Хар зах зээл буюу бөөр ямар үнэтэй вэ?
Эрхтний худалдаа
Хүний эрхтнийг наймаалдаг явдал детектив номны хуудас, зөгнөлт киноны дэлгэцнээс бодит амьдралд аль эрт шилжсэн. Энэ бол хар зах зээлийн хамгийн ашигтай бизнесийн нэг. Эрхтний наймаа Ази, Латин Америк, Төв болон Зүүн Европт цэцэглэж байна. Хар зах зээл дээр хүний бөөр, уушиг, элэг, нүд, яс, шөрмөс, зүрх, арьс гээд олон эрхтэн худалдаж авч болно.
Инфографмк: Эрхтний наймаа
Хамгийн эрэлттэй нь бөөр. Яагаад гэвэл Дэлхий дээр амьдарч буй 10 хүн тутмын нэг нь бөөрний асуудалтай. ДЭМБ-ын тооцоолсноор жилд 70 мянган бөөр шилжүүлэн суулгадаг бөгөөд үүнээс 20 хувийг нь хууль бусаар, өөрөөр хэлбэл хар зах зээл дээр зардаг. Бөөрний наймаа ядуу оронд төдийгүй чинээлэг хөгжингүй орнуудад ч бий. Зарим ядуу оронд өлсөөд үхчихгүйн тулд юу ч хийхээс буцахгүй бөгөөд өөрийгөө “задалж” зарахаас ч сийхгүй.
Залуу хархүү бааранд хөөрхөн хүүхэнтэй танилцаад жаахан уусны дараа гэр лүүгээ харих замдаа ухаан алдаж, маргааш нь сэрэхдээ өрөөсөн бөөртэй үлдсэнээ мэддэг тухай Холливудын нэг бус кинонд гардаг. Харамсалтай нь энэ санаанаас зохиосон түүх биш.
Эрхтний наймаачид хэдэн төгрөг олдог талаар тоо баримтууд хоорондоо зөрдөг ч маш их мөнгө олдог гэдэг нь баталгаатай. Бөөрөө өгсөн донор 5000 доллар авдаг бол зуучлагч “брокер” 150 000 доллараар зарах жишээтэй.
Хятадад эрхтний наймаа хамгийн их. Бээжингийн эрх баригчид хоёр жилийн өмнө, шилжүүлэн суулгах эрхтний ихэнх хувийг цаазын ял сонссон гэмт хэрэгтнүүдээс авдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Багахан хувийг аваарт орж нас барсан хүнээс авдаг аж.
2007 онд Хятадын эрх баригчид ойр дотныхоо хүнд эрхтнээ өгөхөөс бусад тохиолдолд эрхтэн шилжүүлэхийг хориглосны дараа хар зах зээл бүр ч тэлэв. Жил бүр Хятадад 1,5 сая хүн бөөрний эрэлттэй байхад эмч нар тэдэнд зөвхөн 10 мянгыг л өгч чадна.
Түүнчлэн эх оронд нь эрхтэн олддоггүй, дараалал хүлээж залхсан баячууд Хятадад эрхтэн худалдаж авахаар ирдэг аж.
Мөн Пакистанд бөөрний наймаа газар авч “бөөрний зах” гэдэг нэр авчээ. Эрх баригчид эрхтний наймааг хориглох тухай олон жил ярьж байгаа ч үр дүн гарсангүй. Энэ төрлийн бизнест хэтэрхий олон хүн, тэр дундаа төрийнхөн өөрсдөө хутгалджээ.
2005 онд болсон, 84-200 мянган хүний амийг авч одсон аймшигт газар хөдлөлт “ бөөрний мафийнхныг” баярлуулсан хэрэг болов. Газар хөдөлснөөс нэгхэн хоногийн дараа “бөөрний ангуучид” гамшигт өртсөн газрууд руу явж орох орон оочих аягагүй, өлбөрөхийн ирмэгт ирсэн хүмүүсийг бөөрөө зарахыг ятгажээ.
Ховор амьтны худалдаа
Зарим баячуудын хувьд Мерседэс унаж, алмааз зүүгээд ч бусдад гайхуулах цаг өнгөрсөн бололтой. Харин гэрээ матраар мануулж, гараажандаа дөрвөн дугуйт Ягуар биш, жинхэнэ амьд бар уячихсан байвал юмтай хүн гэж тооцогдохоор болж.
Ховор амьтны худалдаа
Ховор амьтан цуглуулах нь баячуудын хамгийн сүүлийн үеийн мод болжээ. Ховор амьтан, ургамлыг арилжааны зорилгод ашиглахыг хориглосон олон улсын Конвенцийн жагсаалд нийтдээ 7 000 зүйлийн амьтан, 30 000 зүйлийн ургамал байдаг. Хамгийн эхний ангилалд матар, бар, усны үхэр, арслан, том сармагчнууд ордог. Гэхдээ Конвенцид нэгдсэн 154 орон дотроо тодорхой тооны ховор амьтан агнаж болно. Зарим оронд ховор амьтны наймаа төсөвт багагүй орлого оруулдаг. Тухайлбал Өмнөд Африкийн БНУ хирсийн эвэр зарж хоёр сая доллар олдог. Түүнчлэн Сенегал, Аргентин, Танзани, Хятад, Индонезид энэ төрлийн худалдаа бий.
Ховор амьтны хууль бус худалдаа нь хар зах зээлийн нэг томоохон хэсэг болдог. Жил бүр хуулиас гадуур 30 000 сармагчин, таван сая шувуу, 10-15 сая мөлхөгч, 500-600 сая чимэглэлийн загас зарагддаг. Голдуу эмчилгээ, хоолны газар, хувийн цуглуулгад ашигладаг.