Грекийн шинэ Засгийн газар Европын Холбоотой сөргөлдөж эхлэв
Алексис Ципрас
2015.01.29

Грекийн шинэ Засгийн газар Европын Холбоотой сөргөлдөж эхлэв

Өнгөрсөн долоо хоногт болсон Грекийн парламентын сонгуулиар зүүний СИРИЗА эвсэл ялалт байгуулж Алексис Ципрас ерөнхий сайд болсон. Европын холбооны бодлогын эсрэг явдаг Ципрас хуучин холбоотон ОХУ-тай ойртож эхэллээ.

Европын холбооны бодлогын эсрэг явдаг Ципрас хуучин холбоотон ОХУ-тай ойртож эхэллээ.

Хоёр хоногийн өмнө Европын холбооны онцгой хурлын үеэр Украйны Мариуполь хотод болсон мөргөлдөөнтэй холбоотойгоор Оросын эсрэг шинэ хориг тогтоох тухай яригдсан.  Гэвч үүний дараа Ципрас Европын холбооны удирдлагыг Холбооны бүх гишүүдтэй зөвлөлдөхгүй шууд шийдвэр гаргаж процедурыг зөрчлөө гэж шүүмжлэв. Үүгээрээ Грекийн шинэ ерөнхий сайд ОХУ-ын эсрэг шинэ хориг тогтоохын эсрэг байгаа гэдгээ харуулав.

Ципрасын энэ үйлдлийг барууны хэвлэлүүдэд шүүмжлэв. Тухайлбал Францын "L'OBS" сонин Ципрас нь Кремлийн түрэмгий бодлогыг дэмждэг, Оросын талд ордог Европын холбооны цөөхөн лидерүүдийн нэг гэж бичжээ.

Америкийн "CNBC" сонин Грекийн шинэ Засгийн газар Европын холбоотой илт сөргөлдсөнөөр маш аюултай тоглоомд орооцолдож Германы Канцлер Ангель Меркелийг уурлуулж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэв.

Харин Оросын хэвлэлүүдэд Грек Оросын төлөө байна гэсэн өнгө аяс бүхий нийтлэлүүд гарчээ.

Өнөөдөр Брюссельд ЕХ-ны гадаад хэргийн сайдууд цуглаж Оросын эсрэг шинэ хориг тогтоох асуудлыг хэлэлцэнэ. Энэ хурал дээр Грек улс ямар алхам хийх талаар улс төрийн ажиглагчид өөр өөрийн таамгийг дэвшүүлж байна. Ямартаа ч Ципрас ЕХ яагаад шийдвэр гаргах процедурыг зөрчсөнийг тайлбарлахыг шаардана. Гэхдээ бүх гишүүдтэй зөвлөх цаг байгаагүй гэсэн хариу сонсох болов уу.

Европын холбооны чухал шийдвэрүүд, түүний дотор хориг тавих шийдвэрийг бүх гишүүд санал нэгдсэн тохиолдолд гаргадаг. Хэрвээ Грек улс сөрөг санал өгвөл Европын холбоотой дайн зарлалаа гэсэн үг.