Юань долларын эсрэг
Доллар бол Америкийн капитал хийгээд эдийн засгийн хүчний хөдөлгүүр. Сүүлийн 10 жилд, ялангуяа хямралын үед долларын төгсгөл ирнэ гэсэн таамаг олонтаа гарсан. Тэр тусмаа “Их 20” яаравчилсан горимд шилжин ажиллаж байхад дэлхийн валютын тусгай нөөц бүрдүүлэх асуудал яригдав. Гэсэн ч урьдын адил ямар ч тохиролцоонд хүрч чадсангүй. Эдүгээ тэр тухай хэн ч эргэж дурсдаггүй. Гэхдээ Америкийн эдийн засаг эргэн тэнхэрч, чийрэг болсон ч долларын хувь заяанд санаа зовох хүмүүс олширч байна. АНУ-ын Холбооны нөөцийн систем дэхь долларын эргэлтийн тоо багассаар байна. Үүний шалтгаан нь хүчтэй өрсөлдөгч валют гарч ирсэн явдал юм. Хятадын юань жил ирэх тутамд дэлхийн худалдааны эргэлтэд байр сууриа бэхжүүлж байна.
Юанийн довтолгоо
2013 онд Хятадын Коммунист намын Төв хорооны Гуравдугаар Их хурлаар дэвшүүлсэн шинэчлэлийн гол зорилтуудын нэг нь юанийн өрсөлдөх чадварыг сайжруулах. Уг үйл хэрэгт Шанхайн чөлөөт худалдааны бүс тэргүүлэх үүрэг гүйцэтгэх бөгөөд юань болон бусад валютаар данс нээлгэж болно. Оны эхнээс хэд хэдэн банк, түүний дотор Стэндарт Чартерд», «Ситибанк», Эйч-Эс-Би-Си, Шанхайн хөгжлийн “Пудун” зэрэг банкууд Шанхайн чөлөөт худалдааны бүс дэх өөрсдийн салбараар дамжуулан юанийн гүйлгээгээр үйлчилж эхлэв. Хоёрдугаар сард Хятадын Төв банк шинээр нэрлэсэн юанийг олон улсын гүйлгээнд ашиглахыг зөвшөөрчээ. Ийм зөвшөөрөл авсан операторуудын тоонд AllinPay, 99Bill, ChinaPay, Orient Electronic Payment, Shengpay орж байна. Зургадугаар сарын дундуур Хятадын Засгийн газар америк доллар, японы иен, шинэ зеланд, австрали долларын зэрэгцээ Шанхайн бүсэд юань, фунт стирленгийн хооронд шууд худалдаа хийхийг зөвшөөрчээ.
Хилийн чанадад юанийн идэвхи үүнээс дутуугүй байна. Дөрөвдүгээр сард Хятадын Ардын банк долоохон хоногийн дотор Английн банк, Германы холбооны банктай юанийн тооцооны систем байгуулах гэрээ байгуулав. Ингэснээр Европын санхүүгийн талбар болсон энэ хоёр банк юаниар тооцоо хийх Европын офшор төвүүд болж хувирав. Үүнээс өмнө Хонконг, Сингапур, Тайванд офшор төвүүд байгуулагдсан. Хятад улс Япон, Өмнөд Солонгос, Таиланд, Шинэ Зеланд, Аргентин, Малайз зэрэг багаар бодоход 20 улсын төв банкууд, түүнчлэн Европын төв банктай валютын свопын (currency swap) гэрээ байгуулжээ.
HSBC-гийн шинжээчдийн үзэж буйгаар дэлхий дээр юанийн нөлөө гурван үе шатаар өсөх аж. Эхлээд юань дэлхийн худалдааны валют, дараа нь хөрөнгө оруулалтын валют, эцэст нь дэлхийн нөөцийн валют болох ёстой аж. Хувьцаа, үнэт цаас, биржийн хөрөнгө оруулалтын сан, богино хугацааны санхүүгийн хэрэгсэл зэрэг юанийн гүйлгээнд үндэслэсэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний зах зээл хэдийнэ бий болжээ.
Энэхүү үйл явц маш хурдацтай явж байна. Өнгөрсөн оны эцсээр Германы төв банк Deutsche Banк өдөрт дунджаар 3,5-4 тэрбум юанийн гүйлгээ хийгдэж байна гэсэн тооцоо гаргажээ. Энэ нь жилийн дотор гурав дахин өссөн үзүүлэлт юм. Юанийг төлбөрт тооцооны хэрэгсэл болгон ашиглах нь ч ихсэв. SWIFT-ийн судалгаагаар Хятадын юань хоёр жилийн өмнө санхүүгийн зах зээлд 20 дугаар байр эзэлж байсан бол 2014 онд долдугаар байр луу үсэрчээ. Ингэснээр юань Азийн хамгийн идэвхтэй валют боллоо.
Нөөцийн валютын хувиар ч гэсэн юанийн үүрэг өсч байгаа бөгөөд Standard Chartered банкны үзэж буйгаар Дэлхийн 40 төв банк нөөцөө тархаан байрлуулах зорилгоор юаньд шилжсэн, эсвэл шилжихээр бэлдэж байна. Түүнчлэн юань хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж байна. 2008 онд Хонконгийн банкны системд юань зөвхөн нэг хувийг эзэлж байсан бол эдүгээ 12 хувь болж өсчээ. Ихэнх экспертүүд олон улсын худалдаанд юань чухал үүрэг гүйцэтгэх болсныг “Их торгоны зам” гэсэн эдийн засгийн төслийн хэрэгжилттэй холбон тайлбарладаг. Уг төсөл нь шууд хөрөнгө оруулалтыг дэмжих, юаньд үндэслэсэн офшор бүсүүдийг байгуулах зорилготой юм. Энэ үйл явц хоёр замаар явах байх гэж ажиглагчид үзэж байна. Нэгдүгээрт эрчим хүчний салбарт юаниар түлхүү тооцоо хийх болно. Хоёрдугаарт Төв азийг багтаасан “Их торгоны зам”-ын бүс дэх Хятадын хөрөнгө оруулалт, зээлийн хэмжээг өсгөх ажээ.
Долларын талаар эргэлзээ төрөв
Юанийн идэвхтэй гүйлгээний зэрэгцээ долларын нөлөө буурч байна. Дэлхийн валютын сангийн тооцоолсноор 2000 онд дэлхийн валютын нөөцийн 55 хувь доллараар нэрлэгдсэн бол өнгөрсөн оны эцэс гэхэд уг үзүүлэлт 33 хувь болж буурчээ. 2003 оноос эхлээд хөгжиж буй орнууд доллараас өөр валютаар гүйлгээ хийх нь ихэссэн. Түүгээр барахгүй Америкийн олон компани юаньд хандаад эхэлжээ. SWIFT хэмээх банк хоорондын системийн судалгаагаар АНУ нь юанийн хэмжээгээрээ Сингапур, Их Британий дараа гуравт оржээ. Энэ онд Хятад, Америк хоёрын юаниар хийсэн гэрээ 2013 онтой харьцуулахад 0,7 хувиас 2,4 хувь болж өсчээ.
Юанийн довтолгоо, долларын сульдаа Европт багагүй асуудал үүсгэж байна. Жишээ болгож Францын BNP Paribas банкны түүхийг авч үзье. АНУ тус банкийг Ираны эсрэг авсан хориг арга хэмжээний нөхцлийг зөрчлөө хэмээн олон тэрбум долларын торгууль тавьжээ. Энэ нь француудын эгдүүг хүргэж Банкны захирал Кристиан Нуайе: “Бид доллараас өөр валютаар худалдаа хийх сонирхолтой байна гэж хэлмээр санагдаж байна. Хятад, Европ хоёр евро, юаниар худалдаа хийж байгаа учраас бид энэ жишгийг авч үзэх хэрэгтэй” гэж хэлжээ. Шинжээчид BNP Paribas банк доллараар гүйлгээ хийхээ больж, зах зээлд хохирол учирна гэж хүлээж байна. Хэрэв Европ дахь Америкийн холбоотнууд доллараас татгалзвал дэлхий эрс өөрчлөгдөнө.