Зээлжих зэрэглэлийн НО
Зээлжих зэрэглэл үнэн байж чаддаг уу?
2015.01.27

Зээлжих зэрэглэлийн НО

Орчин үед ядуу орнуудын хамгийн чухал зүйл бол зээл тусламж. Зээл авах эсэх нь тухайн улсын зээлжих зэрэглэлээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл тэр улс дефолтоос хэр хол байна вэ гэдгээс хамаардаг.

Зээлжих зэрэглэл сайтай бол ашигтай нөхцлөөр зээл авна, муу бол зээлийн хүү өндөр байна. Тэгэхээр зэрэглэлээ өсгөхийн тулд юу хийх вэ?  Эдийн засагчид, улс төрчид үүнд олон жил толгойгоо гашилгаж байна.  Голдуу нэг хүнд ногдох ДНБ, түүний өсөлт, өмнө нь дефолт байсан эсэх зэрэг үзүүлэлтийг гол болгодог. Гэхдээ дээрх гурван үзүүлэлтээр хязгаарлагдахгүй. “Fitch Ratings”, “Standard & Poor’s” болон “Moody’s Investors Service” гэсэн үнэлгээний гурван том агентлаг зээлжих зэрэглэлийг тогтоодог. Тэдний үнэлгээ харилцан адилгүй.  Өөрөөр хэлбэл үнэлгээнд хувийн үзэмж орох тохиолдол бий гэсэн үг.

Гэхдээ эдгээр байгууллагын үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрдөг учир аль ч улс орон зээлжих зэрэглэлийн нөхцлийг анхаарах хэрэгтэй.

Standard & Poor’s агентлагийн саяхан гаргасан рейтингээр зарим орны рейтинг эрс доошилсон байна. АНУ-ын зээлжих зэрэглэл хамгийн дээд ААА байснаа АА+ болсон нь гэнэтийн явдал болов. 70 жилийн турш дэлхийн хамгийн том эдийн засагтай байсан орон гэнэтхэн хамгийн их итгэл хүлээлгэж болохоор зээлдэгч биш болж таарлаа.  Гэвч нөгөө хоёр агентлаг эсрэг байр суурьтай байна.  

Хэрэв Герман улс бидэнтэй адилхан бонд гаргасан бол Монголоос 11 дахин бага хүү төлнө гэсэн үг. 

Харин Монгол улсын зээлжих зэрэглэл В+ үзүүлэлттэй, хэтийн төлөв нь сөрөг утгатай гарчээ. Чингис бонд гарах үед Монгол улс ВВ- зэрэглэлтэй байсан бөгөөд таван жилд  бид  бондын хүүд 4.750%-ийн хүү төлнө. Хэрэв Герман улс бидэнтэй адилхан бонд гаргасан бол Монголоос 11 дахин бага хүү төлнө гэсэн үг. 

Рейтинг хэнд дургүй вэ?

Агентлагуудын үнэлгээ зөрсөн тохиолдол өмнө ч бас гарч байв. Өнгөрсөн удаа л гэхэд Австри, Финлянд, Шинэ Зеланд, Их Британий зээлжих зэрэглэлийг зөрүүтэй тогтоожээ. Тэр байтугай агентлагийн дотор хаалттай хуралдаан дээр санал зөрөлдөх үе байдаг бөгөөд эцэст нь  санал хурааж шийдвэр гаргадаг.

Зарим улс төрчид энэ тухай мэддэг учраас үнэлгээнд нөлөөлөхийг оролддог. Жишээ нь 2011 онд Америкийн Сангийн сайд Тимоти Гайтнер (Timothy Geithner) Standard & Poor’s агентлагийг АНУ-д ААА зэрэглэлийг өгөх ёстой гэж ятгажээ. 

Үнэлгээ тогтооход мэдээлэл чухал

Монгол улсын зээлжих зэрэглэл

Хэдийгээр хачин санагдах ч үнэлгээний агентлагийн дүгнэлт нээлттэй эх сурвалжийн мэдээлэл, эрх баригчид хангалттай мэдээлэл өгсөн эсэхээс шууд хамаардаг.   Тухайлбал 1976 онд Их Британий эдийн засаг гэнэтийн хүндрэлтэй тулгарч ОУВС-аас тусламж хүссэн.  1978 онд үнэлгээний агентлагуудтай хэлэлцээр хийснийхээ дараа Нью-Йоркийн бирж дээр үнэт цаас гаргажээ.  Хэдийгээр Америкийн зах зээлд гарахад үнэлгээ хэрэггүй байсан ч агентлагуудаар магтуулвал хөрөнгө оруулагчдыг татна гэдгийг эрх баригчид ойлгож байв.

Түүнээс хойш Англичууд үнэлгээний мэдээллийг хянах болж эдийн засаг дахь хамгийн сайн мэдээнүүдийг агентлагуудад сонгож өгдөг болов. Харин Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-д тавьсан өр зэрэг таагүй баримтуудыг нуухыг хичээдэг байв. Хожим Moody’s агентлаг Британид ААА зэрэглэлийг олгожээ. 

Үнэлгээний хэтийн төлөв

Зарим орнууд өөрсдийн үнэлгээний агентлагтай болж байна. Мэдээж тэдэнд өөрсдийн үнэлгээний хэмжүүр бий. Жишээ нь  Хятад, Орос тус тусдаа агентлагтай, цаашдаа нэгдэж ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн БРИКС-ийн орнууд (Орос, Хятад, Энэтхэг, Бразиль, ӨАБНУ) хамтарсан агентлаг байгуулах тухай яригдаж эхэллээ. 

Тэгэхээр “Fitch”, “S&P”,  “Moody’s” гэсэн их гурвын хүч суларна гэсэн үг.  Хятадын үнэлгээний агентлаг Dagong Global аль хэдийнэ “өөрийн аргаар” үнэлгээ гаргаж, АНУ-ын зээлжих зэрэглэлийг А- болтол бууруулжээ.  Энэ нь “S&P”-гийн гаргасан маргаантай гэх АА+ үнэлгээнээс даруй таван шатлал доогуур юм.  Харин Оросод А зэрэглэлийг олгосноор Америкаас илүү зээлжих зэрэглэлтэй болж байна.