Өргөст торны түүх
Өргөст тор
2014.11.30

Өргөст торны түүх

Анх мал аж ахуйн хэрэглээнд зориулж гаргасан өргөст тор түргэн хугацаанд малын хашаа, бэлчээрээс дайны талбарт шилжиж дайн дажин, аливаа хүчирхийллийн билэг тэмдэг болжээ. Өргөст торгүйгээр Дэлхийн нэгдүгээр дайны нуувчууд, нацистуудын бөөнөөр хорих лагерыг төсөөлөх боломжгүй.

Өргөст торны анхны загвар 1860-аад оны эхэнд Францад бий болжээ. Голдуу хөдөө аж ахуйд хэрэглэдэг байлаа. Тэр байтугай 1865 оны дөрөвдүгээр сард Луи Жанин гэгч хоёр эгнээтэй, ромбо хэлбэрийн ялтас бэхэлсэн өргөст торыг патентжуулжээ. Гэвч энэхүү бүтээл тэр үедээ өргөн хэрэглээг олж чадсангүй.

Өргөст торыг дайны зорилгоор хамгийн анх 1870-1871 онд Франц, Пруссын дайны үеээр хэрэглэжээ.

Харин АНУ-д өргөст торыг өргөнөөр хэрэглэдэг байв. Олон тооны адуу болон үхэр сүрэгтэй Зэрлэг Барууны өргөн уудам нутаг дэвсгэрт фермерын шинэ газрыг хашиж тусгаарлахад өргөст тор яг тохирсон эд байлаа. Улмаар америкчууд өргөст торыг “дахин зохион бүтээж” 1874 онд Иллинойс мужийн Джозеф Глидден гэгч патентын эрхийг нь авчээ. Энэхүү бүтээл тун амжилттай болж гэрийн тэжээмэл амьтдыг үржүүлэх, хамгаалах ажлыг шинэ түвшинд гаргажээ.

Үүний хажуугаар Шинэ тивийнхэн өргөст торыг цэрэг дайны зориулалтаар ашиглаж эхлэв. Тухайлбал 1898 оны Испани, Америкийн дайны үеэр америк цэргүүд өөрсдийн лагерыг хамгаалахад хэрэглэдэг байж.

Харин Британичууд 1888 оноос өргөст торыг дайнд ашиглаж эхэлжээ. Жишээ нь Англи, Бурын дайны үед цөөн тоогоор дайны талбарт хэрэглэдэг байв. Ингэхдээ Англичууд голдуу Бурчуудыг хорих лагерын барилгын ажилд ашигладаг байлаа.

Гэсэн ч Нэгдүгээр дайнд оролцогчид ямар ч өргөст торгүйгээр дайныг эхлүүлжээ. Учир нь талууд нь дайн түргэн хугацаанд үргэлжилж “Зул сарын баяр” гэхэд дуусна гэж төлөвлөж байв. 1914 оны өвлөөр армиуд анхны нуувчуудыг ухаж эхлэхэд ч ойролцоох тосгодоор цуглуулсан зүйлээр энгийн хаалт хийдэг байлаа. Тэр үед өргөст торонд “өргөст тор” гэсэн нэрийг ч өгөөгүй байв. Зүгээр л “хашаанд хэрэглэдэг өргөстэй тор” хэмээн нэрлэдэг байжээ.

Дайны эхэн үеийн төмөр хашлагууд нь өргөсгүй бөгөөд 3-4 төмөр утас гүйлгэсэн нэг эгнээ бүхий багануудаас бүрддэг байжээ. Удалгүй үйлдвэрүүд дайны талбарт ашиглах тусгай төмөр утаснуудыг үйлдвэрлэж эхлэв. Хөдөө аж ахуйн өргөст тор нь голдуу нэг метрт долоон өргөстэй байв. Харин дайнд зориулсан өргөст тор нэг метр тутамдаа 14 болон түүнээс дээш тооны хос өргөстэй болжээ. Дээрээс нь тор өргөн, хүнд болов.

Удалгүй өргөст торны олон хэлбэр бий болов. Нэг хэсэг дайтагч талууд цахилгаанжуулсан өргөст торыг туршиж үзсэн боловч амжилт олсонгүй.

Нэгдүгээр дайнаас хойш өргөст тор урлагт чухал үүрэг гүйцэтгэх болж аливаа дайныг өдөөдөг хар хүчний билэгдэл болж хувирчээ.