Азгүйчүүдийн арал
Гайти улсын ядуусын хороолол
2015.02.01

Азгүйчүүдийн арал

Өнгөрсөн оны сүүлээр Бүгд Найрамдах Гаити улсын ерөнхийлөгч Мартелли тодорхой бус хугацаагаар ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулж, парламентыг тарааснаар бүх эрх мэдлийг өөрийн гарт оруулжээ.

Азгүй гэхэд дэндүү азгүй

Гаити хэмээх Карибын тэнгисийн энэ орон бол тус бүс нутгийн цорын ганц Францын колони байсан улс. Шинэ тивийн хоёр дахь тусгаар тогтносон орон, харууд удирддаг цорын ганц бүгд найрамдах улс. 20 дугаар хоёрдугаар хагасад Гаити улс харгис дэглэмийн хамгийн тод жишээ байв. Эцэг хүү Дювалье буюу Папа Доки, Бэби Докийн дарангуйлаллыг Гитлерийн Германтай харьцуулахад ч хэцүү. Тэдний дэглэм Тонтон-макут хэмээх цэрэгжсэн отрядуудад түшиглэж байв.  “Насан туршийн ерөнхийлөгч” Папа Докийн Америкийн мөнгөөр тэжээгдсэн дарангуйлал хэдэн арван жил үргэлжилсэн. Харин хүүгийнх нь дэглэм богинохон настай байлаа. Бэби Докийн дэглэм цэргийн эргэлтээр нурж номлогч Жан-Бертран Аристид гэгч ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Номлогч ерөнхийлөгчтэй болсон ч энх амьдрал ирсэнгүй. Шинэ засаг Дювальегийнхны талын хүмүүсийг хядаж эхэллээ. Дарангуйлагчдын талд байсан хүмүүсийн мөрөнд машины дугуйны покрышка углаж шатааж байв. Аристид ядуусын дунд нэр хүндтэй байсан ч долоохон сарын дараа цэргийн эргэлтээр АНУ руу зугтааж гарав.  1994 онд Америк цэргүүдтэй эргэн ирж үндэсний армийг бут цохиж, дахин цэргийн эргэлт гаргахгүйн тулд армийг тарааснаар Гаитад зэвсэгт хүчин гэж байхаа больжээ. 

Гаити улсын газрын зураг

Армийн оронд Аристидын удирдлаганд хагас цэргийн, хагас дээрмийн зохион байгуулалттай бүлэглэлүүд байв. Ийм бүлэглэлүүдийн хамгийн цуутай нь “Зэрлэгүүдийн арми” нэртэй байлаа. Аристидийн дараагийн ерөнхийлөгчөөр Рене Превалийг томилж тэр нь эдийн засгийн өөрчлөлт хийхийг оролдов. Гэвч бүтэлгүйтэж 2000 онд Билль Клинтоны Засгийн газрын дэмжлэгээр Аристид дахин ерөнхийлөгч боллоо.

4 жилийн дараа Аристидийн өөрийнх нь бойжуулсан “Зэрлэгүүдийн арми” Америкийн Элчинтэй нийлж байгаад Аристидийг дахин унагав. Америкчууд Аристидийг баривчлан Төв Африкийн БНУ-д (ТАБНУ) хүргэжээ.  Ингэснээр Преваль ахиад ерөнхийлөгчийн албанд очив. Энэ бүхэн нь улс орны эдийн засгийг доройтуулж шинэ мянганы эхний арван жилийн эцсээр Гайти улс бөмбөрцгийн баруун хэсгийн хамгийн ядуу орон гэсэн гунигт рекорд тогтоов. 2010 оны нэгдүгээр сард аймшигт газар хөдлөлт болж 220 мянган хүн амь үрэгдэв. Орон гэргүй сая сая хүмүүс майхан хотод амьдрах боллоо. Эдийн засгийн байдал туйлдаа хүрлээ.

Чихэрлэг ерөнхийлөгч

Энэ бүхэнтэй зэрэгцээд ээлжит ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Нэр дэвшигчдийн дунд “Чихэрлэг Микки” нэрээр алдартай 50 настай дуучин Мишель Мартелл байв. Мартелл  нь тайзан дээрээс үзэгчдэд нүцгэн бөгсөө харуулдаг, даашинз өмсөж, памперс хийдэг, шөнийн клубтээ бусдаас нуулгүй хар тамхи зардаг “зүггүй” нэгэн байв.

Гэвч санал хураалтын өмнө Мартелли дөрвөн хүүхдийн эцэг, халамжтай хань, сэргэлэн бизнесмен, авьяаслаг жүжигчний дүрд хувиран гарч ирэв. Энэ нь Америкийн PR ажилтнуудын “бүтээгдэхүүн” байлаа. Мартелл компанит ажилдаа Америк, Канад, Европын бизнесменүүдээс мөнгө авч 29 сая долларыг зарцуулжээ. Тэр сонгогчдод хандаж: “Би хулгай хийхгүй. Надад хангалттай мөнгө бий” гэж хэлжээ. Мартелли сонгуулийн компанит ажилдаа ягаан өнгийг сонгож, ягаан өнгийн хувцас өмссөн дэмжигчдээ дагуулж явдаг байлаа. Чихэрлэг Микки олны өмнө үг хэлэхдээ тодорхой ярихаас зайлсхийж, ерөнхий үгээр бөмбөгдөж, бэлэг тараадаг байв.

Гэсэн ч Мартелли хоёр дахь санал хураалтаар ялагдав.  Үүний дараа дэмжигчид нь эсэргүүцэн жагсаж, АНУ, Канад,  Франци, Ямайкийн төлөөллөөс бүрдсэн мониторингийн багийнхан сонгууль булхайтай болсон гэсэн дүгнэлт гаргав. Шахалтад орсон эрх баригч намын нэр дэвшигч Жюд Селестен нэрээ татаж авлаа. Ингэснээр Мартелли хуучин тэргүүн хатагтай Мирланд Манигатай өрсөлдөж ялжээ. Гэвч сонгуульд сонгогчдын зөвхөн 25 хувь оролцжээ. Хэрэв бүх сонгогчид оролцсон бол Мартелли 17 хон хувийн санал авах байлаа.

Чихэрлэг Микки

2011 оны гуравдугаар сард Мартеллийн тангараг өргөх ёслол болов. Ингэснээр Гаитийн түүхэнд анх удаа ерөнхийлөгчийн албан тушаал дайн дажингүйгээр сөрөг хүчинд шилжив. Гэхдээ л ядуусын амьдрал дээшлээгүй.

Шинэ ерөнхийлөгч үнэн төрхөө таниулж Иль-а-Ваш арал дээр аялал жуулчлалын бааз байгуулахын тулд тэнд амьдарч байсан хүмүүсийг хүчээр нүүлгэн шилжүүлж эхлэв. Гаитид өнөөг болтол газрын кадастр гэсэн ойлголт байхгүй бөгөөд газрын худалдааны 95 хувь нь ямар нэгэн албан гэрээгүйгээр хийгддэг. Газраа булаалгасан хүмүүс эсэргүүцэн жагсахад Мартелл тэднийг “бохир амьтад” гэж нэрлэжээ.

Чихэрлэг Микки ерөнхийлөгч болоод жил болоогүй байхад 2012 оны хавар тэр авлигын хэрэгт сэжиглэгдэв. Мартеллийн Засгийн газар ил шахуу авлига авч гадаадын фирмүүдтэй гэрээ байгуулж, гадны тусламжийн хөрөнгийг өөр хоорондоо хувааж иддэг байлаа. Эдийн засаг элгээрээ мөлхөж, ард олон нь ядарч байгаа ч хэсэгхэн нөхдүүд харуул тавьсан орд харшид амьдарна.

Мартелли болохоор дэлхий даяар тэнэж сэргэн мандаж буй Гаити улс, эдийн засгийн гэгээлэг ирээдүйн тухай ярина.

Түүнээс гадна Мартелли армийг дахин байгуулах шийдвэр гаргасан нь хүмүүсийн дунд айдас төрүүлээд байна. Учир нь Чихэрлэг ерөнхийлөгч харгис дарангуйлагч болж хувирч болзошгүй. Гаити улс хэдийгээр бүгд найрамдах улс ч Мартелли парламентыг тарааж, ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулсан учраас түүний гарт бүх эрх мэдэл төвлөрчээ.