АНУ-д хууль батлах процесс хэрхэн өрнөдөг вэ?
Америкийн парламентын Танхимын дүрэм өөрчилж болохоор уян хатан ч нэгэн үндсэн дүрэм байдаг. Энэ нь “Зохистой байхуйн дүрэм” (germaneness rule) юм. Уг дүрмийн дагуу “билль” буюу хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн хэлсэн үгс, санал бодол зөвхөн тухайн хуулийн төслийн мөн чанарт тохирсон байх ёстой. Уг дүрэм Сенат байгуулагдсан 1789 оноос хойш огт өөрчлөгдөөгүй. Учир нь Сенатын бүрэлдэхүүн хэзээ ч бүтнээрээ шинэчлэгддэггүй бөгөөд зөвхөн гуравны нэг нь шинэ гишүүд байдаг.
Ерөнхийлөгч жил болгон Үндэстэнд хандаж үг хэлэхдээ шинэ хуулийн санааг дэвшүүлж болно. Түүнчлэн жирийн иргэд Конгресст саналаа илгээх боломжтой. Гэхдээ хууль санаачлах бүрэн эрх зөвхөн конгрессын гишүүнд бий. Хуулийн төсөл санаачилсан гишүүд төслөө индэрийн дэргэдэх тусгай хайрцаганд хийдэг. Дараа нь Сенатын гишүүн Сенатын нарийн бичгийн даргад дамжуулах юмуу эсвэл өөрөө хуулийн төслийг танилцуулна.
Америкийн хууль батлах үйл явц. (Инфографик)
Хуулийн төслийг танилцуулсны (анхны хэлэлцүүлэг) дараа Сенатын нарийн бичгийн дарга үргэлжлүүлэн боловсруулахын тулд тусгай хороог томилно. Хэрэв төсөлд олон салбарын асуудал орвол хэд хэдэн хороо байж болно.
Танхим болгонд байнгын (standing) ба тусгай (select) хороо гэж бий. Түүнчлэн хоёр танхимын гишүүдээс бүрдсэн хамтарсан (joint) хороо гэж бий. Хороо болгон өөрийн хүрээнд дэд хороо (subcommittee) байгуулж болно. Хороодын бүрэлдэхүүнийг шинэ Конгрессын чуулганы эхээр, өөрөөр хэлбэл хоёр жил тутамд намуудын фракцийн хурлын үеэр тодорхойлдог. Хорооны даргаар олонхийн бүлгийн гишүүдийн нэгийг томилдог. Конгрессын нэг гишүүн хоёроос дээш хороо, дөрвөөс дээш дэд хороонд харъяалагдах ёстой. Гэхдээ хороодын гишүүнчлэл фракцийн гишүүнчлэлтэй нягт холбоотой. Өөрөөр хэлбэл хэрвээ Конгрессын гишүүн фракциасаа гарвал хорооноос ч бас гарах ёстой. Хороод дахь намын бүрэлдэхүүн нь танхим дахь намуудын харьцаатай дүйдэг. Энэ нь танхимын санал хураалтаар гарсан үр дүн хороодын санал хураалтын дүнтэй адилхан байх үндсийг бүрдүүлдэг. Тиймээс чухамдаа хороодын хэлэлцүүлгээр олонхи хуулийн төслийн хувь заяа шийдэгддэг.
Хуулийн төслийг хороодоор хэлэлцсэний дараа Танхимд шилжүүлж ерөнхий хэлэлцүүлэг эхэлнэ. Ингэснээр хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлнэ. Хэрэв хурлын дарга яриаг таслах шаардлагагүй гэж үзвэл Танхимын гишүүн нэг цагийн турш ярьж болно. Дараа нь хуулийн төслийг зүйл бүрээр нь танилцуулна. Үүний дараа Танхимуудын гишүүд таван минутын хугацаанд ямар нэмэлт оруулах тухайгаа хэлнэ. Түүнчлэн нэмэлтийг эсэргүүцсэн хүнд таван минутыг олгодог. Эцэст нь хороод, танхимаар орсон төслийн гуравдугаар хэлэлцүүлэг эхэлдэг. Гуравдугаар хэлэлцүүлгээр хуулийн төслийн эцсийн хувилбарыг (engrossed bill) гаргаснаар Сенат руу илгээнэ.
Сенатад хуулийг хэлэлцэхдээ тодорхой цаг, сэдэвт баригддаггүй. Зарим тохиолдолд үүнийг ашиглаад зарим гишүүн хуулийн төслийг санаатай бүтэлгүйтүүлдэг. Хэрэв ингэвэл Сенатын гишүүдийн гуравны хоёрын саналаар хэлэлцэх хугацааг 30 цагаар тогтоож болно. Хэлэлцүүлгийн хугацаа дууссаны дараа эцсийн санал хураалт явагдана. Дараа нь Сенатын нэмэлтийг агуулсан хуулийн төслийг эргээд Танхим руу илгээнэ. Танхим нь Сенатын нэмэлтийг хүлээж авахгүй байж болно. Танхим Сенатын өөрчлөлтийг хүлээж авсан тохиолдолд хуулийг төслийг гарын үсэг зуруулахаар Ерөнхийлөгчид хүргэнэ.