Швейцарийн шившиг буюу "Гэрээний хүүхдүүд"
"Contract children" were expected to perform hard labour on the farms, BBC
2014.11.14

Швейцарийн шившиг буюу "Гэрээний хүүхдүүд"

Олон жилийн тэртээ хоёр цагдаа гэрт нь гэнэт дайран орж ирсэн үдшийг Дэвид Гонья сайн санадаг.

Ээж нь сандарч, орилж хашгиран тэдний нэгийг шатны уруу түлхэж, гэрээр нь нэг үймээн, болжээ. Харин дараа өдөр нь гурван цагдаа ирж нэг нь ээжийг нь барьж, нөгөө хоёр нь Дэвид хүүг авч явсан байна. Тэр үед хүү дөнгөж найман нас хүрч байлаа. Тэр өдрөөс хойш Дэвид тариалангийн талбайд ажиллаж, олон жил өнгөрөхөд нэг ч өдөр амсхийсэнгүй.

Ээж нь хүүхдүүдээ өөр дээрээ авах гэж хулгайлж ч байв

Гэхдээ зэргэлдээ фермд ажиллах ах, эгч нартайгаа жилд ганц, хоёр удаа уулзаж, ээждээ захидал бичнэ. Түүнийг болон ах, хоёр эгчийг нь цагдаа нар яах гэж хүчээр авч явж, яагаад тийм харгис хандсаныг Дэвид Гонья олон жилийн дараа л мэджээ.

Гэр бүл нь ядуу байсан болохоор ээжийг нь дөрвөн өнчин хүүхдээ ганцаараа өсгөж чадахгүй хэмээн албаныхан үзэж, “тусалсан" нь тэр байж.

Ээж нь хүүхдүүдээ өөр дээрээ авах гэж хулгайлж ч байв. Гэвч хэд хоногийн дараа баригдаж, ах дүү дөрөв тус тусын үрчлүүлсэн айлдаа буцаад хүргэгджээ.

Дэвид Гонья болон түүний ах, эгч нар verdingkinder буюу Швейцарийн гэрээний хүүхдүүд юм.(Ажиллах хүчин хүсэж хүсэлт гаргасан айл өрх, фермерүүдтэй Засгийн газар гэрээ байгуулж байснаас гэрээний гэгдэх болжээ.)

Тэдэн шиг мянга мянган хүүхдийг тус улсын эрх баригчид гэр бүлээс нь салгаж, хөдөө аж ахуйн салбарын аль л хүнд хүчир ажлыг хийлгэж байв.

Хөгжил дэвшил хүнлэг энэрэнгүй, нийгмээрээ дэлхийд гайхагддаг Швейцарь орон хуруун чинээ хүүхдүүдийн хүч хөдөлмөр, хөлс, цус, нулимсаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн гэдгийг дэлхий нийт ч, швейцарьчууд ч өөрсдөө сайн мэддэггүй байлаа.

Түүхийнх нь хамгийн том хар толбо, хамгийн шившигтэй явдал болох энэ хэргийн талаар швейцарьчууд саяхнаас ярьж, олон нийтэд таниулж, хүүхэд насаа булаалгасан хүмүүст нөхөн олговор олгохоор холбогдох албаныхан хөөцөлдөж эхэлжээ.

Харин түүхийнх нь хамгийн том хар толбо, хамгийн шившигтэй явдал болох энэ хэргийн талаар швейцарьчууд саяхнаас ярьж, олон нийтэд таниулж, хүүхэд насаа булаалгасан хүмүүст нөхөн олговор олгохоор холбогдох албаныхан хөөцөлдөж эхэлжээ.

1850-иад оноос эхтэй гэрээний хүүхдийн “уламжлал” өнгөрсөн зууны эхний хагаст оргилдоо хүрч, 1950-иад оноос буюу газар тариалан механикжин гар ажиллагаа багасахын хэрээр аяндаа халагдсан байна.

Гэхдээ бага насны хүүхдийг хямд ажиллах хүч болгох нь нутгийн зарим хэсэгт 1970-аад оны сүүлч хүртэл түгээмэл байлаа. Хөдөлмөрөө шулуулж, үрчлүүлсэн айлдаа бараг л боол шиг байсан хүүхдүүдийн олонх нь бутач, эсвэл ядуусын хүүхэд байв. Эцэг эх нь салсан юм уу, ёс суртахууны доголдолтой, мөн цыган гаралтай хүүхдүүд ч тэдний дунд байлаа.

Дэвид Гоньягийн адил ядуу тарчиг ч гэсэн гэр бүлийнхнийхээ дунд аз жаргалтай байсан Сара (бүтэн нэрээ нууцалсан) 1972 онд есөн настайдаа хүүхэд байхаа больжээ.

Үеийнхнээс нь ялгаатай нь түүнийг тариалан-гийн талбайд биш, зэргэлдээх тосгоны айлуудыг цэвэрлэх ажилд томилсон байна.

Үеийнхнээс нь ялгаатай нь түүнийг тариалангийн талбайд биш, зэргэлдээх тосгоны айлуудыг цэвэрлэх ажилд томилсон байна. Түүнийг гэртээ байлгаж байсан хүмүүс хоногийн хоолоо арайхийн залгуулдаг эцэг эхээс нь охины хоолны мөнгийг авч байж. Тэд охинд сайн хандсан удаагүй. Сара үрчлэгдсэн айлынхаа болоод бусад олон айлын гэрийг хичээлийнхээ завсар зайгаар цэвэрлэнэ.

Заримдаа шөнийн цагаар хүртэл айлынхаа эзэгтэйд тусалж, албан байгууллага цэвэрлэн, цалингаа шинэ “ээж”-дээ өгдөг байж. Гэхдээ яаж ч хичээж ажиллаад хэн ч түүнийг магтаж, сайшаахгүй. Айлынх нь хүмүүс түүнийг зодож занчин, шөнө ажиллаж байхад нь бэлгийн дарамт хүртэл үзүүлж байлаа.

Хэчнээн хүүхэд түүн шиг зовж, шаналсныг мэдэх аргагүй. Гэрээний хүүхдүүдийн нэгдсэн бүртгэл байхгүй, орон нутагт ийм явдал бүр ч замбараагүй байснаас гэр бүлээсээ хагацсан хүүхдүүдийн тоо чухам хэд вэ гэдэгт түүхчид янз бүрийн хариулт өгдөг.

Айлынх нь хүмүүс түүнийг зодож занчнн, шөнө ажиллаж байхад нь бэлгийн дарамт хүртэл үзүүлж байлаа.

1930-аад онд 35 мянга гаруй хүүхэд айлд үрчлэгдсэн гэсэн албан бус тооцоо бий. Харин 1920-1970 оны хооронд 100 мянгаад хүүхдийг “ёс суртахуунгүй” гэр бүлээс нь холдуулж, албадан хөдөлмөрөөр "хүмүүжүүлсэн” гэсэн өөр нэг баримт байна.

1920-иод оноос дэлхийн II дайны дараах хүнд бэрх үе хүртэлх 30-аад жилд Швейцарийн хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын 20 хувь нь 15-аас доош насныхан байжээ.

Тэдний зарим нь ажлын байрны осол, зодуур, өлсгөлөн болон эдгээрээс олсон өвчин эмгэгээс болж нас барсан бол зарим нь амиа хорлосон байна.

Харин төрсөн гэртээ буцаж очсон юм уу, улсын асрамжийн газрууд руу шилжсэн зарим нь нийгэмшиж, сурч боловсорч чадалгүй байсаар сэтгэл санаа, санхүүгийн хүнд байдалд насыг барсан гэх судалгаа ч байх юм.

Дэвид, Сара нарын ярьснаар нийгмийн ажилтнууд хүүхдүүдийн  байр байдалтай үе үе танилцаж байсан ч тусалдаггүй байсан гэнэ. Тэгээд ч толгой хоргодож байсан айлынхаа хүмүүсээс айсандаа хүүхдүүд хүнд хэцүү байгаа талаараа ам нээж чаддаггүй байв.

Дэвид Гоньягийн дурссанаар нийгмийн ажилтан ирэх үеэр л тэрбээр зоогийн ширээний ард сууж, халуун хоол иддэг байжээ. Гэхдээ Дэвид, Сара нар шиг гэрээний гэгдэх олон хүүхэд үрчлэгдсэн айлдаа нийгмийн ажилтантай нэг ч удаа ганцаарчлан уулзаж байсангүй.

30-аад жилд Швейцарийн хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын 20 хувь нь 15-аас доош насныхан байжээ.

Гаднаас хэн нэгэн ирэхэд юу ч хэлж чадалгүй чимээгүй суудаг байсныхаа адилаар өчнөөн олон жил дуугүй байж, үзэж туулснаа олон хүнтэй хуваалцаж чаддаггүй байсан гэрээний хүүхдүүд таван жилийн өмнө “дуу хоолой”- той болжээ.

Тэдний гэрэл зураг, бичиг баримт, хувцас, хэрэглэлийг дэлгэсэн үзэсгэлэн 2009 онд Балленберг хотод нээгдсэн байна. Одоо ч гарч байгаа уг үзэсгэлэн үе үеийн гэрээний хүүхдүүдийг нэгтгэж, шинэ үеийн швейцарь залууст түүхийн үнэн мөнийг таниулжээ.

Үзэсгэлэнг зохион байгуулсан түүхч Басиль Рогерийн хэлснээр 1920-иод оноос зохиолч, сэтгүүлчид ажилчин хүүхдүүдийн талаар бичиж, олон нийт болоод эрх баригчдад хандаж байж. “Гэвч ядуурал гэдэг нийгмийн бус, хувийн асуудал гэж үзэх хандлага давамгайлж байснаас тэдгээр хүүхдийг хэн ч хайхардаггүй байсан” хэмээн Рогер ярив.

Гэрээний хүүхдийн хөтөлбөр хэрэгжүүлж байсныхаа төлөө Швейцарийн төр өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сарын 11-нд албан ёсоор уучлалт гуйжээ.

Гэр бүлээсээ хүчээр хагацаж, хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байсан хүүхдүүдийн өдгөө 10 мянга нь амьд сэрүүн байна.

Гэрээний хүүхдийн хөтөлбөр хэрэгжүүлж байсныхаа төлөө Швейцарийн төр өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сарын 11-нд албан ёсоор уучлалт гуйжээ.

Тэдэнд нөхөн олговор олгох, 500 сая швейцарь франкийн үндсэн хөрөнгө бүхий сан байгуулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг Гэрээний хүүхдүүдийн хохирлыг барагдуулах холбоо нэртэй төрийн бус байгууллага санаачилжээ.

Одоогоор тэдний уриалгад 100 мянган хүн нэгдээд байна. Гэтэл гэмээ ухаарч, энэ Хөдөлгөөнд нэгдэх учиртай хамгийн том байгууллага болох Швейцарийн Газар тариалан эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэл өнөөг хүртэл дуугүй байгаа аж.

Үрчлэгдсэн айлаасаа 16 настайдаа явсан Дэвид Гонья одоо 75 настай. Тэрбээр хүнд даацын машин механизмын бизнес эрхэлдэг.

Өнгөрсөн долдугаар сард анх удаа олонд нээлттэй болсон, гэрээний хүүхдүүдтэй холбоотой бичиг баримттай танилцахаар тэрбээр Берн хотын Архивын төв газарт эхнэртэйгээ хамт очжээ. Тэгээд нийгмийн ажилтны тэмдэглэл, ээжийнхээ өр төлбөрийн хуудас зэргийг үзсэн байна. Дөрвөн хүүхэдтэйгээ хамт байх гэж ээж нь хэчнээн мэрийж, үрчлүүлсэн айлынх нь хүмүүс сар бүр хэдэн франк байсныг гэрчлэх баримт олон байж. Гэхдээ нийгмийн ажилтны тэмдэглэл, өөрийнх нь болоод ах, эгч нарынх нь амссан сэтгэл санааны болоод бие махбодийн хүчирхийллийн талаар ганц ч өгүүлбэр олдоогүй гэнэ.

Харин Сара одоо 51 настай. Түүнийг гэрээний хүүхэд байсныг нөхөр, үр хүүхэд нь ч мэддэггүй. 15 настайдаа дамжаанд суралцах нэрээр өөр хот руу шилжсэн тэрбээр үрчлэгдсэн айлдаа буцаж очоогүй байна.

Сара хүнд хэцүү өнгөрөөсөн хүүхэд наснаасаа ичдэг. Энэ нь швейцарь хүн бүрийн хувьд ичгэвтэр явдал. Тиймээс хойч үеийнхэнд энэ талаар ахин дахин ярих хэрэггүй гэж тэрбээр боддог байна.