АНУ-д малгайтай цамц өмсөхийг хориглоно
Фото: Brian Blanco / Reuters
2015.01.16

АНУ-д малгайтай цамц өмсөхийг хориглоно

Энэ сарын эхээр АНУ-ын Оклахома мужид малгайтай цамц өмсөхийг хуулиар хориглоно гэсэн нь багагүй шуугиан тарив. Үүнээс болж малгайтай цамцанд дурлагчдын санаа зовж эхэллээ.

Дэлгүүр, метроны буудал, гудамжны уулзвар болон бусад олон нийтийн газар камераар тоноглогдсон өнөө үед малгайтай цамц нь гэмт хэрэгтнүүд өөрийгөө таниулахгүй байх найдвартай арга болжээ. Малгайтай цамцнууд спорт хувцасны дэлгүүр болгонд зарагддаг. Ийм цамцыг хэн ч өмсч болох бөгөөд дэлгүүр, банканд ороход сэжиглэх үндэс байхгүй. Гэвч худалдагчид цамцныхаа малгайг нүүр лүүгээ дарсан худалдан авагч агшин зуур дээрэмчин болж хувирч болохыг туршлагаасаа мэднэ. Дээрэмчнийг дараа нь дүрс бичлэгээр таних боломжгүй. 

Согтууруулах ундаа зардаг Mayfair Liquor дэлгүүрийн менеджер Шелли Круз ийм зүйлтэй тулгарсан хүний хувьд “малгайтай цамц өмсөж дэлгүүрээр үйлчлүүлэхгүй” гэсэн дүрэм гаргажээ. 

АТМ мөнгөний машины дээрэмчин

Удахгүй энэ болгоомжлол хууль болон Оклахома муж даяар хэрэгжих төлөвтэй байна. Хуулийн төсөлд бичсэнээр зөвхөн Хэллоун, багт наадам, цаг агаарын хүнд нөхцөл, шашны баяр, циркийн тоглолтоос бусад тохиолдолд малгайтай цамц өмсөхийг хориглосон байна.  Хэрэв хууль батлагдвал малгайтай цамц өмссөн хүнийг 50-500 доллараар торгох, эсвэл нэг жил хорих юм байна.   

Одоогоор Оклахома мужид олон нийтийн газар баг өмсөхийг хориглосон хууль үйлчилж байгааг нэмж хэлэх хэрэгтэй.

Мэдээж хуулийн төслийг эсэргүүцэгчид цөөнгүй бий.  Тухайлбал хэд хэдэн сүмийн пастерууд малгайтай цамц өмсөж номлол хийхээ мэдэгдсэн байна.  Тэдний нэг болох Тулс хотын Майкл Риггс “Энэ бол ямар ч утгагүй зүйл. Ийм хууль баталснаар төр моодын асуудал хөөсөн цагдаа болж хувирч байна” гэжээ. 

Малгайтай цамцыг хориглох тухай өөр мужуудад ярьж эхлэв. Тухайлбал дээрхтэй төстэй хуулийн төслийг Флорида, Калифорн, Нью-Йорк, Вашингтон зэрэг 10-аад мужид боловсруулж байна.  Зарим мужид малгайтай цамцны зэрэгцээ өргөн тойрогтой, өгзөгнөөс доош унжсан джинсийг хориглох талаар ярьж байна.

Өмдөө доошлуулж өмсөх моод

Өмдийг доошлуулж өмсөх моод 90-иэд онд гарчээ. Гэвч 2000-аад оны дунд гэхэд АНУ-ын эрх баригчдын тэвчээр алдагдав. Луизана мужийн Делькабер хотын захиргаа 2007 онд олон нийтийн газар өмдөө доошлуулж өмсөхийг хориглосон хууль гаргажээ. Хууль зөрчсөн хүнийг 500 доллараар торгож, эсвэл хагас жил хорьдог. Удалгүй Атланта муж, Луизана мужийн Мэнсфильд хотод адилхан хууль батлав.  Энэ мэтээр өгзөгнөөс дооших өмдтэй дайн зарласан хотуудын жагсаалтыг үргэлжлүүлж болно. Чикагогийн дагуул хот Линвудад өмдөө доошлуулж дотоожоо 7,6 см-ээс илүү ил гаргасан хүнийг хуулиар шийтгэдэг.