Н.Алтангэрэл: Хөдөөд эрчимжсэн МАА хөгжих боломж бий
Хэнтий аймгийн Биндэр сумын засаг дарга Н.Алтангэрэл
2014.12.07

Н.Алтангэрэл: Хөдөөд эрчимжсэн МАА хөгжих боломж бий

Хэнтий аймгийн Биндэр сумын засаг дарга Н.Алтангэрэлтэй ярилцлаа

-Биндэр сумын хувьд ямар үзүүлэлтээр жишиг сум болсон бэ ?

Хэнтийн аймгийн хойд бүсийн төв сум учраас 12 жилийн ЕБДС, сум дундын эмнэлэг, цагдаагийн тасаг гэх мэт үзүүлэлтээр сонгогдсон. Миний хувьд сумаа удирдаад 10 гаруй жил болохдоо иргэдийн оролцоотой хэлэлцүүлгийг маш их хийсэн. Энэ хэлэлцүүлэг нь Биндэр сум яаж хөгжих, юун дээр давуу талаа ашиглах ёстой зэрэг рүү чиглэж түүнийг хэрэгжүүлснээр “Жишиг сум”-ын” шалгуурт нийцсэн. Түүнчлэн сум орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын туслалцаа дэмжлэг байсан.

-Бүсчилсэн байдлаар хөгжихөөр ямар үйлдвэрлэл явагдах боломжтой вэ ?

Ер нь сүүлийн үед бүсчилсэн хөгжлийн бодлого чиглэл рүү нилээд анхаардаг болсон. Биндэр сум нь 4000 гаруй хүн амтай, 140 мянга гаруй толгой малтай. Ерөнхийдөө мал аж ахуй салбартаа нилээд бодлого баримталж ажиллаж байгаа.

Бас аялал жуулчлалын чиглэлээр орон нутгаа хөгжүүлэх боломжийг хайж байна. Чингис хааны төрж өссөн нутаг болох Дадал сум, Өмнөдэлгэр, Батширээт сумуудтай хил залгаа оршдог болохоор аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нилээд анхаарч ажиллаж байна.

-Мал аж ахуйг ямар зохион байгуулалтаар хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ ?

Мал сүргийн зонхилох хувийг бод эзэлсэн байдаг. Тэр дундаа үхэр сүрэг нилээд арвинтай учир үүлдэр угсаа, чанарыг сайжруулах, мах сүүний чиглэл рүү түлхүү ажиллаж байна. Бас адуун сүрэгтээ хурдан удмын морьдыг олшруулахад нилээд анхаарч байгаа. Малчидтай энэ талаар ярилцаж зөвхөн тоо хөөх биш эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тухай санал бодлоо үргэлж солилцдог. Ер нь боломж бүрдсэн ч одоохондоо жалгын нэгдэл буюу бүлэг хамтаар нийлэн ажилладаг. Ингэснээр байгалийн баялагаа хамгаалах, нөхөн төлжүүлэх зэргийг давхар хийдэг. Сумын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувийг ой мод эзэлдэг учир тэдгээрийг хамгаалж, арчилахад эдгээр нөхөрлөллүүд анхаардаг.

-Одоогийн байдлаар хичнээн тооны нөхөрлөл байна вэ ?

Сумын хэмжээнд 36 ойн нөхөрлөл бий.

-Ер нь танай нутагт ой хамгаалал, ан амьтантай холбоотой ямар асуудал байна вэ ?

Иргэдийн хувьд ойн хамгаалал, ан амьтны тухай хуулийн хэрэгжилт хангалттай биш байна гэсэн дүгнэлтийг хийдэг. Бүр сүүлдээ иргэдийнхээ эсрэг үйлчилж байх жишээтэй. Жишээлбэл амьтны тухай хуулинд нэг зээрийг 100 мянга төгрөгөөр үнэлдэг. Гэтэл ямар хүмүүс зээр агнадаг гэхээр амьжиргааны түвшин доогуур хүмүүс ихэвчлэн байдаг.

Цагдаагийн байгууллага дээр баригдсан ой, ан амьтны зөрчилтэй хүмүүс нь дандаа төлбөрийн чадваргүй. Тэдгээр хүмүүсийн хувьд тухайн төлбөрийг төлнө гэдэг боломжгүй. Хаврын цагт өвчтэй хүмүүс ангийн халуун цус ууна гээд очиход нь өртөг өндөртэй байна гэдэг нь уян хатан биш байгаа юм. Тиймээс энэ хуулиндаа ард иргэдийн санаа бодлыг тусгах зүйтэй юм.

Ой модны асуудал хэр вэ ?

Хуулиараа унасан модыг авах эрхгүй байдаг. Үүнээс гадна заавал мэргэжлийн байгууллага мод тайрах эрхтэй болсон. Зөвхөн ганц ширхэг мод тайрахын төлөө тухайн мэргэжлийн хүмүүсийг дуудаж тайруулаад, орчноо цэвэрлүүлнэ гэхэд сонсоход хүртэл төвөгтэй. Гэтэл өмнө нь иргэд өөрсдөө унасан модоо авчихдаг нь байгаль орчноо цэвэрлэж байгаагийн илрэл байсан.