Хятадад үйлдвэрлэсэн арал
Хятадууд арал үйлдвэрлэж байна
2015.01.23

Хятадад үйлдвэрлэсэн арал

АНУ болон Зүүн Өмнөд Азийн орнууд Өмнөд Хятадын тэнгис дэх аварга том хөвөгч хавтанг анхааралтай ажигласаар байна. Хавтан дээр том гэгчийн газар ухагчийг суурилуулжээ. Үүнийг Хятадуудын хийсэн арал үйлдвэрлэгч гэж хэлж болох бөгөөд овоолсон шороогоороо улсын хилийн зурвасыг өөрчлөх чадалтай. Хавтан 24 цагийн турш ажилладаг. 

Өнгөрсөн есдүгээр сард сансраас авсан зургаас харахад газар ухагч Спратлийн бүлэг арлын орчим ажиллаж байв.  Эдгээр аралд Хятадаас гадна Тайвань,  Вьетнам, Филиппин, Бруней,  Малайз зэрэг хэд хэдэн улс санаархдаг. 

Дээрх хавтангийн тусламжтай Хятадууд далайн дундах хүн амьдрахын аргагүй хадан хясаануудыг барилга барьж болохоор хиймэл арал болгон хувиргаж байна.

Одоогоор хавтан Спратлийн бүлэг арлын зургаан шүрэн арал дээр ажиллаж байна. Аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хиймэл арал хийх нь бүс нутгийн улс орнуудыг өдөөн хатгасан, хэтэрхий амбицтай төсөл учраас мөргөлдөөн гарах магадлалыг улам ихэсгэж байна. Тэр байтугай Хятадууд барьсан аралдаа Тянь Цзин Хао гэх мэтийн нэр өгчээ.

Хиймэл арал үйлдвэрлэгч хавтан

Хавтангийн хүчин чадал ч бас алмайруулж байна.  Энэ төхөөрөмж цагийн дотор 4,5 мянган метр куб шороог далайн ёроолоос татаж гаргадаг. Хятад улс энэхүү хавтангаар 10 хүрэхгүй сарын дотор Спратли дахь таван шүрэн арлыг танихааргүй болтол өөрчилжээ. 

Харин гурван сарын дотор 127 метрийн урттай энэ хавтан хоёр шүрэн арлыг дээр нь барилга барихаар болгож засчээ.

Хятадын  хөрш орнуудын санааг хамгийн ихээр түгшээж буй арал бол Тянь Цзин Хао. Энэ арал стратегийн чухал ач холбогдолтой, далайн тээврийн зангилаа газар юм. 

Пентагонд суудаг нөхдийн үзэж буйгаар хиймэл арлууд дээр барилга барих магадлал бага, яагаад гэвэл Вьетнам өөрийн мэдэлд байдаг пуужингуудаар хялбархан сөнөөж болох аж. Гэхдээ нөгөө талаас хэрэв Хятадууд хиймэл арал дээр хөнгөн онгоцны нисэх буудал барьчихвал тэр нь Өмнөд Хятадын тэнгист эргүүлийн болон агаарын хамгаалалтын бүс байгуулах Хятадын төлөвлөгөөний нэг хэсэг болно гэдгийг АНУ сайн ойлгож байгаа.

Спратлийн бүлэг арал

Хиймэл арлаас болж Хятад болон тэдний хөршүүдийн зөрчил мөргөлдөөнд шилжих магадлал өндөр. Жишээ нь өнгөрсөн тавдугаар сард Вьетнамын санаархдаг арлын ойролцоо нефть олборлох хавтан барих болоход Вьетнамд олон мянган хүн эсэргүүцэж жагсаж байсан билээ.

Түүнчлэн Джонсон, Квартерон, Гаван зэрэг шүрэн арлууд Хятад, Филиппины хамгийн том хэрүүлийн алим юм.  Джонсон арлаас болж 1988 онд Хятад, Вьетнамын далайн цэргийн онгоцууд буудалцаж байсан түүхтэй. 

Бээжинд суудаг гадаадын дипломатууд хиймэл арал нь Америкийг сорьсон хэрэг гэж үзэж байна. Тодруулбал Хятадын дарга Си Цзиньпин эдүгээ Украйн, Ойрхи Дорнодын асуудлаар толгойгоо өвтгөж байгаа Обамаг хэр зэрэг хол санаархдагийг шалгаж буй аж.