Исламын бүлэглэл Пентагоны сүлжээг хакерджээ
“Америк цэргүүдээ. Бид ирж байна. Болгоомжлоорой. Исламын бүлэглэл” гэсэн зурвас твиттер хуудсанд гарч ирэв. Түүнчлэн өөр нэг хуудсанд “Исламын бүлэглэл хэдийнэ ирчихлээ, та нарын компьютерт, цэргийн бааз болгонд байна” гэж бичжээ.
Энэ мэтийн сүрдүүлсэн мэдэгдлүүд Исламын улсын хяналтанд байдаг твиттер хуудаснуудад олонтаа гардаг. Гэвч ийм мэдэгдэл АНУ-ын Батлан хамгаалах яамны төв командлал Пентагоны твиттер хуудсанд гарч, уг хуудас 12-ны өдөр хагас цагийн турш Исламын бүлэглэлийн мэдэлд оржээ.
Зурвасыг дагалдуулан зарим нэг америк генералын цахим захидал, хаяг, утасны дугаарыг бичжээ.
“Аллахын ачаар бид одоо Америкийн төв командлалд нэвтэрлээ. Бид зогсохгүй, бид та нарыг, та нарын эхнэр, хүүхдийн талаар бүгдийг мэднэ” гэж сүрдүүлсэн үгсийг твиттерийн холбоосоор уншиж болно.
Үүний зэрэгцээ хакерууд Пентагоны YouTube хуудсанд Исламын бүлэглэлийн ухуулгын дүрс бичлэгийг байршуулсан байна. Удаашруулсан дүрс бичлэгт дэлбэрэлт, хэт даврагсадын лоозон, Барак Обамагийн хэлсэн үгс, түүнчлэн багтай алан хядагчдыг дүрсэлжээ.
Дүрс бичлэгийн төгсгөлд “Дайны гал” гэсэн шатаж буй текст гарч, доор нь “дайн дөнгөж эхэллээ” гэж бичжээ. Араас нь “Бид удахгүй ирнэ. Аллах бидний талд” гэсэн байна.
Хакеруудын халдлагын дараа Пентагоны зүгээс “цэргийн зориулалттай тусгай сүлжээнүүдэд халдаагүй”, “Твиттер болон Ютубын аккаунтаа удахгүй сэргээнэ. Энэ бол цэвэр цахим гэмт хэрэг” гэсэн хариулт өгчээ.
Түүнчлэн хакерууд Хятад, Солонгост болсон тулааны дүрс бичлэг, “Пентагоны сүлжээ эвдрэв” гэсэн бичээсийг байрлуулжээ.
Хакеруудын эвсдэн аккаунтуудад ямар ч нууц мэдээлэл байгаагүй гэж үзэж байна.