Африкийн шинэ колончлогчид
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд Хятадын нөлөө ихсэж буй талаар их ярих болсон. Хөрөнгө оруулагчдын хувьд онц ач холбогдолгүй гэгддэг бүс нутгуудад хүртэл Хятадын дипломат үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт идэвхжсэн гэлцэх боллоо. Түүний дотор Африк тивд Хятадуудын сонирхол дэлхийд ноёрхлоо тогтоох гүрний хувиар бус, харин ядуу орнуудад хөгжихөд нь туслах гэж буй орон болж харагдах замаар хүрээгээ тэлж байна гэж олон судлаачид үзэж байна. Оросын “Гадаад бодлого” агентлагийнхан Хятадууд Африкт чухам ямар сонирхолтой байгаа талаар доорхи материалыг бэлджээ.
Хятадууд Африкт олшрох болсон шалтгааныг зарим хүн Бээжингийн улс төрийн амбицитай холбож үздэг. Гэвч үнэндээ Африк тив Хятадын эрх баригчдын хувьд ямар ч сонирхолгүй. Бээжингийн гадаад бодлогын гол чиглэл бол Ази Номхон далай болон Дундад Ази дахь нөхцөл байдал.
Хятад Африкийн харилцаан дахь цорын ганц улс төрийн асуудал бол Тайванийг хүлээн зөвшөөрөх эсэх. Хятад улс Тайваны тусгаар тогтнолыг үгүйсгэдэг улс оронтой эдийн засгийн салбарт хамтрахад бэлэн. Африк тивд одоогийн байдлаар зөвхөн гурван улс Тайваныг хүлээн зөвшөөрсөн учир Хятадын хувьд нөлөөгөө тэлэх боломж бий.
Хятадууд Африк тивийг зөвхөн эдийн засгийн хувьд сонирхдог. Өнөө үед улс гүрнүүд “дамжуулах хоолойн дипломат” гэгчийг хэрэгжүүлж, нүүрс устөрөгчийн ордын хөрөнгө оруулалтын төлөө тэмцдэг болжээ. Улам бүр өсөн нэмэгдэж буй Хятадын аж үйлдвэрт их хэмжээний эрчим хүч, түүхий эд хэрэгтэй учраас Бээжингийн эрх баригчид дэлхий дахинд өрнөж буй нөөцийн дахин хувиарлалтад идэвхтэй оролцох болов. Хятадууд Алжир, Нигер, ӨАБНУ, Ангол, Судан зэрэг газрын тос, байгалийн хий, металлын ордоор баялаг улс орнууд дээр төвлөрчээ. Саяхныг хүртэл Хятад улс эрчим хүчнийхээ хэрэгцээний дөрөвний нэгийг Африкаас нийлүүлж байв. Улмаар Хятадууд Африк тивтэй олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэх шаардлагатай болжээ.
Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт Африкийн орнуудын эрх баригчид хөрөнгө оруулах гэж буй этгээд тухайн улсын Засгийн газрын тэргүүнээс эхлээд мужийн амбан захирагч болон түүнээс дооших хүмүүсийг хүндэлж дэмжих ёстой гэж үздэг. Энэ нь шууд авлига өгнө гэсэн үг хараахан биш бөгөөд харин төрөл бүрийн хөнгөлөлт эдлүүлнэ гэсэн үг ажээ. Ийм маягаар “бетонон дипломат” бий болжээ. Өөрөөр хэлбэл Африкийн ерөнхийлөгчдийн хамгийн их хийх дуртай дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах болов. Хятадын компаниуд Африкийн аль нэг ордод олборлолт явуулсныхаа хариуд ямар нэгэн юм барьж өгөх ёстой. Жишээ нь Замбийн нийслэл Лусака хотод ийм маягаар Хөдөлмөрийн яамны барилга, Төрийн хувьчлалын агентлагийн байр, түүнчлэн Хөл бөмбөгийн ордон баригджээ. Өнөөдөр Африкийн барилгын зах зээлд Хятадууд 30-40 хувийг эзэлж байна.
ӨАБНУ-ын ерөнхийлөгч Джейкоб Зума Хятадын дарга Си Цзиньпин нар
Хоёрдугаарт Африкийн зах зээлд Хятадын маш хүчтэй өрсөлдөгчид бий. Хуучин колончлолын гүрнүүд болон АНУ Хятадын компаниудад Баруун Африк дахь зах зээлээ тун ч дургүй тавьж өгчээ. Энэтхэг ч мөн адил Африкийн нөөцийг авах гэж оролдсон. 2000-аад оны дунд үеэс Бразиль, Турк, Япон, Орос улсууд Африкийн нөөцийг хуваах уралдаанд оролцож эхлэв. Хятадууд үргэлж дангаар ялалт байгуулж чадсангүй. Тиймээс бусад улстай хамтарсан төслүүдийг ч хэрэгжүүлж эхэлжээ.
Хятадууд Африк тивд ураны эрэл хайгуул, олборлолтоор багагүй амжилтанд хүрчээ. Канад, Казахстан, Австралиас гадна ураны томоохон зах зээл бий болж байна. Хятад улс Намиби, ӨАБНУ, Нигерийг ураны зах зээл болгохыг зорьж байна. 2015 оноос жилд 5700 тонн уран олборлох хүчин чадалтай, Намибийн төв мужид байрлах Хисаб нэртэй орд газрын төсөл хэрэгжиж эхэлнэ. Намибийн ураныг Хятадууд хэрэглэх бөгөөд ирээдүйд Хятад улс атомын цахилгаан станцынхаа тоог хоёр дахин нэмэх төлөвлөгөөтэй. Хувьцааны хяналтын багцыг Хятадын China Guangdong Nuclear Power Holding Corp корпораци эзэмших ажээ. Хятадын ураны олборлолт зөвхөн энхийн зориулалттай гэвэл өрөөсгөл. Жил бүр олборлосон уранаас тодорхой хэсгийг хамгийн өндөр хэмжээнд баяжуулж цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг. Тэгээд ч Хятад улс олноор сүйтгэх зэвсгийн эсрэг ямар ч олон улсын бичиг баримтад гарын үсэг зураагүй.
Африк дахь Хятадуудын үйлдлийг шүүмжлэх хүмүүс олон. Хятадын компаниуд Африкийн удирдагчдын гэнэн байдлыг далимдуулж алтыг нь аваад авдрыг нь хаяж байна гэж буруутгадаг. Түүнээс гадна Хятадын компаниуд өөрсдийн хүмүүсийг ажиллуулахыг илүүд үздэг бөгөөд тухайн улсын иргэдийг бараг хөлсөлдөггүй. Зарим тоо баримтаас харахад эдүгээ Африк тивд 600 мянган хятад иргэн ажиллаж байгаа аж. Тиймээс Хятадын хувийн болоод төрийн өмчит компаниуд Африк дахь стратегиа өөрчлөх хэрэгтэй болж байна.
2013 онд Хятадууд Африкт нийт 20 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь Африкийн хувьд багагүй тоо ч Хятадын хувьд нийт шууд хөрөнгө оруулалтын дөнгөж 3-4 хувийг эзэлж байгаа юм. Түүгээр барахгүй Хятадууд Африкийн Засгийн газруудад дуртай зээл олгодог бөгөөд энэ нь Дэлхийн валютын сангийн Африкийн орнуудын төсвийн зарцуулалтыг сайжруулах ажилд багагүй саад болдог байна.
Хятад худалдаач үйлчлүүлэгчидтэйгээ ярилцаж байна. Маливийн Бүгд найрамдах улсын Салима хот.
Сүүлийн жилүүдэд Африкийн хэд хэдэн орнуудад дунд анги гэж нэрлэж болохоор хэсэг хүмүүс бий болж эрэлт үүссэн нь Хятадын төслүүд амжилттай хэрэгжихэд нэг түлхэц болжээ. Хямд үнэтэй, энгийн хийцтэй Хятадын бараа Африкийн хэрэглэгчдийн хувьд яг тохирсон зүйл болов. Тиймээс барууны стандарт бүхий бусад үйлдвэрлэгчид Хятадуудад байраа тавьж өгсөн байна.
Хятадууд Барууныхнаас ялгаатай нь Африкийн удирдагчдыг хүний эрх зөрчлөө гэж буруутгадаггүй. Энэ нь Африкийн дарангуйлагчдад таалагдаж, Барууны улс төрчдийн дургуйг хүргэдэг. 2012 онд тэр үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтон Африкт зүгээр л мөнгө өгдөг улсуудыг шүүмжилсэн нь далдуураа Хятадыг буруутгасан нь ойлгомжтой байлаа.
Гэсэн ч Хятадууд удаан хугацаанд үйлчилдэг стратеги хэрэгжүүлдэг заншлаараа Хар тивийн эрх баригчдыг өөртөө татах ажлыг үргэлжлүүлсээр байна. Африкийн 20 гаруй оронд Конфуцийн сургууль нээгджээ. Конфуци бол Хятадын “зөөлөн хүчний” гол хөтөч юм. Африкийн мянга мянган оюутнууд Хятадын Засгийн газрын тэтгэлгээр өмнөд хөршид сурч байна. Тиймээс хэдэн арван жилийн дараа Африкийн элитүүд өөрийн түншүүдтэй Мао Цзэдуны хэлээр ярьдаг болохыг үгүйсгэхгүй.