Цаазын ял, дарангуйллын дэглэмтэй үлгэрийн орон
Сингапурын тухай бид юу мэдэх вэ? Цаазын ялтай, хямдхан техниктэй, хан боргоцой хаа сайгүй ургадаг, сармагчингууд нь хүртэл паспорттай. Олон хүн иймэрхүү баримтуудаас хэтэрдэггүй.
Тусгаар тогтносон Сингапур улс байгуулагдаад 50 жил ч болоогүй. Гэхдээ энэ хугацаандаа үгээгүй ядуугийн байдлаас сэргэн мандаж өндөр хөгжилтэй олон орныг ардаа орхижээ. Нэгэн хотын дайны газар нутагтай Сингапур улс ийм амжилтад хэрхэн хүрэв.
Авлигатай яаж тэмцдэг вэ?
30 жилийн өмнө Сингапур авлигын үүр уурхай байв. Бүх ажил хахуулиар шийдэгддэг байлаа. Танил дүрх төрх байгаа биз? Харин Сингапурын алдарт ерөнхий сайд Ли Куан Ю сайдуудын чадварлаг баг бүрдүүлж хатуу бодлого боловсруулан авлигын хэрэгт өгөх ялын хугацааг эрс ихэсгэжээ. Цагдаагийн ажилтнуудыг олон нийтийн хянагчаар сольж, мөрдөх албаны эрхийг нэмжээ. Авлига буурч, татвар багассанаар маш олон тооны компани бий болов. Хүнд үйлдвэрлэл хөгжих үед экологийн асуудал багагүй байсан ч эдийн засагт аажмаар банк, анагаах ухаан, автоматжуулалт давалгайлж ирэв. Хагас цагийн дотор хувийн компани байгуулж болно. Дээрээс 10 хүн тутмын нэг нь саятан.
Сингапурт удирдлагын тогтолцоо байнга төгөлдөржиж байдаг. Хэрэв иргэн хүн ямар нэгэн саналаа төрд хэлэх хүсэлтэй бол санал гомдлын дэвтэр өгөх бус харин түүнийг анхааралтай сонсдог. Хэрэв санал хэрэгтэй гэж үзвэл гарах шийдвэрт заавал тусгагдана.
Шинжлэх ухаан, инноваци, тэнгэр баганадсан барилгууд
40 жилийн өмнөөс Сингапур улс аж үйлдвэрийг хөгжүүлж том том боомтууд, нефть боловсруулах үйлдвэр, электрон техникийн заводууд барьж эхэлжээ. Харин өнөөдөр эдийн засаг шинжлэх ухаан, инновацид суурилсан төслүүдээр хөгжиж байна. Сингапурын нэгэн гайхалтай зүйл нь боловсролын чанар. Сингапурын их сургуулиуд Азид тогтмол тэргүүлдэг. Биоинформатик, робот үйлдвэрлэл, компьютерын хэл шинжлэл идэвхтэй хөгждөг.
Сингапурын нийгмийн хамгааллын тогтолцоонд нэг сонин зүйл бий. Учир нь энэ улсад хүмүүс тэтгэвэр авдаггүй. Тиймээс рестораны шал угааж буй эмээ нарыг олонтаа харж болно. Тэтгэвэр өгөхийн оронд төрөөс ирээдүйн мөнгөө хуримтлуулахад тусалдаг.
Сингапурт хуучин байшин гэж бараг байхгүй. Энэ нь чийглэг уур амьсгал, жижигхэн газар нутагтай холбоотой. Эргэн тойрон тэнгэр баганадсан барилгууд. Гэхдээ орон сууцны үнэ гэдэг санаанд багтамгүй өндөр. Хотын төвд байр хөлсөлвөл сард 200 гаруй мянган доллар төлнө. Тиймээс сингапурчууд хотын зах руу амьдрах дуртай. Танилцсан хүмүүс нэг нэгнээсээ хамгийн түрүүнд “сард хэдийг төлдөг вэ? ” гэж асуудаг.
Орон сууцны газрыг 99 жилийн хугацаатай эзэмшүүлдэг. Гэхдээ ихэнх барилга 99 наслахаасаа өмнө нураагдах нь мэдээж.
Сингапур торгуулийн орон
“Singapore is a fine city” гэсэн үгийн “fine” гэдэг нь “сайхан”, “торгууль” гэсэн хоёр утгатай гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл Сингапур сайхан хот, бас торгуулийн хот гэсэн үг. Энэ нь тус хотод хууль хэр хүчтэй үйлчилдэгийг ойлгоход дөхөм болно. Торгуулах тохиолдол маш олон. Гарцгүй газраар зам хөндлөн гарвал, буруу газар тамхи татвал, метронд муудсан жимс авч явбал торгоно гэх мэтээр уртын урт жагсаалт гаргаж болно. Бохь зажлах бүр ч хориотой. Шинээр очсон үүнийг их гайхдаг. Учир нь +36С халуунд бохь нь нялцгай бодис болж хувирдаг. Гудамжинд цагдаа нар харагддаггүй ч байнгын ажиглалт хийнэ.
Сингапурчууд тэтгэвэр авдаггүй
Нэг дутагдалтай тал нь Сингапурт гаднаас ирж ажиллаж буй хөлсний ажилчидтай эзэд нь бараг л боол шиг харьцдаг. Хэрэв ажилчин гомдол гаргавал буруутанг шийтгэх хэдий ч дахиж ажил олоход тун хэцүү. Гэр бүлээсээ хол, эздийн байнгын дарамтанд байдаг хөлсний ажилчид амиа хорлох нь олонтаа.
Түүнчлэн Сингапуурчууд яарахыг мэддэггүй хүмүүс. Галт тэрэг хагас цагаар хоцрох нь энгийн үзэгдэл. Уулзалтыг хагас цагийн өмнөхөн цуцлах нь ердийн хэрэг. Харин та яарч байвал таньд дуртайяа зам тавьж өгнө.
Цаазын ял, дарангуйллын дэглэмтэй үлгэрийн орон
20 орчим жилийн өмнө Америкийн зохиолч Уильям Гибсон “Disneyland with the Death Penalty” (Цаазын ялтай Диснэйлэнд) нэртэй ном гаргаж Сингапур улсыг авторитари дэглэмтэй ардчилсан улс гэж шүүмжилжээ. Үнэхээр улс орноо өндөр хөгжилд хүргэсэн Ерөнхий сайд агсан Ли Квань Югийн засгийн газар тасралтгүй 40 жил улс орныг толгойлсон.
Гэхдээ хэргийн учир нь ард түмэнд түүнд хайртай. Дэмий ч нэг хайрлаагүй. Өнөөгийн Сингапурыг 20 жилийн өмнөхтэй харьцуулахад Ли Квань Югийн засгийн газар хичнээн ихийг хийснийг харж болно.
Төр ард түмэндээ, ард түмэн төрдөө итгэдэгийн нэг илрэл нь том хурал, цуглааны үед харагддаг. Тухайлбал одоогийн ерөнхий сайд гудамжинд олны өмнө үг хэлэхдээ хамгаалагчгүй гарч ирэх жишээтэй.
Түүнчлэн эрх баригчид өөрсдийн эрх мэдлээ хэрхэн хамгаалдаг нь сонирхолтой. Ли Квань Югийн үед түүнийг төрийн албыг хувьдаа ашиглаж байна хэмээн их шүүмжилдэг байсан. Үнэхээр Ли Квань Югийн хамаатан саднууд төрийн байгууллага, томоохон корпорициудад дүүрэн байлаа. Хариуд нь ерөнхий сайд нэр төр гутаасан хэмээн шүүхэд хандаж бүх заргаа авчээ. Харин сөрөг хүчний нэгэн лидер эрх баригчидтай сөргөлдөөд бүрэн дампуурч насныхаа бөгсөнд ядуу амьдарч байна. Хэвлэл мэдээлэл ч бас эрх чөлөө багатай. Хэрэв эрх баригчдыг хэвлэлээр шүүмжилвэл Засгийн газар редакци руу албан шаардлага хүргүүлнэ. Хэрэв редакци шаардлагыг хүлээж авахаас татгалзвал шийтгүүлнэ. Тухайлбал зарим сонинуудын хэвлэгдэх хувийг хязгаарласнаас тухайн сонин хаагдаж байсан тохиолдол цөөнгүй.
Энэ бүхнээс харахад Сингапур тийм эрх чөлөөтэй орон биш ч амьдрахад тун аятайхан газар.