Европын холбооны оршихуй, эс оршихуй Грекийн сонгуулиас шалтгаална
2010 оны хямралаас хойш Грек улс Европын холбооны "шүдний өвчин" болсон юм.
2015.01.07

Европын холбооны оршихуй, эс оршихуй Грекийн сонгуулиас шалтгаална

Грекчүүд шинэ жилийг парламентгүйгээр угтаж нэгдүгээр сарын сүүлчээр ээлжит бус  сонгууль хийхээр боллоо. 

Хоёр оны зааг дээр Грек улс дэлхийн улс төрийн мэдээний гол сэдэв болж Орос, Украйныг ардаа орхив. Хөгшин тивийн санхүүгийн хямралыг эхлүүлсэн энэ оронд хүчний тэнцлийг эрс өөрчилж мэдэхээр парламентын сонгууль болно. СИРИЗА нэртэй нам нэлээд нэр хүндтэй ч болж сонгуульд ялах магадлал тун өндөр байна.

2014 оны сүүлчийн даваа гарагт Грекийн парламент гурав дахь удаагаа оролдоод ч шинэ ерөнхийлөгчөө сонгож чадсангүй.  Үүний дараа тус оронд улс төрийн хямрал эхэлсэн гэж болно.  Парламентын ээлжит бус сонгууль энэ сарын 25 нд болно. Уг сонгууль гурван асуудлыг шийднэ. Нэгдүгээрт Грек улс Европын бүсэд үлдэх үү? Хоёрдугаарт гаднаас санхүүгийн тусламж авах гол нөхцөл болсон эдийн засгийн болон нийгмийн шинэчлэл үргэлжлэх үү? Гуравдугаарт 2010-2012 онд болсон шиг Грекийн асуудал Европын холбооны бусад оронд халдварлах уу? 

Сүүлийн жилүүдэд Грекчүүдийн амьдралын түвшин эрс доошилсон.  2009 оноос хойш тэтгэвэр 40 хувиар буурчээ.  Ажилгүйдлийн тэтгэмжийг өгөхгүй, эсвэл жилийн дараа гэхэд эрс багасгах төлөвтэй байна.  Эллада мужид л гэхэд дунд анги гэж бараг алга болж энгийн иргэд татварын доороос босохоо байлаа.  Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн шинэ татвар хүмүүсийн дургүйг хүргэж байна. 

Грекийн сонгогчид хүндхэн сонголтын өмнө ирлээ.  Нэг бол “Шинэ ардчилал” нэртэй барууны намын удирдлаган дор эдийн засгийн хатуу бодлогыг дагаж бүсээ чангалан хэтийн сэргэлтэд найдах, эсвэл зээлийн нөхцлийг сайжруулж халамж, хөнгөлөлтийг сэргээн олгохыг амлаж буй СИРИЗА намыг сонгох. 

СИРИЗА намын дарга Алексис Ципрас ядуурлын түвшинд амьдарч буй 11 сая грекчүүдэд туслахаар хоёр тэрбум еврогийн санхүүжилттэй хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан.  

Европын Холбоо наанаа Ципрасаас айхгүй царай гаргаж байгаа ч үнэндээ жийрхэж байна. ЕХ-ны удирдлагууд популист амлалтад итгэж болохгүй гэж грекчүүдийг ятгасаар.  ЕХ болон Дэлхийн валютын сангийнхан Грек гадны зээлгүйгээр хямралаас гарахгүй гэдэгт итгэлтэй байна.  Гэвч СИРИЗА нам энэ замыг эрс эсэргүүцэж байгаа.

Алексис Ципрас

Грект мөнгө зээлдүүлэгч орнуудын хувьд хэд хэдэн давуу тал бий.  Нэгдүгээрт ЕХ-ны тооцсоноор Грект 2015-2016 онд 28 тэрбум еврогийн зээл хэрэгтэй. Хоёрдугаарт Ципрас засгийн эрхэнд гарсан ч зээлийн нөхцлийг тохирох хугацаа гарахгүй.  Тэгээд ч гуравдугаар сарын эцэс гэхэд грекчүүд 4,5 тэрбум еврогийн өрөө төлөх ёстой. Ахиад 6,5 тэрбумыг зургаа, наймдугаар сард төлнө.  Мэдээж энэ мөнгийг өөр хэн нэгнээс ахин зээл авахгүйгээр төлөх боломжгүй.  Харин СИРИЗА нам ялвал зээлийн хүү төлөхгүй гэдгээ мэдэгдсэн. 

Түүнчлэн Европын холбоо Грекийг шахаанд оруулах өөр нэг зүйл бий.  Европын төв банк Грекийн Засгийн газраас гаргасан үнэт цаасыг худалдаж авахдаа Европын холбооны төлөвлөгөөнд харш шинэчлэлээ зогсоох хэрэгтэй гэсэн нөхцлийг тавьж байгаа. 

Ажиглагчдын үзэж буйгаар СИРИЗА нам ялсан ч амлалтаа биелүүлэх баталгаа тун муу аж.

Гэхдээ Грекийн парламентын сонгууль санхүүгийн зах зээлийхний санааг тийм ч их зовоохгүй байгаа.  Учир нь Европын төв банк гурван их наяд еврогоор Европын холбооны улсуудын төрийн үнэт цаасыг худалдаж авахад бэлэн. Тэгээд ч хямралтай тэмцэхэд 2010 оныг бодвол хангалттай мөнгө бий.

СИРИЗА намын асуудал бол цэвэр улс төрийн агуулгатай.  Яагаад гэвэл СИРИЗА нам ялчихвал Европ дахь улс төр, нийгмийн тэнцвэрт байдал алдагдана.  Хэрэв грекчүүд хэт зүүний намыг сонговол Франц, Итали, Испани болон бусад ЕХ-ны улсуудын иргэд адил сонголт хийх аюултай.