У.Нүрсэд: Суманд мэргэжлийн боловсон хүчин эрэлттэй
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг дарга У.Нүрсэд
2014.12.08

У.Нүрсэд: Суманд мэргэжлийн боловсон хүчин эрэлттэй

Орон нутгийн хөгжил, тулгамдаж байгаа асуудлын талаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг дарга У.Нүрсэдтэй ярилцлаа.

-Сумын малчдын хувьд мал аж ахуйгаа хэрхэн хөгжүүлж байна вэ. Хөдөөд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж хэр вэ ?

Манай сум малынхаа тоогоор монгол улсдаа гуравдугаар байранд 350 мянга гаруй толгой малтайгаар бичигддэг. Одоогийн байдлаар сумын хэмжээнд 64 мянгат малчин байна.  Маллагааны хувьд уламжлалт мал аж ахуйгаар дагнадаг. Зарим малчдын хувьд эрчимжсэн мал аж ахуйг хэрэгжүүлье гэх саналыг хэлдэг.

Гэхдээ эхлээд малын үүлдэр угсааг сайжруулах, фермерийн аж ахуйгаар мэргэшсэн боловсон хүчинг суманд ажиллуулах хэрэгтэй. Харин бидний зүгээс бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг хэлэлцэж энэ сард ИТХ-аар батлах гэж байна. Яагаад гэвэл бэлчээр өвлийн цагт үлийн цагаан оготны уршгаар ихээхэн сүйтгэгдэж, нөгөө талаараа цөлжилт тасралтгүй явагдаж байна.

Ер нь манайд газар тариалангийн бүс байдаг учраас түүнийгээ дагаад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжтой.

-Бэлчээрийн менежментийн тухай асуудал яригдлаа.Үүндээ юуг түлхүү тусгаж байгаа вэ. Өмнөдэлгэр сумд бэлчээрийн даац хэр вэ ?

Бид үүнийг эрдэмтэн, судлаачидтай хамтарч гаргасан. Тэдний хэлж буйгаар малын тоо гүйцсэн, үүнээс хэтэрвэл бэлчээрийн даац хэтрэнэ. Тиймээс яаралтай эрчимжсэн  мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг саналыг хэлсэн. Түүнчлэн хадлангийн, отрын, баг дундын, сум дундын бүс нутгийг зааглаж үүнийгээ ИТХ-аар батлуулж шийдэх нь чухал болоод байна.

-Сумын хувьд төсвөө хэрхэн бүрдүүлж, үр дүнтэй зарцуулж байна вэ ?

Орон нутгийг хөгжүүлэх санд жилдээ 399 сая төгрөг төсөвлөгддөг.  Энэ жилийн хувьд 23 % тасрана гэсэн. Түүнчлэн сумын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 298 сая  төгрөг эргэлддэг. Үүнийг 1-3 % хувийн хүүтэйгээр зээл олгодог нь ажлын байрыг бий болгож, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой.

Энэ нь Засгийн газрын 134-р тогтоол болон ИТХ-ын хурлын тогтоолоор сонгон шалгаруулалт явуулж жижиг дунд үйлдвэрлэгч нарт олгодог. Эхэндээ энэ нь иргэдийн хэрэгцээг хангахад чиглэдэг байсан бол бидний зүгээс тодорхой бодлого баримталж баг болон хоршооллын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй хүмүүст өгснөөр жижиг дунд үйлдвэрлэл орон нутагт хөгжихөд түлхэц болж байна.

Ер нь орон нутгийн удирдлагат бие даасан төсөвтэй болсноор иргэдийн оролцоотой орон нутгаа хөгжүүлэхэд нэлээд ахицтай арга болсон гэж бодож байна. Түүнчлэн төрийн байгууллагын ажилтанг сайжруулж, мэдлэгтэй боловсон хүчээр хангах нь чухал байна.

-Орон нутагт үйлдвэрлэлийн асуудал нэлээд тулгамддаг. Танай суманд ямар төрлийн үйлдвэрлэл байна вэ ?

Орон нутгийн хөгжүүлэх сангаас газын блок үйлдвэрлэхэд 20 сая төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлж үйлдвэртэй болгосон. Бас тоосгыг сумандаа үйлдвэрлэж байна. Цаашдаа бид хонины ноосыг угааж цэвэрлэнэ.

Барилгын дулаанд ашиглах технологийг нэвтрүүлэхээр албаны хүмүүстэй санал бодлоо солилцож байгаа. Саяхан Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид БНТУ-д ажилласан. Тэр үед өөрийн сумаа Турк улсын Каньян аймгийн Сэлджүк сумтай холбож санхүүгийн дэмжлэг авч, оюутан солилцохоор тохирсон.

-Оюутан солилцоог ямар чиглэлээр хийх вэ ?

Манай сум мал аж ахуй, газар тариаланг үндсэн чиглэл, аялал жуулчлалыг дэд чиглэл болгосон. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх мэргэжлийн боловсон хүчин, эдийн засагч, программ хангамжийн чиглэлээр солилцоо хийж, эргэж сумандаа ажиллах гэрээтэйгээр сурах хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцсон. Үүний хүрээнд сургуульдаа албан тоот хүргүүлээд оюутанг сонгон шалгаруулна гэдгийг хэлсэн байгаа.