Япон улс дахин зэвсэглэж эхлэв
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ
2015.01.16

Япон улс дахин зэвсэглэж эхлэв

Япон улс түүхэндээ цэргийн зардалдаа хамгийн их мөнгө төсөвлөжээ.  Энэ байдал цаашдаа Япон,  Хятад хоёрын харилцааг улам муутгана гэж шинжээчид үзэж байна.

Саяхан болсон сонгуулиар ялалт байгуулсан Японы ерөнхий сайд Шинзо Абэ парламентад олонхийн дэмжлэг авснаар одоо түүнийг хорих хүн эргэн тойронд алга болжээ.  Тэр одоо эдийн засаг, геополитикийн чиглэлээр шинэчлэл хийхэд бүрэн чөлөөтэй боллоо.  Наран улсын ерөнхий сайд хэтэрхий үндсэрхэг үзэлтэй гэдгийг хэн хүнгүй мэддэг. Шинзо Абэ Японы Үндсэн хуулийн цэрэг дайны ажиллагаатай холбоотой заалтуудыг өөрчлөх хүсэлтэйгээ ч нууж байгаагүй. Японы Засгийн газар Үндсэн хуулинд байдаг “Япон улс гадаад дахь цэргийн ажиллагаанд оролцохгүй” гэсэн заалтыг өөрчлөх хуулийн төслийг хэдийнэ бэлдээд тавьчихаж.  Ирэх хавраас парламентаар хэлэлцэх магадлал өндөр.

Тиймдээ ч Япон улс энэ удаагийн төсвийнхөө таван хувийг цэргийн зардалд зориулахаар болжээ.  Японы төсөв энэ онд хоёр рекордыг эвдэв.  Нэгдүгээрт нийт төсвийн хэмжээгээр, хоёрдугаарт цэргийн төсвийн хэмжээгээр. 2015.03-2016.03 сар хүртэлх цэргийн зардал 4,98 их наяд иен буюу 41,97 тэрбум доллар болжээ. Японы цэргийн зардал сүүлийн гурван жилийн турш өсч байгаа. Япон улс ийм их цэргийн зардлыг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш гаргаж байгаагүй. 

Токиод төсөв батлах үйл явцыг Бээжинд анхааралтай ажиглаж байлаа. Үүнд гайхах зүйлгүй. Дорнод Хятадын тэнгисийн зарим арлын тухайд хоёр улсын хооронд газар нутгийн маргаан сүүлийн хэдэн жил тасралтгүй үргэлжилж, харилцааг үе үе хурцатгаж байгаа. 

Хятад, Японы "хэрүүлийн алим" болсон Сенкаку арал

Хэдийгээр Японы цэргийн зардал Хятадынхаас хавьгүй бага ч  Бээжингийн эрх баригчдын хувьд Японы цэргийн зардал өснө гэдэг тун таагүй мэдээ. 

Өнгөрсөн даваа гарагт хоёр улсын харилцааг сайжруулах хэлэлцээр талуудын цэргийн төлөөллүүдийн хооронд сэргэлээ  Энэ нь 2012 онд Япон, Хятадын харилцаа муудсанаас хойших цэргийнхний анхны уулзалт юм. Тус хэлэлцээр маргааныг шийдэх зорилготой ч маш хүнд нөхцөлд явагдах болно. 

Цэргийн зардлаа өсгөж, Үндсэн хуулийн заалтыг өөрчлөхийн хажуугаар Шинзо Абэ дипломат аргаар амжилт олохыг хичээж байна. Тэрээр бусад улсын лидерүүдтэй, ялангуяа Зүүн Өмнөд Азийн орнуудын ерөнхийлөгчидтэй байн байн уулзаж байна. Учир нь хөрш олон оронтойгоо газар нутгийн маргаантай байдаг Хятад улсын эсрэг нэг ёсны холбоо байгуулахыг зорьж байна. Түүнчлэн Шинзо Абэ Алс Дорнод, Ази Номхон далайн бүсэд улам бүр нөлөөгөө тэлж буй Хятадыг тогтоон барихын тулд АНУ-тай цэргийн холбоогоо улам бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна.