Эмх замбараагүйн эрин
Хонконгод гарсан үймээн самуун
2014.11.24

Эмх замбараагүйн эрин

Уншигч та бүхэндээ АНУ дахь Олон улсын харилцааны Зөвлөлийн ерөнхийлөгч Ричард Хаасын нийтлэлийг хүргэж байна.

Түүхийн аливаа нугачааг тухайн эрин үе төгстөл таньж мэдэхэд хэцүү. Дахин сэргэлтийн үеийг зөвхөн дууссаных нь дараа (ретроспектив) “энэ бол дахин сэргэлтийн үе” байжээ гэдгийг мэдсэн. Түүнээс өмнөх Дундад зууны харанхуй үе, ер нь хүн төрөлхтний түүхэнд байсан бүх түүхэн үеийг байнга өнгөрсөн хойно нь тодорхойлдог.

Гэсэн хэдий ч эдүгээ дэлхийн түүхийн нэгэн мөчлөг дуусч, шинэ мөчлөг эхэлж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Энэ бол Берлины хана нурж, хүйтэн дайн дууссанаас хойш 25 жил үргэлжлээд дуусч буй үе юм. Хүйтэн дайны дараа Америкчуудын давуу байдлын эрин эхэлж, дэлхийн хүн амын нилээдгүй хэсгийн амьдрал дээшилж, олон тооны нээлттэй бүлгүүд, улс төрийн тогтолцоонууд бий болж, дэлхийн том гүрнүүд ойртон хамтран ажиллах болсон билээ. Харин одоо энэ үе төгсгөл болж дэлхий ертөнц өргөн хэмжээний дайн дажин байхгүй ч өмнөхөөсөө эмх цэгц муутай үед шилжээд байна.

Дэлхийд өрнөж буй мөргөлдөөний цэгүүд

Эдүгээ Ойрхи Дорнод орчин үеийн “30 жилийн дайны” байдалтай байгаа бөгөөд улс төр, шашны бүлгүүд өөрсдийн үзэл суртлыг бүхнээс дээгүүрт тавьж, заримдаа энэ нь тухайн улсын дотор болон хилийн чанадад цус асгаруулсан мөргөлдөөнд хүргэдэг. ОХУ-ын Украйн болон бусад оронд гаргасан үйлдлүүд нь бусдын газар нутгийг цэргийн хүчээр эзлэхийг хориглодог, эрх зүйн зарчимд үндэслэсэн Европын тогтвортой дэглэмтэй сөргөлдөөнд орж эхэллээ.

Ази тив одоохондоо амгалан тайван байна. Гэвч энэ энх тайван маш эмзэг бөгөөд ялихгүй доргионд нуран унах аюултай. Учир нь Ази тивд шийдлээ олоогүй олон тооны газар нутгийн маргаан, жил ирэх тутам хурц хэлбэрт шилжиж буй үндэстний үзэл, дипломатуудын идэвхгүй үйлдлүүд нь түгшүүртэй байдлыг үүсгэж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн дэлхийн хэмжээний ажлууд, сүлжээний эрин үеийн үндэстэн дамжсан худалдааны тогтолцоо зэрэг нь нэг улс орон асуудлыг дангаараа шийдэх боломжгүй болгодог. Ялангуяа халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, зогсооход хэцүү боллоо.

Энэ нь хүн төрөлхтний нийгэмд зарим нэг суурь өөрчлөлт гарсантай холбоотой. Тухайлбал алан хядагч бүлэглэлүүдээс эхлээд үндэстэн дамжсан корпораци, олон улсын байгууллагууд хүртэлх бүх төрийн болон төрийн бус байгууллагуудын доторх эрх мэдэл хэтэрхий олон субъектад тархаж хувиарлагдсан (диффузи). Хүлэмжийн хийн ялгарал, хар тамхи, зэвсгийн наймаа, алан хядлага, халдвар өвчний асуудлыг дуу нэгтэй шийдэхэд маш хэцүү. Яагаад гэвэл яг юу хийхийг хэн ч мэддэггүй. Тэр байтугай төрөл бүрийн хэлэлцээ, конвенци байсан ч гэсэн бодит шийдэлд хүрэх нь ховор.

Эмх замбараагүйд хүргэсэн зарим нэг шалтгаан АНУ-тай холбоотой. 2003 онд Иракт эхлүүлсэн дайн суннитууд болон шийтүүдийн хоорондын зөрчлийг улам хурцатгав. Дөнгөж саяхан АНУ Сири улс дахь дэглэмийг өөрчлөхийг уриалж байсан ч Башар Асадын цэрэг химийн зэвсэг хэрэглэж байхад юу ч хийж чадаагүй.  Сирид өрнөсөн иргэний дайны үр дүнд улс төрийн хоосон орон зай үүсч тэр орон зайг Исламын алан хядагч бүлэг эзлэв.

Ричард Хаас

Владимир Путинаар толгойлуулсан Оросын эрх баригчид айлган сүрдүүлэх аргаар хуучин гүрнийхээ алдагдсан хэсгийг эргүүлж авахыг санаархах болов. Европын орнуудад дэлхийд том тоглогч болоход мөнгө, ухаан хоёр дутаж байна. Азийн олон засгийн газар хэт үндсэрхэг үзлийг ойшоохгүй, эсвэл өөгшүүлж байна.

Гэхдээ энэ бүхэн нь нийгэмд харанхуй үе ирсэн гэсэн үг биш. Ираныг цөмийн зэвсэг хийлгэхгүйн тулд олон улсын хэлэлцээрүүд үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Эс тэгвээс хөрш орнууд нь адилхан цөмийн зэвсэг үйлдвэрлэж эхэлнэ. Санхүүжилтыг нь хаах, шинээр элсэгчдийг цөөлөх замаар Исламын бүлгийг номхотгох найдвар ч бас бий. Эдийн засгийн хориг, газрын тосны үнийн уналт зэрэг нь ОХУ зарим буулт хийхэд нөлөөлөх боломжтой.

Цаашдаа АНУ-ын нөлөө сулрах ч түүнийг орлох улс орон одоогоор алга. Үүний үр дүнд тайван бус, хөгжил дэвшил зогсонги, асуудлаа шийдэх чадвар муутай дэлхий ертөнц бий болно.