагт халх, буриад, казах үндэстнүүд аж төрдөг нь хүн амын хувьд баялаг аймаг болохыг харуулж байгааг онцолж байв.

Аймгийн удирдлагууд зочдыг ёслол хүндэтгэлийн өргөөндөө урьж, гарын бэлэг гардуулан дурсгалын зураг татуулсан юм. Элчин сайдыг Хэнтий аймагт айлчилж байгаатай холбогдуулан АДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоо өргөн барилаа.

Үүний дараагаар эрхэмсэг ноён Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчид аймгийн хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарынхантай уулзалт хийж, тэдний сонирхсон асуултанд хариулсан юм.

Элчин сайдын айлчлалын үеэр билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 3-ны өлзий дэмбэрэлтэй сайн өдөр тохиож, Өндархаан уулын тахилга болж, зочдод зориулсан бэсрэг наадмыг зохион байгуулав. Энэ үеэр Элчин сайд монгол үндэстний дээлээр гоёж хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, нум сум харваа зэрэг эрийн гурван наадамд түрүүлсэн оролцогчдод шагнал гардуулсан юм.

Төлөөлөгчдийг Дадал, Баян-Адарга, Өмнөдэлгэр, Жаргалтхаан зэрэг суманд ажиллахад нутгийн иргэд, удирдлагууд найрсаг, халуун дотноор хүлээн авсан байна.