Доллар таригч Холбооны нөөцийн сан гэж юу вэ?
"Бүхнийг харагч нүд"
2015.02.03

Доллар таригч Холбооны нөөцийн сан гэж юу вэ?

Бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг долларын цаана ямар систем ажилладаг вэ? Энэ системийг АНУ-ын Холбооны нөөцийн сан гэж нэрлэнэ. Нэг үгээр хэлвэл Америкийн төв банк гэсэн үг.  Төртэй ямар ч холбоогүй, өөрөө өөрийгөө зохицуулагч энэхүү систем эдүгээ дэлхийд хамгийн нөлөөтэй санхүүгийн байгууллага болж хувирчээ. Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгчийн хэлсэн ганцхан мэдэгдэл дэлхийн санхүүгийн зах зээлийг хөдөлгөөнд оруулдаг.

Шинэ эриний өмнөх Америкийн банкны систем

АНУ-ын хамгийн анхны банкийг 1791 онд Сангийн сайд Александр Гамильтон байгуулжээ (Гамильтоны хөрөг долларын аравтын дэвсгэр дээр байдаг). Америк Их Британиас тусгаар тогтсоноос хойш 15 жилийн дараа АНУ-д үндэсний мөнгөн дэвсгэрт гаргах эрх бүхий анхны банк бий болов. Гэхдээ энэ нь хувийн банк байсан бөгөөд төр 20 хувийг эзэмшдэг байлаа.  Банкны зөвшөөрөл 1811 онд дуусч цаашид сунгасангүй. 

1811-1816 онд Америкийн мужууд (тэр үед 15 мужтай байв) Төв банкгүй байсан юм. Гэвч арилжааны банкууд өөрсдийн дэвсгэртийг металл мөнгөөр солихоос татгалзаж байсан учраас Төв банктай болох хэрэг гарлаа. Хоёр дахь төв банк 1816-1836 онд оршин тогтножээ. Шинээр мөнгөн дэвсгэрт гаргаснаар 1818 онд зах зээл дэх долларын хэмжээ 67 саяас 95 сая болтол өсчээ. Барааны үнэ ч өсөв. Долоо дахь ерөнхийлөгч Эндрю Джексон Төв банкны ажлыг шүүмжилж Конгрессын баталсан Банкны зөвшөөрлийг сунгах хуулийн төсөлд хориг тавив.

1836-1862 онд Америкийн мужууд банкны төвлөрсөн удирдлагагүй амьдарч байв. Энэ үеийг “Чөлөөт банкнуудын эрин” гэж нэрлэдэг. Энэ хугацаанд мужийн тоо 33 болов. Холбооны болон мужийн хуулийн дагуу дурын хүн банк байгуулж, дурын банк мөнгөн дэвсгэрт гаргах эрхтэй байлаа. Түүгээр барахгүй хувийн компаниуд, төмөр замын газар, дэлгүүр, тэр байтугай сүм хийдүүд хүртэл мөнгө хэвлэдэг байв. 

Төлбөрийн хамгийн бодитой хэрэгсэл нь алт байлаа. Мөнгөн дэвсгэртүүд металл мөнгөөр баталгаажсан зээлийн баримт төдий байжээ. Олон янзын байгууллага мөнгө хэвлэдэг байсан учраас хуурамч дэвсгэртүүд хийх нь элбэг байв. 

Энэ бүхнийг цэгцлэхийн тулд 1863 онд Үндэсний банкны тухай хууль баталжээ.  Уг хуулиар цөөн тооны банканд мөнгө хэвлэх эрх өгсөн байна. Тухайн банк доллар хэвлэхийн тулд АНУ-ын Сангийн яаманд тодорхой хэмжээний мөнгийг Засгийн газрын үнэт цаас хэлбэрээр байршуулах ёстой.

Гэхдээ муж болгон өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй байхыг зөвшөөрөв. Энэ үед Америкийн мужийн тоо 45-д хүрэв. Хэдийгээр хэвлэсэн мөнгөнөөс нь 10 хувийн татвар авдаг байсан ч мужуудын мөнгөн тэмдэгт аажмаар хэрэглээнээс гарав. 

Тэгээд ч энэ тогтолцоо төвлөрсөн бүтцийг бий болгож чадсангүй.  Банкнуудын заль мэх хувь нийлүүлэгчдийн итгэлийг алдав. 1873, 1893, 1907 онуудад гурван удаа банкны хямрал болж иргэд хадгаламжийнхаа бүх мөнгийг банкнаас авав. Тиймээс санхүүгийн зах зээлийг зохицуулагч гол байгууллагын шаардлага гарч ирэв.

Холбооны нөөцийн сан буюу Америкийн Төв банкны үүсэл

Сенатор Нельсон Уилмарт Олдрич Германы банкны системийг судалж үзээд тэр үеийн том санхүүчдийг цуглуулан зөвлөлдөв. Олдрич тэдний хамтаар төсөл боловсруулж Конгресст танилцуулсан байна.

Нельсон Уилмарт Олдрич

Олдричийн санаачилсан систем өнөөдөр ч гэсэн ажиллаж байна. Эдүгээ Америкийн Холбооны нөөцийн сан үндэсний мөнгөн тэмдэгт гаргах эрх бүхий 12 банкаас бүрддэг. Арилжааны бүх банкууд хөрөнгийнхөө зарим хэсгийг Холбооны нөөцийн санд хадгалах ёстой. Хэдийг хадгалуулахыг Нөөцийн сангийн Зөвлөл батална. Харин Зөвлөлийг Ерөнхийлөгч томилдог. Зөвлөлөөс тогтоосон хувь нь АНУ дахь мөнгөний нийлүүлэлтийг тодорхойлдог бодлогын хүү болдог.

Бодлогын хүү өсвөл долларын үнэ дээшилж, банкууд зээл олгох нь багасна. Бодлогын хүү буурвал мөнгөний нийлүүлэлт ихэснэ.  Холбооны нөөцийн сан нь ийм байдлаар нэг бол инфляцийг барьж, нэг бол эдийн засгийн өсөлтийг дэмждэг. 

Сонирхолтой нь Америкчуудын үлгэр авч хэрэглэсэн Германы банкны системд 1921-1923 онд хяналтгүй инфляци (гиперинфляци) нүүрлэж үнэт цаасаар гал түлэхэд хүргэжээ. 

АНУ-д ч гэсэн иргэд ирээдүйн өсөлтөөс ашиг олох гэсэндээ хувьцаануудыг бөөн бөөнөөр худалдаж авснаас болж хөрөнгийн зах зээлд хөөс бий болов.  1929 оны нэгэн “нартай” өдөр хөөс хагарч хувьцааны үнэ навс уналаа.  Их хямрал эхэлж, компаниуд дампуурч, хүмүүс ажилгүй болов.

Их хямралын шалтгааны талаар эдийн засагчид өнөөдөр ч гэсэн маргалддаг. Зарим нь алтны стандартаас болсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл мөнгөний хэмжээ алтнаас шалтгаалдаг байсан учраас эдийн засаг хөгжөөд ирэнгүүт мөнгөний гачигдал үүсэн үнэ огцом унаж, үйлдвэрүүд дампуурчээ. 

Харин монетарист онолын эдийн засагчид Холбооны нөөцийн санг буруутгадаг бөгөөд боломж байсан хэдий ч зах зээл дэх мөнгөний хэмжээг нэмээгүй гэж үздэг. Тиймээс банкууд мөнгөгүй болж, эдийн засгийн чухал секторууд зээл авч чадахгүй болсон.

Супер зохицуулагч

Холбооны нөөцийн сангийн орчин үеийн түүх 1979 оноос эхлэлтэй. Тэр жил Нөөцийн сангийн ерөнхийлөгчөөр Пол Волкерийг томилжээ.  1970-аад оны сүүлээр АНУ-ын эдийн засгийн гол асуудал нь цогио инфляци (10—50 % эсвэл 20—100 %) байлаа.

Волкер бодлогын хүүг 11 хувиас 20 хувь хүртэл өсгөж банкуудад зээл олгохыг хориглов. 8 жилийн дотор инфляци 3% болтол буурсан ч ажилгүйдэл 5 дахин өсөв.  Гэсэн ч энэхүү бодлогын ачаар Америкийн эдийн засаг аажмаар сэргэжээ.