Эдийн засгийн хориг асуудлыг шийдэх бус улам гүнзгийрүүлдэг
Эдийн засгийн хориг орчин үеийн улс гүрнүүдийн гадаад бодлогын нэгэн хэрэгсэл болжээ
2014.12.19

Эдийн засгийн хориг асуудлыг шийдэх бус улам гүнзгийрүүлдэг

Эдийн засгийн засгийн хориг бол зуу зуун жилийн түүхтэй. Улс орнууд шууд бус аргаар хөршүүддээ нөлөөлөх оролдлого  олон гарч байв.  Гэвч түүхийн туршлагаас харахад хориг асуудлыг шийдэхээсээ илүү улам гүнзгийрүүлдэг.

Хамгийн анхны эдийн засгийн хоригийг МЭӨ тавдугаар зуунд Эртний Герегчүүд хэрэгжүүлж:ээ. МЭӨ 423 онд Элладад ноёрхож байсан Афинчууд Мегарын худалдаачдыг өөрийн боомт, захуудад ирэхийг хоригложээ.  Энэ нь цус асгаруулсан Пелопонегийн дайны эхлэлийг тавьжээ.

Эзэнт гүрнүүдийн үед улс орнууд олон улсын худалдаанд нөлөөлж улсынхаа санд аль болох их мөнгө хуримтлуулахыг зорьдог байв.  Тухайлбал Хятадтай худалдаа явуулдаг байсан улсууд Хятадын нөлөөг багасгаж, эдийн засгийг доройтгохын тулд үе үе торгон хувцас өмсөхийг хориглодог байв.

Наполеон Их Британитай байлдаж байхдаа “тивийн хаалт” гэгчийг хэрэгжүүлж Францын мэдэлд орсон болон хараат болсон Европын улсуудад Английн барааг худалдаж авахыг хоригложээ.

Хориг тавих нь янз бүрийн мөргөлдөөн, дайнд хүргэдэг байлаа.  Дэлхий дахинд аажмаар чөлөөт худалдаа нь худалдагч, худалдан авагчийн аль аль талд ашигтай гэсэн үзэл бодол бэхжив.

Таалагдахгүй улс орныхоо эсрэг худалдааны хориг хэрэгжүүлэхийг бодлогын түвшинд анх удаа 19 дүгээр зууны сүүлээр Их Британы Колонийн эзэнт гүрний үед боловсруулжээ. 1888 онд Их Британы хүн ам дэлхийн нийт хүн амын хоёрхон хувийг эзэлж байсан ч дэлхийн нийт аж үйлдвэрийн барааны 54 хувийг эзэмшиж байв. Энэ рекордыг түүнээс хойш хэн ч эвдээгүй.

Худалдааны хориг нь Их Британы хамгийн түгээмэл хэрэглэдэг аргуудын нэг байлаа. Английн философич Томас Хаксли 1890 онд худалдааны дайны гол үзэл санаа болсон нэг үгийг хэлжээ. Энэ нь “Манай ард түмэн бол бараа зардаг ард түмэн. Худалдан авагч хамгийн хямдаар хамгийн чанартай бараа авахыг хүсдэг. Бусад орнууд ч ийм зүйлийг хүсдэг. Хэрэв бусад орны удирдагчид бидэнд бараа худалдахад саад болвол тун удахгүй англичууд ядуурна. Тиймээс бид бусад улсын бараанаас өөрийн дэлгүүрийг хамгаалж, удирдагчдад нь нөлөөлөх ёстой ” гэсэн үг юм.

Гэвч Дэлхийн нэгдүгээр дайн изоляционизмыг бий болгов. Америкийн судлаач, Эдийн засгийн ардчиллын институтын захирал Джон Смитийн бичсэнээр Дэлхийн хоёр том дайны нэг шалтгаан нь дэлхийн баян чинээлэг, хүчирхэг орнуудын хоорондох худалдааны дайн байжээ. Тухайлбал Нэгдүгээр дайнд Англи, Франц хоёр Германтай байлдах гол шалтгаан нь “үндэсний худалдааны ашиг сонирхлыг Германы түрэмгийллээс хамгаалах” явдал байжээ.

1920-иод он, 1930-аад оны Дэлхийн эдийн засгийн хямрал олон орныг гаалийн татвараа нэмж, импортын барааны хэмжээгээ багасгахад хүргэв. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайн гарах нэг үндсэн шалтгаан болжээ. Жишээлбэл Япон улс Европын орнуудтай худалдааны зөрчилтэй байснаас дайнд оржээ.

Сонирхолтой нэгэн баримт дурдвал Япон дайны ажиллагаа эхлүүлснээс хойш тэр үед дайнд оролцоогүй байсан АНУ Японд нефть нийлүүлэхээ больсон. Газрын тосны эх үүсвэргүй болсон Япон улс энэ үйлдлийг эдийн засгийн дарангуйлал хэмээн үзэж цаашдаа Америкийн эсрэг зогсох стратеги сонгожээ. 1941 онд Япончууд Германтай байлдаж байсан ЗХУ биш, харин АНУ-д довтолжээ. 

Хоёрдугаар дайны дараа Барууны орнууд тусгаарлалаас илүү хамтрах нь дэлхийн эдийн засагт ашигтай гэж үзсэн ч хамгийн гол өрсөлдөгч болсон ЗХУ улс тусгаарлалын бодлого явуулсан хэвээр байв. 1940-1950-иад дэлхийн худалдаа ахин сэргэж олон улсын худалдааг дэмжсэн, тусгаарлалын эсрэг чиглэсэн анхны бүтцүүд байгуулагджээ. Энэ нь дэлхийн эдийн засгийг сууриар нь өөрчлөв. 

Эдийн засгийн хориг буюу америк ташуур

Гэсэн хэдий ч эдийн засгийн хориг алга болсонгүй.  Хоригийг олон улсын байгууллага, улс төрийн бүлэглэлүүд, бие даасан улсуудын аль аль нь хэрэглэдэг. Заримдаа маш их хохирол авчирдаг.  

Тухайлбал 1973 оны 10 дугаар сард Арабын нефть экспортлогч орнууд АНУ руу нефть гаргахыг хоригложээ.  Энэ нь Америк Израйлийг дэмжиж буйг эсэргүүцсэний илрэл байлаа. Үр дүнд нь нефтийн үнэ хэд дахин өсөв.  1974-1975 онд  Хойд Америк болон Баруун Европын орнууд эдийн засгийн гүн хямралд оров. Явж явж арабын орнууд өөрсдөө хохирол амсав.

Үүний дараа Барууны орнууд эрчим хүчний стратегиа эрс өөрчлөв.  Тэд газрын тосны өөр эх үүсвэр хайж судалгааны байгууллагуудыг асар их мөнгөөр санхүүжүүлэв. Түүнээс гадна 1973 оны хориг Арабын ертөнц болон Барууны орнуудын харилцааг эрс муутгаж, Арабын орнууд хэдэн жилийн турш Барууны техник, технологийн үр шимийг хүртэх боломжгүй болов. 

Америкийн ташуур

Эдийн засгийн хориг АНУ-ын гадаад бодлогын гол хэрэгслийн нэг болжээ.  Ялангуяа Хүйтэн дайны дараагаар байн байн ашиглах болов. 1918-1992 онд АНУ 54 удаа эдийн засгийн хоригийг хэрэгжүүлжээ. Гэтэл 1993-2002 оны хооронд 9-хөн жилийн дотор 61 удаа хэрэгжүүлсэн байна.

Үүнд шалтгаан бий.  Голдуу терроризмыг дэмжсэн, хар тамхи, алмааз хууль бусаар худалдаалсан, хүний эрх зөрчсөн, зэр зэвсэг, цэргийн технологи хууль бусаар худалдсан, олноор устгах зэвсэг хийсэн гээд олон шалтгаан бий. Гэхдээ АНУ-ын хориг худалдааны бүх салбарт чиглэдэггүй. Жишээ нь АНУ Гамби болон Бурундын эсрэг санхүүгийн хориг тавьсан ч үндсэн худалдааг хориогүй.

1997 оны байдлаар (үүнээс хойших судалгаа одоохондоо байх боломжгүй) АНУ-ын хоригт өртсөн улсуудад дэлхийн хүн амын 42 хувь нь амьдарч байна.