АНУ Украйнд зэвсгээр тусална
ТАСС агентлагийн мэдээлснээр Барак Обама хуулийн төсөлд гарын үсэг зурах нь зөвхөн цаг хугацааны асуудал аж.
2014.12.12

АНУ Украйнд зэвсгээр тусална

АНУ-ын Конгрессын Сенат “Украйны эрх чөлөөг дэмжих нь - 2014” нэртэй хуулийн төсөл баталжээ. Гол зорилго нь ОХУ-ын эсрэг дахин хориг тавих, Украйнд цэргийн тусламж үзүүлэх.

Уг баримт бичиг нь Ерөнхийлөгч Барак Обамад Украйнд цэрэг зэвсгийн тусламж өгөх, Оросын томоохон корпорациудын эсрэг арга хэмжээ авах эрхийг олгож буй аж. Тодруулбал америкчууд Оросын “Газпром”, “Рособоронэкспорт” (Батлан хамгаалахын экспорт) зэрэг компаниудын эсрэг эдийн засгийн хориг тавихаар болжээ.

Түүнчлэн Цагаан Ордны тэргүүнд Украйнд зэвсгийн тусламж олгох, тэр дундаа хамгийн түрүүнд танк эсэргүүцэх техник, хуягтуудыг өгөхийг санал болгосон байна. Үүний тулд АНУ-ын Засгийн газар 2015 онд 350 сая доллар зарцуулах эрхтэй болж байна.

Түүнээс гадна Украйны хэрэгцээг хангах, дэд бүтцийг нь сэргээхэд зориулах эрчим хүчний нөөцийг зарцуулах, тээвэрлэх нөхцөл бүрдэв. Уг ажлын төсөв 50 сая доллар.

Хуулийн төсөлд тусгасан өөр нэгэн зүйл анхаарал татаж байна. Тодруулбал АНУ дахь орос хэлээр нэвтрүүлгээ явуулдаг телевиз, радиогаар дамжуулж хуучин Зөвлөлтийн орнууд руу чиглэсэн суртал ухуулгын нэвтрүүлгүүдийг олшруулах зорилтыг 2017 оны төгсгөл хүртэл хэрэгжүүлнэ гэжээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр Барак Обама хуулийн төсөлд гарын үсэг зурах нь зөвхөн цаг хугацааны асуудал аж.