Нефтийн үнийн уналт чамд инээд, надад ханиад
Өнгөрсөн онд дэлхий дахинд хэд хэдэн том үйл явдал өрнөлөө. Крым Оросын бүрэлдэхүүнд орсон, Украйны Дорнод хэсэг дэх мөргөлдөөн, доллар рубль хоёрын тэмцэл, Малайзын иргэний агаарын тээврийн гурван ч онгоц сүйрсэн явдал, Африкт амилсан Эбола вирус гэх мэт. Гэхдээ үүнээс гадна нефтийн үнэ навс унасан явдал бий. Нефть бол хүн төрөлхтний хувьд агаар, усны дараа орох чухал хэрэгцээ. Шинэ он гарах үед Лондонгийн бирж дээр Brent маркийн сайн чанарын дахин боловсруулсан нефтийн үнэ 54 доллар луу унаж, харин нэг баррель сланцын нефть 50,5 доллараар үнэлэгдэв. Олон улсын судалгааны байгууллагын үнэлгээгээр 2014 онд нефтийн үнэ 40-45 хувь буурчээ. Огцом уналтын шалтгаан нь юу байв?
Япончуудын “тарьсан хэрэг”
Хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд нефтээс хараат бус байх технологийг хөгжүүлж байна. Жишээ нь Японы зохион бүтээгчид 2015 оноос «Тойота-Мотор» компанид “Мирай” (ирээдүй) нэртэй суудлын авто машин үйлдвэрлэж эхлэв. Toyota Mirai нь ус төрөгчийн гибрид хөдөлгүүртэй. Toyota Mirai-г анх удаа 2013 онд Токиогийн авто машины үзэсгэлэн дээр танилцуулсан. Энэ машин нь хорт хий ялгаруулдаггүй бөгөөд яндангаас нь утааны оронд усны уур гарна.
2016 оноос «Хонда», «Субару» компаниуд ус төрөгчөөр ажилладаг машин үйлдвэрлэж эхэлнэ. Энэ бол газрын тосны нөөц ихтэй орнуудын хувьд маш муу мэдээ. Тиймээс ОПЕК-ийн орнуудын санаа зовж эхэлжээ. Судлаачдын үзэж буйгаар 50 жилийн дараа гэхэд нефтийн эрэлт байхгүй болж зүгээр нэг хар шингэн болох магадлалтай.
Нефтийн хууль бус наймаа
Нефтийн үнэ унасан өөр нэг шалтгаан нь хууль бус наймаа. Сири, Ливид иргэний дайн дэгдэв. Ирак, Ираны хил дээр мөргөлдөөн болж байна. “Боко харам”, “Исламын улс” гэх мэт бүлэглэлүүд хүчээ аван нефть боловсруулах үйлдвэрүүдийг эзэлж, нефтийн ачаа тээврийг саатуулж, бэлэн нефтийн нөөцөд эзэн суув. Тиймээс АНУ тэргүүтэй барууны хүчнүүд тэдний нөлөөг багасгахын тулд ОПЕК-ийн орнуудтай хамтран нефтийн үнийг буулгах бодлого явуулав.
Хиймэл нефтийн үйлдвэрлэл
Нэг талаас АНУ нефть нийлүүлэгч орнуудтай хэлэлцээр хийж байгаа ч нөгөө талдаа өөрсдөө нефтийн үйлдвэрлэлээс хагацах бодлого явуулж байна. Тиймээс сланцын нефть хэмээх хатуу биетээс гаргаж авдаг нефть үйлдвэрлэх боллоо. АНУ энэ чиглэлээр сүүлийн 10 жилд 50 гаруй тэрбум доллар зарцуулсан. 2011 оноос энэ төрлийн нефтийн үйлдвэрлэл эрчимжиж АНУ нефть боловсруулалтаар ОПЕК-аас дутахааргүй болов.
Арабын орнуудын хувьд нефть 30 доллар байсан ч орлоготой хэвээр байна.
2005 онд АНУ хоногт 5,1 сая баррель нефть үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 9,1 сая баррель хиймэл нефть үйлдвэрлэн нийлүүлж байна. Хэрвээ хиймэл нефтийн үйлдвэрлэл энэ хэвээр үргэлжилвэл 2019 он гэхэд АНУ хамгийн том нефть үйлдвэрлэгч орон болж ОПЕК-ийн байр суурь ганхана. Эндээс харахад АНУ нэг талаас өөрийн хүчийг зузаатгаж, нөгөө талас ОПЕК-ийн орнууд нефтийн үнээ буулгахаас өөр аргагүй алхамд хүргэж байна. Гэвч хиймэл нефть байгалийн нефтээс чанар муутай учраас нефтийн үнийн уналт АНУ-д халгаатай. Шинжээчдийн үзэж буйгаар хиймэл нефтийн үйлдвэрлэл багагүй золиос шаардах аж.
Оросыг унагаах тоглоом
Бодит байдлаас харахад нефтийн үнийн уналт Орос, Украйны харилцаа муудсан 2014 онтой давхцав. Шалтгаан нь АНУ Барууны болон Арабын орнуудтай тохиролцсоны үндсэн дээр Оросын эдийн засгийг дарамтлах геополитикийн бодлого явуулж эхлэв. Гол зорилго нь Оросын санхүүгийн гол эх үүсвэр болсон, Европ руу чиглэсэн эрчим хүчний урсгалыг сааруулах. Үүнд мэдээж нефть багтана. ОХУ ОПЕК-т байдаггүй ч нефтийн нөөцөөр 99 орноос наймд ордог, 80 тэрбум баррель нефтийн нөөцтэй хүчирхэг гүрэн. Одоогийн байдлаар ОХУ төсвийнхөө тал хувийг нефтийн экспорт, боловсруулалтаас хангадаг. Ийм нөхцөлд Барууны орнууд долларын хүчийг чангатгахын зэрэгцээ нефтийн үнийг буулгах замаар Оросоос нефть авдаг орнуудыг түүнтэй хамтрахаас татгалзуулахыг оролдож байна. Эхлээд Украйн Оросоос авах байгалийн хийн хэмжээг эрс багасгаж, дараа нь Балтийн тэнгисийн хэд хэдэн орон, Европын Холбоо үүнтэй адил алхам хийв.
Хэрвээ нефтийн үнэ үргэлжлэн унавал Оросод байдал улам хэцүү болно. Арабын орнуудын хувьд нефть 30 доллар байсан ч орлоготой хэвээр байна. Харин Оросод нефтийг хүнд нөхцөлд их зардалтай олборлодог учраас 35-40 долларын үнэтэй нефть ямар ч ашиг авчрахгүй.